Филиппин Өмнөд Хятадын тэнгис дэх БНХАУ-тай булаацалдаж байгаа Наньша арлууд орчмын шүрэн хясааг өөрийн нутаг гэдгийг нотлох баримтыг НҮБ-ын шүүхэд хүргэжээ. Хятад эдгээр хясааг өөрийнх гэдгийг хүлээн зөвшөөрөхийг шаардан зэвсгийн хүчээр хяналтад байлгаж байгаа нь НҮБ-ын Далайн эрхийн конвенцид нийцэхгүй гэж Филиппин үздэг. Гуравдугаар сарын 30-нд Филлипиний Гадаад харилцааны сайд Альберт дель Розарио шүрэн хясааны маргааныг шийдвэрлүүлэхээр олон улсын арбитрын шүүхэд гомдол гаргасан тухайгаа мэдэгдсэн юм. Харин Хятад энэ шүүхэд оролцохгүй гээд хоёр талын харилцаа цаашид муудаж болзошгүй гэдгийг анхааруулсан.
Маргаантай арал, шүрэн хясаанаас болж хоёр улсын харилцаа ойрын үед ихээхэн түгшүүртэй болоод байгаа. Иймд Филиппин зэвсэглэлдээ онцгой анхаарах болсон. Өмнөд Солонгосын “Korea Aerospace Industries” компаниас 420 сая ам.доллараар 12 ширхэг “FA-50”сөнөөгч онгоц худалдан авах гэрээ байгуулсан нь үүний жишээ. Онгоцыг гэрээ байгуулсанаас хойш 38 сарын дотор бүрэн нийлүүлж дуусгах ёстой аж.
Филиппиний зэвсэгт хүчин хуучирсан “F-5”сөнөөгч онгоцтой байж байгаад 2005 онд хамгийн сүүлийн ганцыг зэвсэглэлээсээ хассанаар нэг ч байлдааны онгоцгүй болсон юм. Гэтэл Хятадын зэвсэгт хүчин 1500 гаруй байлдааны онгоцтой, өөрсдөө байлдааны онгоц үйлдвэрлэдэг төдийгүй экспортод нийлүүлдэг. Иймд Филиппиний хувьд Өмнөд Солонгостой байгуулсан гэрээ нэн чухал ач холбогдолтой. “FA-50” сөнөөгч онгоц нь дөрвөн тонн гаруй пуужин, бөмбөг зүүх чадвартай, 20 мм-ийн их буугаар зэвсэглэсэн бөгөөд цагт 1,6 мянган км хүртэл хурдлан, 1,9 мянган км зам туулах чадвартай, шөнийн харааны хэрэгсэл, өөрийн радартай.