Манай урд хөрш олон оронтой газар нутгийн маргаантай. Энэ олон маргаан намжиж, үе үе хурцаддаг. Энэ удаад Өмнөд Хятадын тэнгис дэх Жэнай шүрэн хад орчмын үйлдлээс болж Филиппинтэй муудалцлаа. Хятадын Гадаад хэргийн яамнаас өчигдөр мэдэгдэл хийж, Өмнөд Хятадын тэнгист хийж байгаа өдөөн хатгасан үйлдлээс гарах бүх үр дагаврыг Филиппин дангаар хүлээх болно гэдгийг анхааруулсан байна.
1999 онд Жэнай шүрэн хадны орчим Филиппиний байлдааны усан онгоц хайргадан явж чадахгүй болж гацжээ. Хятад шүрэн хадыг өөрийн нутаг гэж үздэг болохоор хайргадсан онгоцоо татаж авахыг Филиппинээс удаа дараалан шаардсан ч техникийн боломжгүй байна гэсээр өдийг хүрсэн түүхтэй.
Энэ гуравдугаар сарын 13-нд Жэнай шүрэн хадны орчмоор хөвж явсан Филиппинийн хоёр усан онгоцыг Хятадын харуулын хоёр завь хүчээр хөөсөн юм. Энэ үйлдлийг Америкийн Төрийн департамэнт өдөөн хатгасан гэж мэдэгдэн эрс шүүмжилсэн. Дараа нь 14-нд Филиппин мэдэгдэл хийхдээ шүрэн хадны орчим өөрийн байлдааны усан онгоц байгааг 1995 Хятадын тал Мэйзм шүрэн арлыг хүчээр булаан авсны хариу гэв. Цаашлаад, байлдааны усан онгоц 1999 онд хайргадсан болохоор 2002 онд Өмнөд Хятадын тэнгисийг тойрсон орнуудын хүлээн зөвшөөрсөн усан онгоц зорчих дүрэм үйлчлэхгүй гэжээ.
Энэ мэдэгдэл Хятадын талыг их хилэгнүүлсэн бололтой. Дээрх мэдэгдлийг хийгээд филиппинчүүд 1999 онд дүрмийг дагана гэж амлаж байсан төдийгүй 2003 онд энэ дүрмийг зөрчсөн анхны орон болохгүй гэж байсныг сануулсан юм. Дээр нь, онгоцоо гаргаж авахгүй байгаа төдийгүй барилгын материал зөөж, шүрэн хадан дээр өөрийн объект байгуулахаар оролдож байгааг шүүмжилсэн аж.
Өмнөд Хятадын тэнгисийг тойрон Бруней, Вьетнам, Индонези, БНХАУ буюу Хонконг ба Макао, Малайз, Тайвань, Филиппин гэсэн долоон улс байрладаг. Эдгээр улс энэ тэнгист Параселийн, Спартли, Нанша гээд маргаантай олон жижиг арал болон тэдний хооронд байрласан бүр ч жижиг шүрэн хадыг өөр өөрсдийн газар нутаг гэж булаацалдсаар олон жил боллоо. Улмаар энэхүү газар нутгийн маргааныг зэвсгийн хүчээр бус хэлэлцээрийн замаар шийдэхэд угтвар болгох үүднээс “Өмнөд Хятадын тэнгист усан онгоц зөрчих дүрэм” гэгчийг байгуулан түүнийг дагахаар болсон юм.