Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АВТО МАШИНУУД “SALE” ЗАРЛАВ

Авто машины үнэ хямдарчээ. Ойролцоогоор 300 мянгаас сая төгрөгөөр хямдарсан гэнэ. Энэ мэдээллийг үнэн эсэхийг шалгахаар авто машины төрөлжсөн зах “Да хүрээ”-г зорив. Өдрийн 12:00 цагийн үед тус захад очвол үүднээс нь авахуулаад машин төрөл төрлөөр нь эгнүүлэн тавьсан харагдана. Машин зөрөхөд тун бэрх өөр хоорондоо хэдхэн метрийн зайтай л машинаа зогсоох бөгөөд үдээс хойш ирэх юм бол зогсоол олдоно гэдэг тун ч бэрх бололтой. Машинуудынхаа урд шилэн дээр орж ирсэн он, 100 километрт хэдэн литр шатахуун зарцуулдаг болон холбоо барих утсаа бичсэн байв. Эргэн тойрны хүмүүс дор бүрнээ зарах машинаа угааж цэвэрлэн тун ч завгүй. Хажуугаар нь хоол, тамхи зэрэг жижиглэнгийн бараа зарсан наймаачид ч холхилдоно. Хэдийгээр тус зах ийн хөл хөдөлгөөн ихтэй ч бусад захыг бодвол тоос шороо багатай  цэвэрхэн юм билээ. Эндээс мөнгөндөө тааруулан ямар ч машин авах боломжтой гэдгийг наймаачид онцолж байлаа. Шинэ, хуучин гааз, шатахуун, цахилгаанаар явдаг хөдөлгүүртэй гээд сонголт их.  

Гааз машины үнэ буурахад нөлөөлсөн бололтой

Хэдий сонголт олон ч борлуулалт муу байгаа бололтой. Өөрийгөө Л. Энхтөр хэмээн танилцуулсан ченж “Ойрд гүйлгээ муу байна. Машин сонирхох хүн ч алга. Суудлын тэрэг бол бүр хэцүүхэн. Одоо хүмүүс хуучин гэхээсээ шинэ машиныг илүүд үзэх болж. Хуучин машин зарагдахгүй нь. Уг нь машины үнэ нэлээд хямдарсан. Ойролцоогоор сая төгрөгөөр буурсан шүү. Гаазаар явдаг машин хямдарсан нь бусад машины үнэ хямдрахад нөлөөлсөн” хэмээн ярив. Машин сонирхож буй хүнтэй  тун цөөхөн таарлаа. Тэдний нэгэнтэй нь ярилцахад ярилцахад “Ахыг нь Х.Бор гэдэг. Хөдөөнөөс ирээд удаагүй байна. Хотод суурьшиж байгаа хүүдээ  машин авч өгөх санаатай. Машин сайн мэдэхгүй болохоор ченжүүд энэ нь сайн бензин бага иднэ. Эхний хоёр, гурван жилдээ гар хүрэхгүй гэх юм. Машин мэддэг хүн дагуулж явахгүй бол хулхидуулж мэдэх нь. Машиныг чинь унаад үзье гэхээр гарах зай алга нэг мөсөн орой л үз гээд байх юм” гэв. Харин ченж нарын хувьд зарагдаж байгаа машиныхаа үнээс 200-500 мянган төгрөг татдаг.  Цаашдаа машины үнэ өсөхгүй байх аа ч хэмээв. Машинууд үнийн хувьд харьцангуй хямд байх аж. Орж ирээд хэр удаж байгаа гэдгээсээ шалтгаалан үнийн зөрүү харагдаж байв. Эндээс машин авахаар бол аж ахуйн нэгж болон хувь хүнээс ХААН, Голомт, Хас банкаар дамжуулан лизингээр авах боломжтой юм билээ.

“Да хүрээ” захаас нэг онцолж харсан зүйл бол гаазаар явдаг машин байлаа. Үнийн хувьд бензин хөдөлгүүртэй машинаас харьцангуй хямд. Учир нь, Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн тул байгальд ээлтэй эко бүтээгдэхүүнийг дэмжих хүрээнд гаазан хөдөлгүүртэй машиныг татвараас чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор гаазан хөдөлгүүртэй машины үнэ хямд байгаа юм билээ. Гэвч энэ төрлийн машин нь хөдөө явахад гааз байхгүй, дэлбэрэх аюултай гээд иргэд тийм ч ам сайтай байдаггүй.

Гаазыг ёс журмаар нь л  ашиглах  хэрэгтэй

Энэ талаар гаазаар явдаг машин зарж буй ченж С.Хүрэлсүхтэй цөөн хором ярилцлаа.  

-Гаазаар явдаг машин хэр зарагдаж байна вэ. Хүмүүс энэ төрлийн машинд  жаахан ам муутай байдаг шүү дээ?

-Гаазаар явдаг машин манай нөхцөлд тохирохгүй, өвөлдөө хөлддөг хог гэдэг ч борлуулалт гайгүй ээ. Анх эл машиныг оруулж ирж зарж байхад зах дотор цөөхөн  байдаг байсан. Одоо бол  захаар л нэг ийм машинууд байна шүү дээ. Зарагдаж байна гэдэг чинь эрэлт байна гэсэн үг. Хэрэв зарагдахгүй байсан бол оруулж ирэхгүй шүү дээ. Гэхдээ нэг хэсэг монголчуудад гаазаар явдаг машин муу гэсэн ойлголт суучихсан байсан. Одоо бол өөрчлөгдсөн.

-Гаазан хөдөлгүүртэй машин бензинээс арай хямд тусдаг гэж ярьдаг.  Зарим үед 100-д 25 литрийг “идэж” байна гэсэн. Энэ ямар учиртай юм бол оо?
-Их “идэж” байгаа нь машинаасаа шалтгаалж байгаа хэрэг. Солонгост нэлээд явсан, хуучирсан машин их идэх талдаа байдаг. Тэгэхээр гаазан хөдөлгүүртэй машин авах гэж байгаа бол оныг нь, хэдэн км явсан, хаана явж байсныг нь харж авах хэрэгтэй. Одоогоор гаазны үнэ литр нь 1100 төгрөг байгаа. Сайн гаазан хөдөлгүүртэй машин бензинээс бол хямд тусна.

-Манайд зарж буй газ Солонгосынхоос муу гэдэг. Чанараасаа шалтгаалаад их идэж байгаа юм болов уу гэж харагддаг?

- Мэдээж, манайх хамгийн хямдхан газыг нь оруулж  ирж байгаа. Хямд юм гэдэг чинь угаасаа л муу байдаг. Гэхдээ газан хөдөлгүүртэй машиныг яваандаа бензин болгож болно. Сая гаруй төгрөгөөр хөдөлгүүрийг нь сольчихдог юм.

-Дарханы зам дээр гаазан хөдөлгүүртэй машин дэлбэрсэн. Мөн саяхан хий алдаж айл дэлбэрсэн гээд л ар араасаа олон асуудал дагуулсаар байгаа. Үүнээс болоод гаазанд итгэх итгэл алдарч буй нь машины борлуулалтад нөлөөлж байна уу?
-Уг нь, дэлхий даяараа байгаль экологио хайрлаад аль болох бензинээс татгалзаж байгаа. Манайхан л даанч хэв маягаа өөрчлөх дургүй хүмүүс байх юм. Нэг нь гааз муу гэчихвэл бусад нь дагаад л. Ямар сайндаа Дорж гаазыг муу гэж байна лээ. Дэмий дэмий гээд цуурна. Үнэндээ ямар нэгэн юмыг ёс дүрмээр нь хэрэглэвэл аваар осолгүй шүү дээ. Юм чинь сайн,  муу хоёр талтай байдаг гэдгийг л хэлмээр байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан