Сураггүй болсон Малайзын онгоцыг эрэн хайх хооронд онгоцны ахмадын сэжигтэй үйлдлүүдийг шалгасаар байна. Тухайлбал, онгоцны ахмад Захари Ахмад Шах онгоц хөөрөхийн өмнөхөн утсаар ярьсан нь тогтоогдсон байна. Тэрээр чухам хэнтэй, юун тухай ярьсныг олж тодруулахаар мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж.
Хэдийгээр Малайзын албаныхан онгоцны нисгэгчдийг энэ хэрэгт буруутгах ямар ч баримт нотолгоо олоогүй, тэднийг гэм буруутай гэж үзэхгүй байгаа ч сэжигтэй байж болох бүх л үйлдлийг нягтлан шалгаж байгаа юм.
Энэ хооронд Австралийн өмнөд хэсэг, дэлхийн бараг хязгаар гэж хэлж болох далайн чанадад онгоц унасан байж магадгүй хэмээн дөрвөн онгоц хайгуул хийж байна. Австралийн хиймэл дагуулд харагдсан онгоцны үлдэгдэл байж болзошгүй гэсэн зураглалын дагуу тус улсын Перт хотоос 2500 километрийн зайд хааш хаашаа 25 мянган километр шахам зайд эрэл хайгуулд гараад байгаа юм. Гэхдээ цаг агаар тааруу байгаагаас эрлийн ажилд бага зэрэг саад учирч байгаа гэнэ.
Хэдийгээр онгоц байж магадгүй хэмээн эрлийн багийг гаргасан ч олон өдөр хоног шалгасны эцэст биш ч байж болох юм гэдгийг Австралийн эрх баригчид анхааруулж байна.