Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украйны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид тодорлоо

Ирэх тавдугаар сарын 25-нд Украйнд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгчид тодорлоо. Нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа багагүй дуулиан, шуугиантай болсон юм.

 “УДАР” намын дарга Виталий Кличко анхны дуулианы эзэн болов. Тэрээр сонгууль улс орныг нэгтгэх ёстой гээд ардчилсан хүчин нэгдэж, дундаасаа нэг нэр дэвшигч сонгох нь зүйтэй тул нэрээ татаж тэрбумтан Петр Порошенког дэмжиж байгаагаа мэдэгдэв. Кличко нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй ч нийслэл Киевийн мэрийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлжээ.
Киевийн Софийн талбай дээр “Батькивщина” намын хурал болж өнгөрлөө. Шинэ Засгийн газрын гаргасан анхны шийдвэрүүдийн нэг нь энэ намыг үүсгэн байгуулагч, тэргүүлэгч Юлия Тимощенког шоронгоос суллах шийдвэр байсан юм. Тимощенко Германд эмчилгээ хийлгэж ирээд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухайгаа мэдэгдээд байсан. Чөлөөт хэлбэрээр болсон хурал дээр тэрээр үг хэлэхдээ Украйныг хүчирхэг армитай болгоно, авлига ба олигархуудын ноёрхолтой тэмцэнэ гээд “Путин манай улсыг нэгтгэж өглөө” гэжээ. Мөн Крымийн хойгийг Украйнд эргэн нэтгэнэ гэсэн байна. Тэрээр “Крымийг булааж авсны дараа бидний өгсөн хариу хангалттай хүчтэй байсангүй. Хэрэв ард түмэн намайг Ерөнхийлөгчөөр сонговол би Украйны газар нутгаас сөөмийг ч тулаангүйгээр  өгөхгүй. Бид зэсвгийн хүчээ бэхжүүлэн, өргөжүүлэх ёстой” гэжээ.

“Солидарность” намын хурал Виницид болов. Хурал дээр үг хэлсэн Порошенко улсад нь орчин үеийн хүчирхэг арми, иргэн бүрийн эрхийг хамгаалж чаддаг хууль сахиулах байгууллага хэрэгтэй байна гэв. Мөн өөрийн нутаг Виницид хийсэнтай адил арга хэмжээ авч улс даяар шинэ ажлын байр бий болгоно гэж амлалаа. Петр Порошенко нь тэрбум ам.доллар давсан хөрөнгөтэй, Украйны хамгийн баян хүмүүсийн нэг. Тэрээр амттан үйлдвэрлэгч “Roshen” компанийн эзэн. Өнгөрсөн оны сүүлээр эхэлж төрийн эргэлтээр дууссан  “Майдан”-ын идэвхтэй оролцогч, ивээн тэтгэгч байсан юм.

Хуучин эрх баригч нам болох “Бүс нутгийн нам”-ын хурал хамгийн ээдрээтэй болж өнгөрлөө. Дээр дурдсан гурван гол өрсөлдөгчдийнхөө адилаар нээлттэй хурал хийж нэр дэвшигчээ тодруулна гэж байтал гэнэт сэтгүүлчдийг ч оролцуулалгүй хаалттай хуралдаж эхэлжээ. Хурал дээр Виктор Янукович тэргүүтэй хуучин удирдлагыг намаас хөөж, намыг хамтран удирдах шинэ системд шилжиж байгаагаа зарлав. Ингээд удтал маргасны эцэст одоогоор гэрийн хорионд байгаа Михаил Добкинийг намын өмнөөс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр сонголоо.

“Эрх чөлөө” намаас удирдагч Олег Тягнибокийг нэр дэвшигчээр сонгосон бол хэт үндсэрхэг үзэлт “Баруун сектор” намаас Дмитрий Ярош нэр дэвшив.
Үүнээс гадна хэд хэдэн бие даан нэр дэвшигч гарч ирлээ. Тухайлбал, “Майдан”-ы оролцогчдод эмнэлгийн анхны тусламж үзүүлж байсан эмч Ольга Богомолец, Коммунист намын Петр Симоненко гэх мэт. Гэхдээ олны анхаарлыг хамгийн их татсан нэр дэвшигч нь “Интернэт нам”-аас нэр дэвшсэн Дарт Вейдер байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуульд 19 нэр дэвшигч албан ёсоор бүртгүүлжээ.

Нэр дэвшигчдийн ялах магадлалыг тодруулахын тулд социологийн байгууллагууд хүн амын дунд санал асуулга явуулахад нийт оролцогчдын 24,8 хувь нь Петр Порошенког дэмжинэ гэсэн бол Тимощенког ердөө 8,2 хувь нь дэмжинэ гэжээ. Өрсөлдөөнөөс нэрээ татсан Кличког 8,9 хувь нь дэмжинэ гэж байсан. Харин Кличко ийнхүү Порошенког дэмжинэ гэсэн болохоор түүний “УДАР” намын төлөө саналаа өгөх байсан хүмүүс тэрбумтаны “Солидарность” намын талд саналаа өгөх нь тодорхой болов. Үүнтэй холбоотойгоор Порошенко хэвлэлийн бага хурал хийлгэхдээ сонгуулийн эхний тойрогт ялалт байгуулах боломжтой боллоо гэсэн юм.

Бусад нэр дэвшигчдийн ялах магадлал тун бага байгаа тул сонгууль Порошенко ба Тимощенко гэсэн хоёр хүний хооронд явагдана гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Тимощенкогийн төлөө саналаа өгөх хүмүүсийн хувь бага байгаа ч энэ хатагтай ер нь бууж өгдөггүй, эцсээ хүртэл тэмцдэгээрээ алдартай болохоор энэ удаагийн сонгууль “Майдан”-аас дутахааргүй дуулиан шуугиантай болж өнгөрөх нь гарцаагүй боллоо.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан