Үр шилжүүлэх суулгасны дүнд мэндэлсэн дөрвөн ихэр хүүхэд мэндлэх нь хоёр саяд нэг тохиолдох ховор үзэгдэл. Тэгвэл тэр ховор тохиолдын нэг болсон Их Британийн дөрвөн ихэр хүүхэд нэг насны ойгоо тэмдэглэжээ. Тэдний эцэг эх Кристин, Жастин Кларк нар 2004 онд гэрлэснээсээ хойш үр хүүхэдтэй болох гэж хүсч байсан ч эхнэрийнх нь эрүүл мэндийн шалтгаанаас хүүхэдтэй болж чаддаггүй байжээ. Янз бүрийн эмчилгээ хийлгэсний эцэст горьдлого бараг тасраад байх үедээ тэд үр шилжүүлэн суулгахаар шийдээд, эхний удаагийн оролдлогоор л үр тогтоож чадсан байна. Тэгэхдээ бүр дөрвөн ихэр шүү. Уг нь Кристенд нэг л эс суулгасан боловч тэр нь гурав хуваагдаж, тэр гурвынх нь нэг нь дахин нэг хуваагдаад, нийтдээ дөрвөн ихэр бүрэлдсэн байна.
Ингэж хуваагдсан эс өөрөө дахин хуваагдсан нь эмч мэргэжилтнүүдийг гайхашруулж, ёстой зүүд зэрэглээ шиг юм хэмээн итгэж ядаж байжээ. Дөрвөн ихэр ээжийнхээ хэвлийд эрүүл саруул бойжиж, өнгөрсөн оны гуравдугаар сард мэндэлсэн бөгөөд нэг сар гаруй хугацаанд эмнэлэгт асарч сувилуулаад гарсан байна. Одоо тэд бусад хүүхдүүдээс онцын ялгаагүй, эрүүл саруул өсч торниж байна.