Тайландад сөрөг хүчин өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж байна. Сөрөг хүчний зүгээс эрх барьж байгаа “Тайландын төлөө” намыг татан буулгахаас эхлээд улс төрийн системийг бүхэлд нь өөрчлөх шаардлага тавьсаар. Тодруулбал, улс төр болон парламентад олонх бүх шийдвэрийг тулган хүлээлгэдгийг зогсоох, сонгуулийн үеэр популизмыг хориглох. Зайлшгүй хэрэгжүүлэх ёстой өөрчлөлтийн дотор сонгогчдын дунд боловсрол ба өмч хөрөнгийн босго тогтоох, парламентын сонгуулийг “нэг хүн-нэг санал” гэсэн системээр шууд явуулахыг зогсоохыг шаардаж байгаа.
Ингэвэл бүрэн дунд эсвэл тусгай дунд боловсрол эзэмшээгүй, хувийн орон сууц, газаргүй хүнийг сонгуульд оролцож, улстөрчдийн популист амлалтад хууртан санал авахаас сэргийлэх гэнэ. Дээр нь “нэг хүн-нэг санал” гэсэн шууд сонгуулийг болиулна гэдэг нь Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажилладаг төлөөлөн сонгогчдынхтой төстэй шинэ байгууллага бий болгож, эхлээд түүндээ хүмүүсийг сонгоод дараа нь тэд парламентын гишүүдийг сонгодог болж магадгүй юм.
Жагсагчид өөрсдийн эсэргүүцлийн арга хэмжээг “ард түмний хувьсгал” гэж нэрлэж байна. Энэхүү “ард түмний хувьсгалын” хүрээнд тэд Ерөнхий сайд байсан Йинглак Чинаватын Засгийн газрыг огцруулж, парламентыг тараан хугацаанаас өмнө явагдсан сонгуулийн үеэр 375 тойргийн 28-д нь нэр дэвшигчийг бүртгүүлэлгүй бойкот хийж дөнгөсөн. Үүнээс болоод Тайландын дээд шүүх хугацаанаас өмнө болсон сонгуулийг хүчин төгөлдөр бус гэж мэдэгдсэн юм. Одоо сөрөг хүчин ирэх бямба гарагт түр үүрэг гүйцэтгэж байгаа Засгийн газрыг огцруулахын төлөө олон мянган хүн оролцсон ээлжит жагсаал, цуглаан явуулахаа мэдэгдэв. Жагсаалыг тайван, хүч үл хэрэглэх зарчмаар хийнэ гэв. Гэвч эрх баригч намынхан энэ бүх дарамтыг цаашид зүгээр тэвчээд суухыг хүсээгүй бололтой, өөрийн дэмжигчдэд хандан байр сууриа илүү идэвхтэй илэрхийлэхийг санал болгосон гэнэ. Йинглак Чинават болон түүний намыг дэмжигч иргэдийн хөдөлгөөн болох “Дарангуйллын эсрэг ардчиллыг дэмжих нэгдсэн фронт” нэртэй байгууллагын идэвхтнүүд өнгөрсөн ням гарагт жагсаал хийж, байр сууриа илэрхийллээ. Энэ фронтын тэргүүн “Бид ардчилал, парламентын шууд сонгуулийн төлөө эцсээ хүртэл тэмцэнэ. Жинхэнэ ард түмний хувьсгал гэж юу байдгийг улс орондоо харуулна. Тайландад шүүх засаглалыг түлхэн унагаад, хүн амын дийлэнхийн саналаар сонгогдсон Засгийн газрыг зайлуулахыг бид зөвшөөрөхгүй. Бодит ардчиллыг хэн нь мэдэгдэхгүй хүн хэн гэдэг нь мэдэгдэхгүй хүмүүсийг сонгодог дам сонгуулиар орлуулахгүй” гэжээ.
Өөрсдийгөө улаан цамцтанууд гэж нэрлэдэг энэ хөдөлгөөний идэвхтнүүд дөрөвдүгээр сарын эхний долоо хоногоос эхлээд Тайландад ардчилсан зарчмыг хамгаалах, хадгалахын төлөөх кампанит ажлаа эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Энэ кампанит ажил нь одоогийн Засгийн газрыг дэмжихтэй зэрэгцэн сөрөг хүчний ард нуугдаж байгаа аммат буюу феодализмын үеэс эрх мэдэл, эд баялгаа хадгалан үлдсэн орон нутгийн язгууртан баячууд ба “хараат бус” гэж өөрсдийгөө нэрлэсэн гишүүд нь шууд томилогдон ажилладаг төрийн хяналтын байгууллагуудын эсрэг тэмцэнэ гэжээ. Энд дурдагдаад байгаа “хараат бус” байгууллага нь парламентын үйл ажиллагаанд хяналт тавьдаг Авлигын эсрэг үндэсний комисс, улс төрийн албан тушаалтануудын хэргийг хариуцсан дээд шүүхийн коллеги зэрэг байгууллага ажээ.
Өөрөөр хэлбэл орон нутгийн эрхтэн дархтанууд ба тэдний нөлөө, дэмжлэгтэйгээр томилогдсон гишүүд бүхий төрийн хяналтын байгууллагуудын эсрэг тэмцэнэ гэсэн үг. Улаан цамцтанууд өөрсдийн жагсаалыг олон мянган хүн оролцсон, зэвсэг хэрэглэхгүй тайван жагсаал болно гэдгийг онцолжээ.
Хэдий ийнхүү хоёр тал жагсаал цуглаанаа тайван, хүч хэрэглэлгүйгээр явуулна гэж байгаа ч тэдний амлаж байгаа шиг болно гэдэгт итгэхэд бэрх. Учир нь, талуудын жагсаал цуглаан Бангкокийн нэг дүүрэг, хөдөө орон нутгийн нэг мужид нэг өдөр цагт болох юм. Үүнээс урьд буюу аравдугаар сараас хойш энэ хоёр талын мөргөлдөөний үеэр 20 гаруй хүн амиа алдаж, 800 гаруй хүн шархадсан.
Дээд шүүхээс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй тухай мэдэгдсэн өдөр Засгийн газрыг дэмжигчид ба эсэргүүцэгчид олноор цугласан газар руу гранат шидлэн, тэсрэх бодис дэлбэлсэн найман хэрэг гарч байв. Зөвхөн энэ ажиллагааны улмаас гэхэд таван хүн амиа алдсан.
Энэ бол сөргөлдөгч талууд шаардлагатай гэж үзвэл галт зэвсэг хэрэглэхэд бэлэн гэдгийг харуулж байгаа юм. Тэгээд ч Тайландын иргэд эмнэлгийн сөрөг заалтгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй бол галт зэвсэг чөлөөтэй худалдан авах эрхтэй. Цагдаагийн газраас гаргасан судалгаагаар сүүлийн ганцхан жилийн дотор Тайландын галт зэвсгийн хууль бус наймааны хэмжээ гурав дахин нэмэгдсэн байна.
Тиймээс бид энэ долоо хоногт Тайландад сөрөг хүчин нь Украйн маягаар төр эргүүлэх үү, сөргөлдөгч талуудын мөргөлдөөний үеэр олон хүн гэмтэж бэртэхгүй байгаасай гэдгийг л харах үлдлээ. Хамгийн гол нь, Тайландын зэвсэгт хүчин сөргөлдөгч талуудын алиных нь талд зогсох вэ гэсэн асуулт гарч ирж байна. Тайландын зэвсэгт хүчин дундыг баримталж байгаа гэдгээ удаа дараалан мэдэгдсэн юм. Тайландын зэвсэгт хүчин 11 удаа төрийн эргэлт хийж, улсын бүх мэдлийг гартаа авч байсан туршлагатай. Хамгийн сүүлд 2006 онд төрийн эргэлт хийж шинэ Үндсэн хууль батлуулсан юм.