Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МУИС-Д ЭЛССЭН ОЮУТНУУД ХОЁР ДАХЬ ЖИЛЭЭСЭЭ МЭРГЭЖЛЭЭ СОНГОНО

Хэсэг хугацаанд сургуулийн албан хаагч, оюутнууд тэр ч бүү хэл нийгмийг талцуулаад байсан МУИС-ийн бүтцийн шинэчлэл шат дараатайгаар үргэлжилж байгаа. МУИС-ийн харьяанд байх салбар сургуулиудын оюутан элсүүлэх хөтөлбөрүүдийн давхардлаас болж анх хөндөгдсөн шинэчлэлийн асуудал ирэх хичээлийн жилээс биелэлээ олж эхлэх нь. МУИС 2014-2015 онд бакалаврын сургалтад шинээр оюутан элсүүлэх түр журам гаргасан байна.
Журам ёсоор энэ жил долоон салбар сургуульд 70 гаруй мэргэжлийн үндсэн хөтөлбөр, 200-гаад хавсарга мэргэшлийн хөтөлбөрөөс элсэгчдэд сонголт хийх боломж олгожээ. Ингэхдээ Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухаан, нийгмийн ухаан, хүмүүнлэгийн ухааны салбар сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны, инженерчлэлийн сургууль, Бизнесийн, Хууль зүйн, Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль гэсэн салбар сургуулиас бүтцээ бүрдүүлж байгаа юм.
ЭЕШ-д 400-гаас дээш оноо авсан сурагчид дээрх салбар сургуулиудад бүртгүүлэхдээ шалгалтын оноогоороо элсэлтийн хяналтын тоонд багтсан тохиолдолд МУИС-ийн оюутан болно. Ингэхдээ тухайн бүрэлдэхүүн сургуулийн бакалаврын бүх мэргэжлээс сонгон суралцах бололцоотой гэнэ. Тухайлбал, элсэгч Бизнесийн сургуульд элсэхдээ математикийн хичээлийн ЭЕШ-ийн оноо өндөр байх ёстой. Ингэснээр тухайн сургуульд элсэх боломж бүрдэх юм. Гэхдээ тухайн сургуулийн “Нягтлан бодох бүртгэл”, “Санхүү банк”, “Бизнесийн удирдлага”, “Менежмент” зэрэг есөн үндсэн хөтөлбөрөөс урьтаж, өөрийн дураар сонголт хийх боломжгүй. Учир нь журамд “Эхний хичээлийн жилийн сурлагын дүн, анх элсэхээр бүртгүүлэхдээ тооцуулсан ЭЕШ-ийн оноо өндөр байх тусам мэргэжил сонгохдоо давуу эрх эдэлнэ” хэмээн заажээ. Өөрөөр хэлбэл, ШУС-ийн Байгалийн ухааны салбарт бүртгүүлэн элссэн оюутан тус бүрэлдэхүүн сургуулийн байгалийн ухаан төдийгүй нийгмийн ухаан, хүмүүнлэгийн ухааны салбарын бүх хөтөлбөрөөс сонгон суралцах боломжтой болно. Ингэхдээ тухайн хөтөлбөрийн шаардлагыг биелүүлсэн байх ёстой аж. Эхний жилийн хичээлийн сурлагын амжилт, анх бүртгүүлсэн ЭЕШ-ийн оноогоороо ШУС-ийн оюутнууд жагсч,  онооны нийлбэр нь хамгийн өндөр оюутан бүх мэргэжлээс эхэлж сонгох давуу эрхтэй болно гэсэн үг.
Тиймээс оюутнууд өмнөх шиг сургуульд анх элсэхдээ л мэргэжлээ сонгохгүй, түүний оронд ямар чиглэлийн суруульд элсэхээ сонгох болж байна. Үүний дараа эхний жилдээ амжилттай суралцаж чадвал хүссэн мэргэжлээ хоёрдугаар курсээсээ сонгох юм.
Мөн МУИС-д элссэн оюутан өөрийн сонгосон мэргэжлээс гадна МУИС-ийн санал болгож байгаа “Хавсарга” мэргэшлээс сонгон судалж, “Үндсэн мэргэшил”, “Хавсарга мэргэшил” эзэмших боломжтой болно. Энэ нь ШУС-д Физикийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан Бизнесийн сургуулийн “Маркетинг”-аар хавсрага мэргэшил эзэмших боломжтой гэсэн үг. Элсэгч сургуульд бүртгүүлээд тэнцсэн эсэх мэдээг гар утасны мессэжээр хүлээн авах ба  заасан хугацаанд нь батламжаа гардахгүй бол дараагийн хүүхдэд хуваарь шилжинэ гэдгийг ч журамд заажээ. Мөн элсэгч нь шалгалтад тэнцсэн байхаас гадна эхний улирлын сургалтын төлбөрөө төлсөн нөхцөлд л элссэн тушаалыг нь гаргах гэнэ.  Тушаалаа гаргуулсан оюутнууд нь МУИС-ийн мэдээллийн системд нэвтрэх эрхээ гардаж, хичээлийн хуваариа зохиож, багшаа сонгох аж.
МУИС-ийн ректор А.Галтбаяр энэ талаар “Манай сургууль одоогийн байдлаар 14 бүрэлдэхүүн сургууль, орон нутгийн хоёр салбар сургууль, 100 гаруй тэнхимээс бүрдэж байна. Энэ нь манайд уламжлагдаж ирсэн бүтэц биш юм. 20 жилийн өмнө сургууль маань байгаль, нийгмийн ухаан, эдийн засгийн гээд цөөн хэдэн факультеттэй байсан. Харин зах зээлийн тогтолцоонд шилжээд, төрөөс дээд боловсролыг санхүүгийн хувьд шууд дэмжихээ больсноос, нөгөөтэйгүүр хөтөлбөрөөр элсүүлэх оюутны тоог хянадаг болсонтой холбоотой анги хөтөлбөрөө нэмэх, улам нарийсгах, орлогоо бүрдүүлэх шаардлагатай тулгарч аажмаар өнөөгийн энэ олон жижиг сургууль, тэнхимийн бүтэц бий болсон. Энэ бол хүнд хэцүү үед амь зуух арга байсан. Харин өнөөгийн зах зээлийн хэрэгцээ, хүлээлт их өөр боллоо. Дээд боловсролын чанарын тухай маш хурцаар ярьж байна.  Сургууль өнөөдөр оршин тогтнохын тулд өрсөлдөх чадвараа огцом сайжруулах ёстой болж байна.  Оюутнууд гадаадад суралцах боломж нь ч нээлттэй болж. Тиймээс бид дэлхийн түвшинд өрсөлдөхөөс аргагүй. Бидний бэлдсэн боловсон хүчин юуны түрүүнд энэ улсын соёлтой, боловсролтой иргэн болж төлөвших хэрэгтэй.
Мөн хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангасан чадварыг эзэмшсэн байх ёстой. Сургуулийн хэт жижгэрсэн өнөөгийн бүтэц энэ шаардлагад нийцэхгүй байна” хэмээн мэдээлж байсан.
Өмнө нь, МУИС оюутан элсүүлэхдээ компьютерийн чиглэлээр л гэхэд Математик компьютерийн сургууль, Мэдээллийн технологийн сургууль, Физик электроникийн сургууль гээд гурван өөр сургуульд авдаг байсан юм. Энэ мэтчилэн хөтөлбөрийн давхардал их, нийт 100-гаад тэнхимийнх нь нэгд дунджаар зургаан багш ногдож, зарим тохиолдолд  бүр ганц хүнтэй тэнхим хүртэл байсныг ажлын хэсэг илрүүлсэн байдаг. Энэ мэт үр ашиггүй бүтэц нь алдагдал хүлээхэд хүрч, сургалтын төлбөрөө зайлшгүй нэмэх нөхцлийг бүрдүүлээд байсан учир бүтцийн шинэчлэл хийхээр болж, ийнхүү ирэх хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр болоод байна.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Муис цаг уурын анги бдаг юмуу
Ene unen yumuu 4n surguuli bolj bgag n sonsson gehdee 2 dah jileese mergejlee songono gedeg n yag unen yumuu humuuseee her unen boditoi medeelel ve battai medej bga humuus n hariult uguuch
zub shvvv naad usan teneg ergvv dagznuuddaa 35 vsgiig ni sain zaaj er em egshigiig ni ylgaj surgaad setgvvlch nertei orontsogo ydaj
Хамгийн их уншсан