Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн хүүхдүүд “Дэлхийн монгол хүн болцгооё” сэдвээр ханын сонин гаргах санаачилга гарган уралджээ. Кембрижийн стандартыг баримжаалан ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын түвшинд нийцүүлэн өөрчлөх, шинэчлэх ажилд хүүхдүүд үзэг харандаа барин хувь нэмрээ оруулсан нь энэ. Дэлхийн 120 гаруй орны 5000 гаруй их, дээд сургуульд элсэн орох буюу Монголд эзэмшсэн дунд боловсрол олон улсад зөвшөөрөгдөх шинэ боломжийг 7-11 дүгээр ангийн сурагчид өөдрөг маргааш, сайхан ирээдүй гэж төсөөлж буйг уралдаанд ирсэн хорин бүтээлийн гол санаа, өвөрмөц шийдлээс харж болохоор байв. Монгол хэл, соёлоо өөриймшүүлэн эзэмшихийн хамт олон улсын хөтөлбөрөөр суралцан, дэлхийн хүн болох, ирээдүйд эзэмших мэргэжил, авьяас сонирхлынхоо дагуу хичээлээ сонгон үзэж эртнээс бэлтгэх, гүнзгийрэх уян хатан боломж хүүхдүүдэд хамгийн их таалагджээ. БСШУЯ-ны харьяа “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” нэртэй, олон улсын лаборатор гурван сургуульд эцэг эхийнхээ төлбөрийн чадвараас үл хамааран, элсэлтэд тэнцэж чадвал ялгаварлалгүй суралцаж болох шударга байдал, үндэсний болон Кембрижийн гэсэн хоёр гэрчилгээтэй төгсөх боломж сурагчдад бас гоё санагдсан гэж байна.
Ханын сонины уралдааныг дүгнэж, шагнал гардуулахаар ирсэн, БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг “Олон улсад өрсөлдөх чадвартай боловсролыг Монголдоо нэвтрүүлэх ач холбогдлын талаар оюун ухаанаа уралдуулсан хүүхдүүд та нарт баярлалаа. Хүүхдүүд та бүхэн Монгол эх орныхоо маргаашийг илүү хүчирхэг, хөгжил дэвшилтэй, өөрсдийнхөө ирээдүйг өөдрөг гэгээнээр харж төсөөлж байгаа юм байна.Та нар эх орныхоо ирээдүйн эзэд гэдэгтээ итгэлтэй байгаа нь сайхан хэрэг. Кембрижийн стандартыг баримжаалсан шинэчлэл Монголд хөгжил дэвшил авчирна. Олон улсад зөвшөөрөгдсөн Монголын онцлогтой боловсрол мөрөөдөл биш. Нэгэнт хэрэгжээд эхэлчихсэн ажил, манай улс хоёр жилийн дараа олон улсад зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрт шилжинэ. Таван жилийн дараа нэг биш бүх сургуульд энэ бүхэн бодитой ажил хэрэг болно” гэж хэллээ. Харин Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн захирал А.Мөнхчимэг “Манай есдүгээр ангийн сурагчид санаачилга гарган, “Шинэ Эрин” сургуультай танилцсан. Энэ удаа ханын сонины уралдаан зарлаж, дэлхийн монгол хүн болохын төлөөх хүсэл мөрөөдлөө зурж хайчилж, будаж бичиж илэрхийллээ” гэж ярьсан юм.
Уралдааны тусгай байр эзэлсэн 7в ангийн сурагч Ч.Тэмүүлэн охин бүтээлдээ дэлхийн бөмбөрцгөн дээр монгол гэж бичсэн байх бөгөөд ертөнцийн гайхамшгийг бүтээх шинэ үе эндээс төрнө, үндэсний болон олон улсын дунд боловсролын гэрчилгээтэй төгсөх боломжийг хөтөлгөөтэй морьтой хүнээр илэрхийлэн, чөлөөтэй сэтгэж зуржээ. Харин бас нэг тусгай байрын эзэн болсон 9б-гийнхэн англи хэлний танхимдаа хичээллэж байгаа хүүхдүүд дэлхийн үе тэнгийнхнээсээ дутахгүй, хувьз аяаныхаа эзэд болж байгаа тухай мөрөөдлийг дүрсэлсэн байна. Уралдаанд С.Даваацэрэн багштай, 9в ангийнхан түрүүлж, иж бүрэн компьютерээр шагнуулсан юм. Дэлхийн бөмбөргөн дээр номын хуудас дэлгэгдэнэ. Нэг хуудас нь монгол бичигтэй үндэсний онцлогтой, нөгөө нь дэлхийн хуудас. Дэлхийд алдартай, Японы хүүхэлдэйн киноны “Сарны дайчин” охиныг дүрсэлжээ. Монгол жаал дэлхийд танигдах өдөр ирнэ гэж тэд бодсон гэнэ.
“Хуудас ханын цаас жаал хүү аваад Хурмаст тэнгэрийг нартай нь зурлаа” дууг өнөөгийн эцэг эхчүүд дуулж өссөн, зурж бичиж хүн болцгоосон. Тэгвэл өнөөдөр хүүхдүүд нь дэлхийн монгол хүн болох хүсэл мөрөөдлөө илэрхийлж, бяцхан гартаа харандаа цаас аван зурж байна.