Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зүүн Украйныг эзэлж магадгүй гэж эмээж байна


НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен нь Орос Крымийг өөртөө нэгтгэсэн явдлыг Оросын глобал стратегийн нэг хэсэг гэлээ. Тэрээр АНУ-д ажлын айлчлал хийж байгаа юм. Айлчлалын явцад Украйнд бий болсон нөхцөл байдлын талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Батлан хамгаалахын сайд Чак Хейгель, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сюзан Райс зэрэг хүнтэй уулзаж ярилцсан байна. Мөн Вашингтон дахь Брукинсийн улс төр судлалын төвд үг хэлэхдээ дээрх мэдэгдлээ хийв. Үүнээс гадна Расмуссен “Одоогоор бид Оросыг Украйны зүүн нутаг руу дайрах уу үгүй юу гэдэгт хамгийн их санаа зовж байна. Хэрэв Орос давшилтаа үргэлжлүүлбэл олон улсын тавцанд бусдаас тусгаарлагдан ганцаардах замыг сонголоо гэсэн үг. Манай ардчилалд шийдвэр гаргахын өмнө хэлэлцэж, зөвлөлдөж, хувилбаруудыг харьцуулж үздэг. Яагаад гэвэл бидэнд ил тод байдал чухал. Дээр нь бид хүчийг нэн тэргүүний бус харин хамгийн эцсийн арга хэмжээ гэж үздэг болохоор хуулийн дагуух хувилбаруудаа сонгодог ” гэжээ.

Цаашлаад Украйнд болж байгаа үйл явдалтай хол­боотойгоор НАТО-д шинэ гишүүн элсүүлэх журам ба цөмийн зэвсэг цөөлөх үндэслэлийг өөрчилж магадгүй хэмээн онцолсон байна. Гэвч  НАТО-д шинэ гишүүдийг илүү богино, хялбаршуулсан журмаар элсүүлдэг болох эсвэл бүр хатуу нөхцөл тавьдаг тухайд Ерөнхий нарийн бичгийн дарга тодруулсангүй.

Одоогоор Босни ба Герцоговина, Македон, Черногор, Гүрж гэсэн дөрвөн улс НАТО-д элсэхээр эрчимтэй хэлэлцээр явуулж байна. 2012 онд Чикагод болсон НАТО-гийн чуулга уулзалтын үеэр энэ дөрвөн орныг гишүүдэд тавьдаг шаардлага хангаж чадахгүй байна гэж үзээд элслүүлэхийг түр хойшлуулсан. Дөрвөн орон тус бүртээ янз бүрийн бэрхшээлтэй тулгарсан. Жишээлэхэд, Македоныг элсэх гэхэд НАТО-гийн гишүүн Грек зөвшөөрөхгүй байгаа. Учир нь, Балканы хойгт байдаг энэ улсын нэр нь Грекийн түүхэн мужийн нэртэй адил болохоор Македоны Александр гэсэн домогт эзэн хааны нутгийг грекчүүдтэй булаацалдаж байна гэж үзэж.

Гүрж нь Абхаз ба Өмнөд Осет гэсэн газар нутгийн маргаантай байгаа. Энэ хоёр мужаа эргүүлэн авах гэж цэргийн ажиллагаа явуулсан ч Орост ялагдсан төдийгүй Орос энэ хоёр мужийг нь тусгаар улс болгочихсон.
Расмуссен “НАТО-д элсүү­лэх шийдвэр маш хатуу шал­гууруудыг үндэслэн гаргадаг болохоор энэ дөрвөн орон цаашид нэмэлт ажил хийх шаард­лагатай. Гэхдээ тэд­ний бэлэн байдлын тухай асууд­лыг энэ оны есдүгээр сард Их Британид болох НАТО-гийн чуулга уулзалтын өм­нө урьдчилан авч үзнэ” гэжээ.
Мөн Украйнд болж байгаа үйл явдлаас болж НАТО-гийн орнууд батлан хамгаалах салбарынхаа төсвийг нэмэгдүүлж эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Расмуссен хэлээд Украйны талаар Оросын явуулж буй бодлогыг хүйтэн дайн дууссанаас хойш Европын аюулгүй байдалд учирч байгаа хамгийн том заналхийлэл гэж тодорхойлов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан