Малайзын сураггүй алга болсон онгоцыг эрж хайхад жирийн иргэд ч оролцож эхэллээ. Тайванийн нэгэн оюутан “Tomnod” хэмээх газрын зургийн хайлтын цахим хуудсаар дамжуулан онгоцыг хайж байгаад ширэнгэн ой дээгүүр нисч буй онгоцны хиймэл дагуулаас авсан зургийг олсон байна. Хэдийгээр энэ нь алга болсон онгоц мөн эсэхийг албан ёсоор тогтоогоогүй боловч МH370 нислэгийн онгоцтой маш төстэй бөгөөд яг онгоц радараас гарч, эргэлт хийсний дараах цаг үетэй давхцаж байгаа юм.
“Tomnod” хэмээх хайлтын цахим хуудсыг алга болсон онгоцыг хайх зорилгоор олон зуун хүн сүүлийн өдрүүдэд ашиглаж байгаа аж. Тайвань оюутны олсон энэ зураг олон нийтэд хүрэх үед Малайзын Келантан хэмээх тосгоны фермерүүд онгоц алга болсон өдөр нэгэн том онгоц маш доогуур нисэхийг харсан хэмээн ярьсан байна.
Загасчин, фермер гээд есөн хүн онгоцыг харсан хэмээн хэлсэн байна. Малайзын хэвлэлд бичсэнээр онгоц холбоотой байх үедээ радарт өртөхгүй гэсэн мэт бүр 5000 футын өндөрт, маш доогуур нисч явсан гэдэг мэдээлэл бий. Малайзын оршин суугчдаас гадна Малдивын Даалу Атолл гэдэг жижиг арлын оршин суугчид ч Малайзын тэмдэгтэй онгоцыг тэр өдөр харсан гэж ярьжээ.
Гэхдээ энэ бүгд батлагдаагүй мэдээ. Харин Тайландын армийнхан онгоц алга болсон өдөр 1 цаг 28 минутын орчимд буюу холбоо тасарснаас найман минутын дараа онгоцыг олж харсан гэдгээ мэдэгдсэн байна. Тус улс яагаад энэ мэдээллийг өдий хүртэл нийтэд дэлгээгүйг олон улс гайхаж хүлээж авч байгаа ч энэ талаар мэдээлэл өгөөч гэж хэн ч хүсээгүй болохоор гэж тайлбарласан байна.