Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нүд үзүүрлэгдсэн хүнд даацын авто машинууд

Баянзүрхийн товчооны цаахна талд ачааны авто машинууд багталцаж ядаж байна. Учир нь, нийслэлийн Засаг даргын 2008 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн захирамжаар жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ны хооронд ачааны авто машиныг  замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар орол­цуулдаг болсон. Өөрөөр хэл­бэл, газрын хөрс хөлдөх, гэсэх үед ачааны авто машиныг хязгаарлалттайгаар нийслэлийн авто замын хөдөлгөөнд нэвтрүүлдэг гэ­сэн үг. Тухайлбал, тээврийн хэрэгс­лийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг хоёр тэнхлэгтэй тээв­рийн хэрэгсэлд 18 тонн, гурван тэнхлэгтэйд нь 24 тонноос хэтрэхгүй байхаар тогтоосон байдаг. Хэдий дөрөвдүгээр сарын 20 өнгөрсөн ч хүнд даацын авто машинуудыг нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй хэмээсэн нь ийнхүү түгжрэл үүсгэчихжээ. Замын-Үүдээс ирсэн хоёр ч шланз машинаас наймаачид бараагаа буулгаж “портер” машинд ачиж байлаа. Харин Сүхбаатар аймгаас ачаа ачиж ирсэн гэх жолооч хоёр хонож байна хэмээн ихэд бухимдангуй ярив.

Г.Батболд: Ачаагүй авто машиныг хүртэл оруулахгүй байна

-Та хаанаас ачаа ачиж ирсэн бэ?
-Замын -Үүдээс урд шөнө ирлээ.

-Хүнд даацын машин товчоогоор оруулахгүй бай­гаа гэдгийг мэдсэн үү?
-Мэдээгүй. Авто машинууд овоорчихсон байхаар л юмыг яаж мэдэх вэ гээд замын хажууд шахаад зогссон. Тэгээд буугаад жолооч нартай уулзаад оруулахгүй байгааг мэдлээ.

-Ачааны даацын зөв­шөө­рөгдөх хэмжээг гурван тэнхлэгтэй тээврийн хэрэг­сэлд 24 тонноос хэтрэхгүй гэдэг шаардлага тавьж байгаа гэсэн. Таных тэгэхээр даац хэтэрсэн үү?
-Машины ачаа маань тэр орчим л байгаа байх. Гэхдээ даацын хэмжээ гэхгүйгээр хот руу оруулахгүй байна шүү дээ. Өглөөнөөс хойш ямар ч ачаагүй хоёр ч машиныг оруулаагүй. Зогсч байснаа буцаад л явчихсан шүү дээ.

-Ачааны эзэд нь жижиг машинаар бараагаа зөөж байгаадаа их бухимдалтай байх шиг байна?
- Тэгэлгүй яахав.  Хэн ч уурлаж бухимдана шүү дээ. Хаа холоос Замын-Үүдээс том ма­шин хөлсөлж авчраад. Энэ их ачааг чинь “портер”-оор өч­­­­­нөөн хувааж зөөнө гэхээр хэн, хэндээ хэцүү л байх шиг бай­на. Бид ачаатай хотын төв рүү ороод байдаггүй. Амга­ланд хашаанд зогсч бай­гаад ачаа­гаа буулгадаг. Өм­­нө нь Энх­тайваны гүүрэн доо­гуур 22:00 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл явж болоод л байсан. 

Х.Нацаг: 22 цагаас хойш хот руу ороорой гэсэн

-Таны ачааг харахад даац хэтрээгүй л юм шиг байх юм. Яагаад оруулахгүй байгаа юм бол?
-Харин тийм. Налайхаас хот руу өдөр бүр тоосго зөөдөг юм. Ачсан тоосго маань 10 тонн ч хүрэхгүй байхад оруулахгүй гээд л зогсоочихлоо.  Хажуу талын машины ачаа нь ч 10 тонн хүрэхгүй. /тоосго ачсан хоёр самосваль машин зэрэгцээд зогсч байв./

-Даац хэтрээгүй гэдгээ цагдаад нь хэлсэн үү?
-Хэлсэн. Орой 22:00 цагаас хойш ор гэж байна.

-Өмнөх өдрүүдэд яваад болж байсан юм уу?
-Тийм. Өдөрт гурав, дөрөв ээлжээр зөөдөг. Гэтэл оройн 22:00 цагаас хойш явах болчихоод байна. Амьдралаа залгуулдаг болохоор хэцүү шүү дээ.
-Зөвшөөрөл авах ёстой гэж байсан. Тэрийг нь авсан юм уу?
- Авсан. Зөвшөөрлийг нь 15 мянган төгрөгөөр авсан.  

Татвар төлөгчдийн мөн­гөөр барьсан за­мыг эвдэх ёсгүй

Баянзүрхийн товчоонд өчигдрийн ээлжинд гарч буй замын цагдаагаас энэ талаар тодруулах гэхэд Замын цагдаагийн газраас асуу гэлээ. Замын цагдаагийн газрын Замын зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Ариунболд дараахь тайлбарыг өглөө.


-Хавар хязгаарлалтын үе дөрөвдүгээр сарын 20 хүртэл байдаг. Гэтэл хүнд даацын авто машинуудыг одоо хүртэл товчоогоор оруулахгүй байгаа нь ямар учиртай юм бэ?
-Улирлын онцлогоос хамаараад жилд хоёр удаа ачааны авто машины хөдөлгөөнийг хязгаарладаг. Хаврын цаг учраас энэ сарын 20 хүртэл хязгаарласан. Энэ захирамжийн хугацаа дууссан ч гэлээ нийтийн эзэмшлийн төв, орон нутгийн замаар MNS:4598 стандартыг зөрчсөн автомашинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байгаа.

-Барилга, зам засварын ажил эхэлчихсэн, хүнд даа­цын авто машинуудаар элс хайрга зэргийг зөөвөрлөдөг. Эдгээр авто машиныг яах вэ?  
-Иргэдийн явах зам дээгүүр технологийн тусгай зориулалтын замаар явдаг 60, 70, 80, 100 тоннын тээврийн хэрэгсэл явж эвдээд байгаа юм. Ийм учраас л хориглосон. Эвдээд байгаа энэ зам чинь татвар төлөгчдийн мөнгөөр баригдсан. Сайхан замаар явъя гээд мөнгө өгчихөөд байхад тэр замыг нь эвдээд байж болохгүй шүү дээ. Нэг жишээгээр тайлбарлая. “Хово”, “Хьюндай” маркийн машины өөрийнх нь жин нь 12-13 тн байдаг юм. Гэтэл “Хьюндай” нь 12 тн, “Хово” нь 25 тн ачаа ачдаг. “Хьюндай” маркийн авто машины өөрийн 12 тн дээр 12 тн ачаа ачихаар 24 тн болж байна. Энэ нь Монгол Улсын MNS45:98 стандартад заасны дагуу гурван тэнхлэгтэй авто машинд бүх жин 24 тн байна гэсэн стандартыг хангаж байгаа юм. Гэтэл “Хово” маркийн автомашины жин 12 дээрээс нь 25 тонныг ачих гэхээр 37 тн болоод эл стандартыг зөрчдөг. Иймд хотод том оврын авто машинаар үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгж байгууллагууд тээврийн хэрэгслээ сонгож авахдаа дээрх стандарт шаардлагыг хангасныг сонгох хэрэгтэй. Иймд стандартын даацаас хэтэрсэн тээврийн хэрэгслийг нийтийн эзэмшлийн зам талбайгаар явуулахгүй байх, үйлдвэрлэлийн зам талбайд нь ашиглахыг анхааруулж байна.

-Ачааны авто машинуу­дад төв замаар явах зөв­шөө­­рөл олгодог. Ямар ма­ши­­нуудад нь олгодог юм бэ?
-Бүх жин нь 5500 кг болон түүнээс дээш жинтэй ачааны авто машиныг “С”, бүх жин нь 5500 кг-аас хэтрэхгүй жинтэй ачааны автомашиныг “В” ангиллаар зөвшөөрөл олгож хөдөлгөөнд оролцуулдаг. Энэ зөвшөөрлийг аваагүй авто машин хөдөлгөөнд оролцож болохгүй гэдэг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан