Энэ сард Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас, 52 аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын 200 гаруй иргэнд бичиг баримтын шалгалт хийж зөрчил гаргасан БНАСАУ, БНХАУ, ОХУ, БНФранц улсын 20 иргэнийг зохих хуулийн дагуу Монгол Улсаас албадан гаргаж, нийтдээ 41 сая 300 мянга гаруй төгрөгийн торгууль ногдуулжээ.
Мөн гадаадын иргэн ажиллуулдаг 42 их, дээд сургуульд шалгалт хийжээ. Шалгалтын явцад суралцахаар оршин суух зөвшөөрөл авсан боловч тухайн сургуульдаа суралцдаггүй гадаадын гурван иргэнийг илрүүлжээ. Энэ хугацаанд хилийн боомт, орон нутаг дахь Албадаас олон улсын болон дотоодын тээврийн хэрэгсэл, боомтоор зорчсон 75 мянга гаруй гадаадын иргэний бичиг баримтад шалгалт хийж зорилгоо тодорхойлж чадаагүй, хөрөнгийн эх үүсвэргүй 295 гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй буцаасан байна. Дашрамд дурьдахад Хууль зүй дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагынхаа 2011 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн байна. 2011 оны үнэлгээ хийсэн үр дүнгээр Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар тэргүүлжээ.