АНУ-ын зэвсэгт хүчин Афганистанд олон мянган байлдааны техник, түүний дотор хуягт машин, туулах чадвар өндөртэй жип, ачааны машин ашигласан байдаг. Гэтэл энэ жил Афганистанаас цэргээ бүрэн гаргаж дуусахтай холбоотойгоор энэ их техникийг тээвэрлэх асуудал хурцаар яригдаж эхэлжээ. Америкийн цэргийнхэн тээвэрлэх ба хадгалах зардал зэргийг тооцож үзээд 4000 гаруй хуягт машиныг зайлшгүй эргүүлэн авах шаардлагатай биш гэжээ. Өөрөөр хэлбэл 4000 гаруй “Humvee” байлдааны жип, “MRAP” минийн эсрэг хамгаалалт бүхий хөнгөн хуягт, ачааны машин зэргийг Америкт онцын шаардлагагүй гэсэн байна.
Иймд Афганистан дахь Америкийн цэргийн командлагч Данфорд генерал энэ олон хуягт, ачааны машин болон жийпийг хэрхэхийг шийдэх амаргүй асуудалтай тулгарч. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар генералд эдгээр машиныг ойрын хугацаанд найрсаг харилцаатай орнуудад худалдах, чадахгүй бол Афганистанаас гарахдаа бүгдийг нь устгах гэсэн хоёр арга зам л үлдэж.
Харин Афганистаны зэвсэгт хүчинд шилжүүлэн өгөх боломжийг шууд үгүйсгэв. Афганчуудыг “MRAP” мэтийн өндөр үнэтэй, арчилгаа шаардсан машиныг засч, сэлбэж чадахгүйн дээр дотор нь суулгасан бичил компьютерийг ажиллуулж чадахгүй гэж үзсэн хэрэг.
Мөн америкчууд болон олон улсын цэргийн хүчнийг гарсны дараа Афганистаны засгийн эрхийг Америкийн заналт дайсан “Талибан” хөдөлгөөн авах магадлал маш өндөр байгаа. Хэрэв тийм бол америкчууд дайснаа хамгийн сүүлийн үеийн техникээр хангасан хэрэг болно.
Цэргээ гаргах хугацаа хараахан болоогүй тул машинуудыг худалдаж авах саналыг холбоотнууддаа тавьсан ч тун цөөн нь авах хүссэлтэй илэрхийлсэн аж. Гэхдээ хүсэлтээ илэрхийлэх нэг хэрэг харин авах өгөх үнэ, тээвэрлэлт зэргээ тохиролцох нь өөр хэрэг болохоор бодит гэрээ байгуулсан улс байхгүй бололтой.
Худалдахаар санал болгож байгаа техникийн дотор зөвхөн “MRAP” минийн хамгаалалт бүхий хуягт машин гэхэд 1230 ширхэг байгаа аж. Эдгээрийн нэг тус бүрийг нь АНУ-ын Батлан хамгаалах яам цагтаа сая ам.доллараар худалдан авч байжээ. АНУ 2006 оноос хойш 50 сая гаруй ам.доллараар “MRAP” минийн хамгаалалт бүхий 25 мянган хуягт худалдан авсан. Одоо ашиглаж байгаагаасаа 7400-г нь жагсаалаас гаргаж устган 8500-г үлдээнэ. Үлдсэн машинаас 2400 гаруйг сайжруулан өөрчлөөд тогтмол ашиглах бол 1000 орчмыг сургуулийн зорилгоор ашиглаж үүнд 1,7 тэрбум ам.доллар зарцуулна. Харин 5000 гаруйг нь гол төлөв хилийн чанадад байрладаг баазууддаа хадгалах аж.
Найрсаг харилцаатай улсууддаа санал болгосон гэхийг бодвол манай Батлан хамгаалах яаманд ч худалдан авах санал тавьсан байх магадлалтай.