Монголчууд өндөр инфляцад дөжөрсөн улс. Харин хэт өсч 20, 30 хувьд хүрвэл аюултай. Ерөнхийдөө 10-аас нэг их холдохгүй байвал боллоо гэж ойлгодог гэхэд хилсдэхгүй.
Учир нь, сүүлийн хоёр жилд инфляц арваас дээш хувьтай явж ирлээ. Тухайлбал, 2010 оны төгсгөлд инфляц 13, 2011 онд 10.2 хувьтай гарч байв. Одоогийн байдлаар 15.3 хувьтай байгаа юм. Инфляц ингэж өсч буйг эдийн засагчид иргэдэд сар бүр 21 мянган төгрөг тарааж байгаатай холбон тайлбарладаг. Үүнээс гадна 320 гаруй мянган иргэнд тус бүр нэг сая төгрөг гурав хувааж тарааж өгнө. Ингээд манай эдийн засагт иргэдийн гар дээр одоо эргэлдэж буй 650 тэрбум төгрөг даруй тавин хувиар нэмэгдэх тооцоо бий.
Энэ нь өсөлтийн график дээр тогтож ядаж буй инфляцыг хөөрөгдөх аюултай хэмээн төв банкны эдийн засагчид үзэж байгаа юм. Эдийн засаг дахь мөнгөний урсгал их байгаа нь эрэлт нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний барааны үнэ өсгөж инфляцад нөлөөлж байна. Инфляцад хамгийн хүчтэй нөлөөлж буй зүйл бол махны үнэ. Махны үнэ сүүлийн хоёр жилд хамгийн өндөр төвшинд хүрчээ.
Дундаж орлоготой иргэд нийт олсон мөнгөнийхөө 35 хувийг хүнсэнд зарцуулдаг судалгаа бий. Өндөр инфляцын нөлөөгөөр тэдний түрийвчин дэх мөнгө 20-30 хувиар үнэгүйджээ. Харин олсон мөнгөнийхөө талыг нь хүнсэндээ зарцуулдаг бага орлоготой иргэдийн түрийвчинд бусад зүйлд зарцуулах төгрөг үлдэхгүй боллоо. Угтаа инфляцын нөлөөлөл тэнд 50-60 хувьтай гарч буй юм. Хамгийн их орлоготой нийгмийн цөөнх хэсэгт инфляцын нөлөөлөл бараг мэдрэгддэггүй. Өндөр инфляцын нөлөө тэдэнд 2-3 хувьтай байна.
Тэгэхээр ядуурал нэмэгдлээ гэж буй нь гайхаад байх зүйл алга. Иргэдийн цалин нэмэгдсэн, эх орны хувь хишиг хүртэж орлого өссөн ч инфляцын хөөрөгдөл түүнийг нь залгиж буй юм. Инфляц бол нийгмийн хорт хавдар гэдэг. Нөгөө талаар инфляц өндөр байх нь Засгийн газарт ашигтай. Яагаад гэвэл, далд татвар хэмээдэг билээ.
Хуваарилалт нь шог байна
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар ядуурал Монгол оронд 39 хувьтай хэмээдэг. Дэлхийд тухайн улс оронд орлогын хуваарилалт ямар байгаагаар нь ядуурлыг хэмждэг жишиг бий. Өөрөөр хэлбэл, иргэд өдөрт хэдий хэмжээний орлого олдгоор нь тооцно гэсэн үг. Тухайлбал, иргэд нь өдөрт хоёроос бага ам.долларын орлоготой бол ядуу, 2-20 бол дундаж, 20 дээш бол өндөр хэмээн тооцдог. Аливаа улс орны эдийн засгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт нь дундаж орлоготой иргэдээс шалтгаалдаг жамтай.
Тэгвэл Монгол Улсын иргэдийн орлогын төвшин ямар байгааг сонирхоё. Монголбанк, Үндэсний статистикийн хорооны судалгаагаар дундаж орлоготой иргэд цөөн дийлэнх нь бага орлоготой байна. Жишээлбэл, нийт хүн амын 47.12 хувь нь өдөрт 1.25 ам.долларын орлоготой байгаа аж. Үүнээс гадна хүн амын 20.83 хувьд нь өдөрт 2-4 ам.доллар ногджээ. Мөн 21.57 хувь нь 4-6, зургаан хувь нь 6-10, гурван хувь нь 10-20 ам.доллар өдөрт олдог. Харин нийт хүн амын хоёр хувь нь л өдөрт 20 дээш ам.долларын орлоготой байгаа юм. Тэгвэл манайх шиг адилхан уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай Казахстаны орлогын хуваарилалтыг авч үзье. Нийт хүн амынх нь 23.49 хувь нь бага буюу өдөрт 1.25 ам.доллараас доош орлоготой байна. Өдөрт 2-4 ам.долларын орлоготой иргэд 24.38 хувь байгаа бол 4-6 ам.долларын орлоготой иргэд 34.80 хувийг эзэлж буй юм.
Харин нийт иргэдийн 11 хувь нь өдөрт 6-10 ам.долларын орлого олдог. Өдөрт 20 ам.доллараас дээш орлоготой иргэд хүн амынх нь таван хувь байна. Эдийн засагчид Монгол халамжийн улс боллоо. Уул уурхайн салбараас орж ирж буй мөнгөний урсгалыг удирдах хэрэгтэй. Бүгдийг нь иргэдэд сар бүр мөнгө олгох, сая саяаар нь хувиарлах зэргээр үрж байгаа нь эдийн засагт тогтворгүй байдал үүсгэх болсныг шүүмжилдэг.
Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд нийгмийн халамжийн зардал нь улсын төсөв тэлэх, инфляцын дарамт үүсгэх болжээ. Энэ нь эдийн засгийн өсөлт дундаж давхаргад нөлөөлөхгүй ядуурал буурахгүй, эдийн засгийн эрсдэл дагуулах шалтгаан болж буй аж.