Найз бүсгүйгээ хөнөөсөн хэргээр шүүгдэж байгаа паралимпын аварга Оскар Писториус болон түүний гарт амь үрэгдсэн найз бүсгүй Рийва Стинкамп хоёрын гар утасны мессэжүүдийг шүүх хурлын үеэр дэлгэжээ. Хэрэг гарахаас 20-иод хоногийн өмнө хос хоёрын бичсэн мессэжээс үзвэл Оскар Писториус хартай, ширүүн ааш зантай болох нь харагдаж байгаа аж. Түүний найз бүсгүй “Заримдаа би чамаас айдаг. Чи яаж надтай тэгж харьцаж чадав аа” хэмээн нэг мессэждээ бичсэн байсан бол өөр нэг зурвастаа “Чи намайг хамгаалах ёстой хүн байтал харин ч эсрэгээрээ халдаж байна” гэсэн байж.
Мөн тэд Рийва Стинкампын найзын сүй тавих ёслолд очоод муудалцаж, гарч ирсэн тухайгаа ч мессэжээр бичсэн байна. Рийва бичихдээ “Би өөрийгөө хатагтай гэж үзэж, хүндэлдэг. Чи надтай өнөө оройных шиг харилцах ёсгүй байсан юм. Би чамайг аз жаргалтай байлгахын тулд хамаг чадлаараа хичээдэг ч заримдаа тэр бүхнийг огтхон ч тоохгүй байгаа мэт санагдах юм” гэсэн бол түүний хариуд Писториус найз бүсгүйгээ өөр залуутай ярилцаад, өөрийг нь тоохгүй байгаад хардсандаа тийм зүйл хийлээ, уучлаарай хэмээн бичиж байжээ. Энэ мэтчилэн тэдний харилцсан мессэжээс харвал Оскар Писториус хардах зан болон түргэн уураасаа болж найз бүсгүйгээ цөөнгүй удаа гомдоож байсан бололтой. Гэхдээ өнгөрсөн оны Валентины баярын шөнө найз бүсгүйгээ хөнөөсөн нь санаатай үйлдэл байв уу, эсвэл өөрийнх нь хэлж буйгаар гадны хүн гэрт нь орж ирсэн гэж андуураад буудчихав уу гэдэг нь хараахан тодорхой болоогүй байгаа юм.