Хятадын хууль хатуу чанга, авлига авсан нэгнийг өршөөж энэрэхгүй, олны нүдэн дээр сөхрүүлж байгаад цаазаар авдгийг бүгд мэднэ. Гэвч хуулийн хатуу бодлого нь Монголтой хил залгаа Эрээн хотод огт хэрэгждэггүй нь хачирхалтай. Хэдэн бор төгрөг олох санаатай Замын-Үүд, Эрээний хооронд хүн тээвэрлэдэг жолооч нараас Хятадын хилийн цэргийн харуул нь хүртэл ил цагаанаар авлига авах аж. Миний суусан машины жолооч Хятадын хилийн хашааны үүдэнд ирээд харуул цэрэгт “50 юань” гэсэн бичиг үзүүлж, ханцуй руу нь мөнгө шургуулж харагдав. Цаадах нь ч хятадаар хэдэн үг чангахан дуугараад инээгээд үлдэх юм. Учрыг жолоочоос асуувал “Өө ингээд өгөөд сурчихсан юм аа. Хилийн хашаа руу орох автобусны билетийн дайтай жижиг цаасны төлөө тэр шүү дээ. Өгөхгүй бол биднийг элдвээр харааж загнана, чангална, оруулахгүй буц гэнэ.
Бусадтай нь ойлголцоод байдаг ч саяын цэрэг огт монгол хэл мэдэхгүй болохоор хэцүү байдаг юм. Харин цаасан дээр 50 юань гэж бичих санаа төрсөн маань их зөв юм боллоо” хэмээнэ. Энэ ч яахав ах хүүгийн бичиг баримт “nо”-той болоод л аргалж буй хэрэг биз гээд өнгөрлөө. Гэтэл Хятадаас Монгол руу буцах үед хятад цэргүүд авлига авдаг болох нь тов тодорхой батлагдав. Эрээнээс хил рүү орох үүдэнд өвөр монгол залуус машинаас машин руу гүйлдэж жолооч нараас мөнгө хураана.
Энгийн хувцастай эдгээр залуу зуучлагч гэнэ. Тэд монгол жолоочоос авсан мөнгөнийхөө тодорхой хувийг цэргүүдэд өгдөг аж. Энд Хятадын хатуу хууль үйлчилдэггүй боловч цэргүүд нь эрх биш төрийн хувцас өмссөн учир элдэв хэл амнаас болгоомжлохдоо найз нөхдийгөө бие төлөөлөгч болгон дэргэдээ ажиллуулж буй нь энэ. Жолооч ах нэгэн зуучлагч өвөр монгол залууг танимхайран өнөөх хэдэн борыгоо атгуулсан боловч хилийн үүдний харуул цэрэг ууртайгаар “хурдан буц” хэмээн загнах нь тэр. Урт дараалалд удаан зогссон машин маань арайхийн орох ээлж нь ирсэн ч цэргийн ширүүн авирт дийлдэн хашаанаас буцаж гаран өнөөх л урт дарааллын ард дахин очиж зогсов. Жолооч ах “Энэ муусайн өвөр монголчууд нь авсан мөнгөө цэргүүддээ өгөөгүй юм байна л даа. Тэгээд л цэргүүд нь ууртай байгаа байхгүй юу” хэмээн учирлана.
Вагоноос хоцорчих вий хэмээн яарсан бид дахин хөөгдөж, дугаарлах болчих вий хэмээн битүүхэн түгшсээр ээлж болоход ууртай цэрэг дээр дахин ирэв. Хэдхэн минутын өмнө ямар ч найраа байхгүй “буц” хэмээн загнаж байсан цэрэг энэ удаа юу ч хэлсэнгүй. Автобусны тасалбар шиг жижигхэн цаасаа өгөөд үлдэв. Ийн ил цагаанаар хятад цэргүүдэд авлига өгч буйг жолоочоос асуулгүй өнгөрч чадсангүй. Жолооч хэлэхдээ “Хүний норм хэтрүүлсэн болохоор мөнгө өгөхгүй бол болохгүй. Бид чинь орж гарахдаа татвар хураамж, авлигад нэг талдаа л дор хаяж 45 мянган төгрөг төлдөг болохоор нормоороо 3-4 хүн аваад гарвал ямар ч ашиггүй. Тийм болохоор нэг, хоёр хүн илүү аваад авлига өгч явсан нь дээр” гэх. Төрийн хувцас өмссөн хятад цэргийн төмөр нүүр мөнгө харахаараа өөр болдог юм билээ.
