Хятадын Юннан мужийн эмнэлэгт нэг цэцэрлэгийн 76 хүүхэд эмнэлэгт хүргэгдэж, хоёр хүүхэд нас баржээ. Өвдсөн хүүхдүүд цэцэрлэгийнхээ уснаас хордсон нь тодорхой байгаа аж. Цагдаа нарын сэжиглэж байгаагаар цэцэрлэгийн усны хоолой руу өрсөлдөгч цэцэрлэгийнх нь менежер хулганы хор хийсэн бололтой.
Өнгөрсөн баасан гарагт хүүхдүүд гэнэт л бөөлжиж, ухаан алдаж эхэлсэн гэнэ. Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч эмч нар эхэндээ хордлогын шалтгааныг олохгүй, хоёр ч хүүхэд амиа алдсан байна. Хүүхдүүд цэцэрлэгийнхээ уснаас биш, өөр зүйлээс хордсон байж болзошгүй ч энэ явдал өрсөлдөгч хоёр цэцэрлэгийн бизнесийн маргаанаас үүдсэн гэж хохирогчид үзэж байгаа аж. Ойролцоо байрладаг хоёр цэцэрлэгийн удирдлагууд менежментээсээ болж ихээхэн хэрүүл шуугиан дэгдээж байжээ.
Хятадад өмнө нь ч өрсөлдөгчөө унагах гээд хүний эрүүл мэндийн хохироосон ийм хэрэг гарч байсан удаатай. 2004 онд нэг үйлдвэрийн нарийн боовонд 70 гаруй хүн хордсон нь өрсөлдөгчийнх нь хорлонтой үйлдэл байсан нь илэрсэн юм. Дээрх цэцэрлэгийн усыг хордуулсан гэж таамаглаж байгаа хулганы хорыг хүний амь насанд хүртэл аюултай гэж үзэн 1984 оноос хэрэглэхийг хориглосон ч хийхэд амархан учраас хятадууд одоо хүртэл нууцаар хэрэглэсээр байгаа аж. Энэ хор өнгө, үнэргүй учраас хохирогчид юу ч мэддэггүй байна.