Украйны шинэ Засгийн газар зүүн нутагт хүч аваад байгаа салан тусгаарлах, Оростой нэгдэхийн уриалсан хөдөлгөөнийг дарахын тулд гадаадын цэргийн хувийн компани хөлслөхөөр болсон тухай “ИТАР-ТАСС” агентлагт Украйны аюулгүй байдлын албаны эх сурвалж мэдэгджээ.
Зүүн Украйнд сүүлийн өдрүүдэд Оросыг дэмжсэн, Украйны үндсэрхэг үзэлтнүүдийг эсэргүүцсэн олон арван жагсаал болсон. Аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн зүүн хэсгээ алдахгүйн тулд арга буюу ийм арга хэмжээ авахад хүрч байгаа аж. Учир нь, Оросыг дэмжсэн үзлийг дарах, энэ үзлийг өдөөж байгаа удирдагчдыг баривчлах, аюулгүй болгоход Украйны аюулгүй байдлын албаны хүч, бололцоо хүрэлцэхгүй гэж үзжээ.
Ийм саналыг Днепропетровск ба Донецк мужийн захирагчдаар томилогдсон Коломойский, Таруте гэсэн хоёр олигархи анхлан гаргасан байна. Хоёр олигархийн удирдаж байгаа мужуудад Оросыг дэмжих, салан тусгаарлах үзэл хамгийн хүчтэй байгаа болохоор арга ч үгүй биз. Чамлахааргүй хөрөнгөтэй хүмүүс тул шаггүй үнэтэй хөлсний цэргүүдийн зардал мөнгийг өөрсдийн халааснаас ч гаргахыг үгүйсгэх аргагүй.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Турчиновтой уулзах үеэр Коломойский “Хэдийг яаж төлөх нь ойлгомжтой, бодит чадвартай хүмүүс байхад өөр арга зам хайж зовох хэрэг байна уу” гэж мэдэгдсэн гэнэ.
Одоогоор “Greystone Limited” гэдэг хувийн цэргийн компанийг хөлслөх тухай яригдаж байгаа юм байна.
Тус компани Барбадос аралд бүртгэлтэй бөгөөд өөрийн салбараараа дамжуулан дэлхийн олон орноос албанаасаа халагдсан, ажилгүй болсон, тэтгэвэрт гарсан мэргэжлийн цэргийн албан хаагчдыг хөлсөн авдаг. Өөрийн сайт дээрээ дэлхийн ямар ч цэгт үйл ажиллагаа явуулах чадвартай хамгийн шилдэг цэргүүдийг гаргаж чадна гэжээ. Эдгээр цэрэг нь олон хүн шаардсан томоохон хэмжээний байлдааны ажиллагаанаас эхлээд бүс нутгийн аюулгүй байдлыг хангах хүртэл бүх төрлийн үйлчилгээ үзүүлнэ чаддаг. “Greystone Limited” нь дэлхийд алдартай “Academi” хувийн цэргийн компанийн охин компани. “Academi” нь анх 1997 онд “Blackwater” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Хууль сахиулах болон байлдааны ажиллагааг бэлтгэх ба дэмжих зориулалттай. Үүсгэн байгуулагчид болон салбаруудын захирлууд бүгд Америкийн аль нэгэн тусгай хүчинд алба хааж байсан, алан хядах ажиллагаатай тэмцэх байлдааны болон зохион байгуулах туршлагатай цэргийн албан хаагчид, нууц албадын ажилтан байжээ.
Энэ компанийн хөлсний цэргүүд Афганистан, Ирак гээд Америкийн дайтаж байсан улсуудаас эхлээд маш олон оронд яжиллагаа явуулж байсан түүхтэй.
Армитай нягт уялдаа холбоотой ажиллагаа явуулдаг тул орлогынх нь 90 хувийг Засгийн газрын захиалга эзэлж байдаг. Тухайлбал, Иракт Америк болон бусад орны дипломат ажилтнуудын аюулгүй байдлыг хангах захиалгаар ажиллаж байсан төдийгүй шинээр байгуулагдсан Иракийн арми ба цагдаагийн ажилтнуудын сургалтыг зохион байгуулсан.
Дэлхийн хамгийн халуун цэгүүдэд ажилладаг тул хохирол ч их амсдаг. Иракт гэхэд энэ компанийн 780 хөлсний цэрэг амиа алдсан гэсэн тооцоо бий. 2007 онд Америкийн дипломатуудыг хамгаалж байсан хөлсний цэргүүд иракчуудын жагсаалыг тараахын тулд гал нээж 17 хүний аминд хүрч, 18 хүнийг шархадуулсны дараа тэдний тухай мэдээлэл маш их гарах болсон. 2005-2007 онд энэ компанийн хөлсний цэргүүд Иракт 195 удаа буудалцсанаас 85 хувьд нь эхлэн гал нээж байсан гэсэн тоо байдаг. Энэ болон бусад хэргээс болж Иракийн Засгийн газар“Blackwater”-ыг хөлсний цэргүүдийг улсаасаа албадан гаргаж эхэлсэн юм. Иймд компани цаашид нэр хүндээ унагахгүй, олны анхаарлыг татахгүй гэсэндээ нэрээ өөрчлөн “Xe Services LLC” болгосон ч удалгүй ахин өөрчилж “Academi” болсон юм.
“Academi” хувийн цэргийн компани зөвхөн Афганистан, Ирак гэх мэт халуун цэгт үйл ажиллагаа явуулахаар хязгаарлагддаггүй. “Катрина” шуурганы дараагаар сүйрсэн нутагт дээрэм тонуул газар авахад Засгийн газраас энэ компанийн цэргүүдийг хөлслөн авч улсын чухал объектүүдийг хамгаалуулж байсан удаатай. Тэр үед компани нь хоногт 240 мянган ам.долларын төлбөр авч байжээ.
Мөн Сомали гэх далайн дээрэмчид ихтэй газраас тээвэр хийдэг компаниуд цэргүүдийг нь хамгаалтаар хөлслөн авдаг. Нигер зэрэг зэвсэгт босогчид ихтэй газар газрын тос гэх мэт байгалийн баялаг олборлодог том компаниуд тэднийг хөлслөн авдаг.
Үүнээс гадна “Academi” нь олон орны Засгийн газартай гэрээ байгуулан тусгай хүчнийг нь бэлтгэдэг. Жишээлэхэд, Азербайжан, Афганистан, Гүрж, Иракийн тусгай хүчнийг бэлтгэсэн гэж үздэг. Афины тоглолтын өмнө Грекийн цагдаагийн тусгай хүчнийг бэлдсэн. Дэлхийн хамгийн том, хамгийн хүчирхэг хувийн арми гэж болно.
Дотроо маш олон салбартай. Техник хангамжаар хувьдаа нисдэг тэрэг, тээврийн нисэх онгоц, усан онгоцтой, бэлтгэл хийх хуурай газрын болон хиймэл усан сан бүхий талбайтай, хуягттай машинтай төдийгүй, хуягт зохион бүтээх товчоотой, нисгэгчгүй автомат нисэх төхөөрөмж бүтээдэг товчоотой, хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх тоног төхөөрөмж үйлдвэрлэн улс орнуудад зарахаас гадна бие бүрэлдэхүүнийг сургадаг гээд дэлхийн хэр баргийн армид байдаггүй өндөр чадвартай, үйлдвэрлэлийн баазтай хувийн компани.
Мэдээ өчигдрөөс л хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж байгаа ч энэ сарын эхээр “Интефакс” агентлаг хувийн цэргийн “Greystone Limited” компанийн 300 гаруй хөлсний албан хаагчийг Киев хотод төвлөрүүлээд байгаа тухай мэдээ цацаж байв. Эдгээр 300 орчим хөлсний цэрэг байлдааны хамгийн сүүлийн үеийн хувцас хэрэглэлээр тоноглогдсон бөгөөд дийлэнх нь Америкаас ирсэн, бүгд Ирак, Афганистан, Сомали гэх мэт халуун цэгт үйл ажиллагаа явуулсан туршлагатай гэж дурдаж байсан юм.
Хувийн цэргийн компани нь гурван туулайг нэг сумаар буудах боломж олгож байна. Нэг талаас Америк нь Украйнд Засгийн газрын цэргээ оруулахгүй гэсэн амандаа хүрнэ. Нөгөө талаас Украйнд хувийн компанийн мэргэжлийн олон зуун цэрэг оруулахыг Америк зөвшөөрснөөр шинэ Засгийн газрыг дэмжсэн.
Дээр нь хөлсний цэргүүд эсэргүүцлийг дарах явцад харгислал үйлдвэл Украйны Засгийн газар хариуцахгүй. АНУ-ын Засгийн газарт ч хамаагүй. Бүх хариуцлагыг хувийн цэргийн компани хүлээнэ.