Украйны Ерөнхий сайд асан Юлия Тимошенко ирэх тавдугаар сарын 25-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлалаа. Авлига, албан тушаалын хэргээр шоронд бараг хоёр жил хоригдож, эрүүл мэнд нь дордсон Юлия Тимошенко эрх чөлөөтэй болсноос хойш нэг сарын дараа ийнхүү улс төрийн карьераа үргэлжлүүлэхээр шийдсэнээ дэлхий нийтэд зарлаж байна. Одоо мэдэгдээд байгаагаар боксын рингнээс улс төрд орсон Виталий Кличко мөн Ерөнхийлөгсийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм.
Ю.Тимошенко дахин улс төрд хүч үзэх болсон шалтгаанаа Украины улс төрд бугласан бохир заваан, хууль ёс, дэг журам алдсан эмх замбараагүй байдлыг мэдэх улстөрч надаас өөр байхгүй хэмээн тайлбарлажээ. Тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдвол Орост нэгдээд байгаа Крымыг буцаан Украины нэг хэсэг болгож чадна хэмээн найдаж байгаа аж.
Ю.Тимошенко 2010 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд саяхан суудлаасаа унасан В.Януковичид ялагдсан юм.