Орлогынхоо олонхийг хураалгасан ч овоо юмтай үлдэгсэд
Замын-Үүдээс Эрээн хүртэлх дөрөвхөн километр газрыг туулахдаа хөөрхий “халтуурчид” элдэв татвар хураамжид хэчнээн их мөнгө төлж буйг хараад гайхах, өрөвдөх зэрэгцэв. Хилээс арай наахна байдаг гурвын хаалт дээр жил гаруйн өмнөөс “тээврийн бирж” гардаг болсон нь мөлжүүрийн эхний хэсэг. Монголын талаас Авто тээврийн газар, Хятадын талаас Өвөр монголын тээврийн яамны тамгатай нэлээд их үг үсгийн алдаатай бичгийг хүн тээвэр хийж буй жолооч нар заавал авах ёстой. 5000 төгрөгийн үнэтэй бичгийг өглөө 07:00, өдөр 14:00 цагт л олгоно. Өдөр бүр биржийн бичиг авах гэж дугаарлаж, бас таван мянгыг төлөх нь жолооч нарын хувьд хүнд тусах болж. Энэ тухай тэд “Тээврийн бирж чинь Эрээн хот руу автобус явуулдаг газар л даа. Жижиг тэрэг бүгд биржээс бичиг авах гэж дугаарлаад вокзал дээр байхгүй. Энэ үед хүмүүс автобусанд нь суухаас өөр аргагүй болно гэдгийг тооцож өглөө 07:00 цагт бичгээ өгч байгаа юм” гэв.
Биржийн бичгээ авсан нэг нь олдуул хэдэн хүн суулгаж аваад хилийн зүг гарна. Дараагийн мөлжүүрийг яг хэн нь хийж буйг мэдэх гээд чадсангүй. Юутай ч 10 мянган төгрөг хураадаг бас нэг газар байдаг юм билээ. Хил дээр ажилладаг байгууллагууд нь эрх мэдлээ булаацалдаж, бие биенээсээ өрссөн цензур тогтоож хоморгонд нь “халтуурчид” өртөх болжээ. Энд төдийг, тэнд тэдийг гэсээр хураалгах татвар төлөөсийг нь гярхай ажиж явсан би ч сүүлдээ тоогоо алдав. Хятадын хилийн үүдний харуулд 50 юань авлигад, нэвтрэхдээ жолооч бүр 80 юань /буцахдаа 100 юань/ татварт гэхчлэн өгнө. Жолоочоос нийт хэдэн төгрөг авлига, татвар, хураамж болгоод өгчихөв өө гэж асуухад, “Монголоос Хятад руу гарах бол 220 орчим юань, харин буцахдаа бүр илүүг л өгнө шүү дээ. Монгол мөнгөөр тооцвол дор хаяж нэг талдаа 45 мянган төгрөг өгдөг юм” гэв. Нэг хүнийг 80 юаниар тооцож дөрвөн хүнийг хил давуулбал 320 юань болно. 220 юань нь татаас төлөөст явж, цаана нь үлдсэн 100 юаниар шатахуун хийж, хоол авч иднэ хэмээн хар ухаанаар тооцохоор Замын-Үүдийн “халтуурчид” хөөрхөн мөлжүүрт өртдөг болох нь харагдана. Гэхдээ манайхан алзахгүй ээ. Ашигтай болоод л явж байгаа нь тодорхой. Хятад руу гуравдагч улсын машин нэвтрүүлдэггүй болохоор Замын-Үүдийнхний олонхи нь хятадад үйлдвэрлэсэн жийп хөлөглөх болж.
Оросын УАЗ 469 болон Хятадад үйлдвэрлэсэн жийп машин бол тооны хувьд бараг эн тэнцүүхэн болжээ. “Одоо ч 469 машин жагсаалаас гарлаа даа. Хятад жийп муу. 5-6 сар болоод л эвдэрнэ. Гэхдээ олдгийг нь бодохоор авахгүй яах вэ” гэлцэнэ. “Range rover” жийпний загвараар хийсэн хятад тэрэг 20 гаруй сая төгрөгийн үнэтэй юм билээ. Зам зуур элдэв тооцоо бодож, жолооч нарыг өрөвдөн, албаныхны мөлжүүр болж буйг харсан эмзэглэл маань хоромхон зуур л замхарсан гэдгийг хэлье. Мөлжөөд мөлжөөд тэднээс юм үлддэг л юм билээ. Замын-Үүдийнхэн мөнгө сайн олдог гэсэн. Зарим нь жилдээ нэг удаа машинаа сольдог гэсэн шүү.