Туркийн Батлан хамгаалах яам “Mehmetcik” гэж нэрлэсэн шинэ автомат буу зэвсэглэлдээ авч, ойрын хугацаанд олноор үйлдвэрлэх болсон тухай “Defense News” мэдээлж байна. Шинэ автомат бууг Туркийн Батлан хамгаалах үйлдвэрлэл хариуцсан нарийн бичгийн дарга нарын газрын захиалгаар 2009 оноос эхлэн “MKE” компани боловсруулсаар ийнхүү энэ жил зэвсэглэлдээ авчээ. Шинэ автоматыг Германы “HK416” автоматын загварт суурилан бүтээсэн бөгөөд 5,56 мм-ийн калибртай, 3,6 кг жинтэй, 30 сум багтдаг дайзтай.
“Mehmetcik” автомат нь одоо Туркийн армийн зэвсэглэлд байгаа хуучирсан 500 мянган “Heckler & Koch G3” автоматыг орлоно. Хуучныг шинээр солих ажиллагаа аажмаар явуулах бөгөөд хэдийд бүрэн дуусахыг тодруулаагүй байна. Автоматыг бүтээсэн “MKE” компани нь үйлдвэрлэлийг хариуцна.
Энэ жил манай хойд хөрш ч шинэ үеийн АК-12 автоматыг зэвсэглэлдээ авч байгаагаа зарласан билээ.