Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Путин Обама хоёр Крымийн асуудлаар утсаар ярьжээ



Өчигдөр Крымийн хой­гийг ОХУ-ын бүрэлдэхүүнд элсүүлэх  эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга болж өнгөрлөө. Санал асуулгад оролцогч Крымийн иргэд “Та Крымийг ОХУ-ын субъект болж  Оростэй нэгдэхийг дэмжиж байна уу?” ба “Та 1992 онд батлагдсан Бүгд найрамдах Крым улсын үндсэн хуулийг ахин хүлээн зөвшөөрч, Крымийг Украйны нэг хэсэг гэсэн статустай болохыг дэмжиж байна уу?” гэсэн хоёр асуултаас сонгожээ.

Санал асуулгад оролцсон крымчуудын 95,7 хувь нь Оростой нэгдэхийг дэмжсэн  байна. Крымийн хүн амын 60 орчим хувь нь оросууд тул ийм үр дүн гарсанд гайхах зүйлгүй. Тэд ингэж санал өгөлгүй, буцаад Украйндаа нэгдье гэсэн бол үндсэрхэг үзэлтнүүд нь байр сууриа бэхжүүлж авсны дараа Крымийн оросуудыг айлган сүрдүүлж, бөөнөөр нь Орос руу хөөхөөс эхлээд амь насанд нь хүрэх эрсдэл байсан болохоор сонголт байгаагүй гэж болно.
Украйны үндсэрхэг үзэлт­нүүд эрх мэдлийг гартаа оруулсны дараагаар “Украйнд зөвхөн украйнчууд амьдрах ёстой, бусад нь зайл”гэсэн утгатай элдэв сүржин мэдэгдэл хийж олон арван үндэстнээс бүрддэг улсынхаа дотоод байдлыг ээдрээтэй болгохын өмнө сайтар бодох хэрэгтэй байж.

Нөгөө талаас Крымийг автономит эрхтэй, Украйны бүрэлдэхүүнд хэвээр байлгахыг дэмжиж байсан тус хойгийн уугуул иргэд болох татарууд сонгуулийг эсэргүүцсэн жагсаал, цуглаан хийх гэх мэт ямар нэг арга хэмжээ зохион байгуулаагүй нь цөөнгүй хүнийг гайхшралд оруулсан гэж болно. Тэр бүү хэл, зарим эх сурвалжийн мэдээлснээр татаруудын 30 хувь нь Оросыг дэмжсэн гэнэ.
Санал асуулгын дүн гарсны дараагаар Европын холбоо, АНУ мэдэгдэл хийж асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв. Мөн ойрын хугацаанд Оросын эсрэг янз бүрийн хориг арга хэмжээ авах тухайгаа зарлав. Гэхдээ хориг арга хэмжээ авах дээр Өрнөдийн орнуудын дотор багагүй санал зөрөлдөөн байгааг хэлэх хэрэгтэй.

Атлантын далайн нөгөө хэсэгт орших АНУ, Канад хамгийн хатуу арга хэмжээ авч Оростой бүх арилжаа, холбоо харилцаагаа дээд зэргээр цөөлөх санал гаргаад байгаа. Энэ хоёр улс Оростой тийм ч идэвхтэй эдийн засгийн харилцаагүй болохоор ийм хориг арга хэмжээ авсан ч өөрсдөө алдах зүйлгүй.

Харин Европын холбооны улсууд эдийн засаг болон улс төрийн ийм хатуу арга хэмжээ авбал өөрсдөө Оросоос дутахгүй их алдагдал хүлээнэ. Учир нь, Европын холбооны хувьд махнаас эхлээд техник хүртэл олон мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нь борлуулдаг хамгийн том зах зээлийн нэг нь ОХУ. Иймд Их Британи, Германи гэх мэт улс эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг дэмжихгүй гэдгээ эртнээс дуулгаад авсан. Тиймээс Өрнөдийн орнууд эхлээд ямар салбарт, өөртөө хамгийн бага хохиролтой байдлаар Оросын эсрэг хориг арга хэмжээ авах талаар хоорондоо тохиролцох хэрэгтэй болох нь.
Ямар ч байсан дээрх мэдэгдлүүдээс үзвэл Өрнөд ба Оросын хоорондын харилцаа Зөвлөлт задран унаснаас хойш хэзээ ч ингэтэл муудаж байсангүй. Зарим шинжээч шинэ Хүйтэн дайн эхэлсэн гэж ч мэдэгдэж байна.

Гэхдээ нөгөө талаас ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хоёр өчигдөр Крымийн хойгийн асуудлаар утсаар ярилцаж санал бодлоо солилцсон байна. Ярианы үеэр Киевийн шинэ эрх баригчид энгийн номхон иргэд түүний дотор оросоор яригчид, орос иргэдийг дарамтлан гадуурхаж бай­гаа хэт үндсэрхэг, явцуу үзэлтнүүдийн үйл ажиллагааг зогсоох чадваргүй, хүсэл ч үгүй байгаад Обамагийн анхаарлыг хандуулжээ. Мөн Украйны хямралтай холбоотой олон асуудлын талаар ярихдаа тус улс руу Европын хамтын ажиллагаа ба батлан хамгаалах байгууллагын шалгалт оруулах боломжийг ярилцсан аж.

Ярианы эцэст хоёр их гүрний тэргүүн үзэл бодол зөрчилтэй хэдий ч Украйны байдлыг тогтворжуулах арга замыг хамтран хайх хэрэгтэй гэдэг дээр санал нийлжээ. Үүнээс гадна Обама нь Паралимпын тоглолтыг амжилттай зохион байгуулж дууссантай холбог­дуулан Путинд баяр хүргээд, тэмцээний бүх оролцогчдод мэнд дамжуулсан байна.
Мөн Путин нь Крымд яв­сан санал асуулгыг НҮБ-ын дүрэм журмын дагуу явсан төдийгүй Косовотой холбоотой хэрэг явдлын туршлагыг ч судалсан гэдгээ мэдэгджээ.

Энд Косовод болсон хэрэг явдал гэж Путин юун тухай яриад байгааг эргэн санахад илүүдэхгүй. Албани үндэстнүүд гол төлөв оршин суудаг Косово нь Югославын бүрэлдэхүүнд байдаг автономит муж байв. Зөвлөлт задран унасны дараагаар тус мужид амьдардаг албани­чууд Югославаас гарах, тусгаар улс болохын төлөөх тэмцлээ идэвхжүүлсэн. Улмаар Югославын арми ба Косовогийн салан  тусгаарлагчид хоорондын дайн дээд цэгтээ тулах үед  буюу 1999 онд НАТО югославчуудыг бөмбөгдөж эхэлсэн юм. Үр дүнд нь югославчууд арга буюу Ко­сово мужид НАТО-ийн энхийг сахиулагч цэрэг оруулан өөрийн цэргийг гаргах, мужийг бүхэлд нь НҮБ-ын шууд удирдлагад оруулахыг зөвшөөрч байв. Өөрөөр хэлбэл, Косов нь де факто тусгаар улс болсон хэрэг.

Төд удалгүй буюу 2004 оноос Косово нь түр засгийн газар байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд 2008 он гэхэд Косово дангаар, бие даан тусгаар улс болсноо мэдэгдсэн. Үүнийг нь Сербичүүд ихээхэн эсэргүүцсэн ч 2009 онд Гааг дахь Олон улсын шүүх Косовог дангаар тусгаар улс гэдгээ зарлаж байгаа нь хуульд нийцэх байдлыг хэлэлцээд 2010 онд хуулийн дагуу гэдгийг нь зөвшөөрсөн. Ингэснээр Косово тусгаар улс болсон юм. Европын холбоо, АНУ ингэж зөвшөөрөхийг хамгийн ихээр дэмжиж, тусгаар тогтнолыг нь хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн гэдгийг хэлэх хэрэгтэй.

Путин Обаматай ярихдаа Косовогийн тусгаар улс болсон явдлыг зүгээр ч нэг дурдаж өнгөрөөгүй нь эндээс харагдаж байна. Магадгүй, төд удалгүй Крымийг Украйнаас салсан, Орост нэгдэх болсон явдлыг Гаагын олон улсын шүүхээс авч хэлэлцээд хууль зүйн үндэслэлтэй гэж мэдэгдэх цаг ирж магадгүйг хэлсэн хэрэг биз. Гэхдээ тэр болтол нэлээд олон жил болох нь тодорхой. Дашрамд сонирхуулахад, Украйн нь Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй байдаг юм. Магадгүй, нэгэн цагт Крымтэй холбоотой адил байдал үүсч магадгүй гэсэн битүү таамаг ч явж байсныг үгүйсгэх аргагүй.

Эцэст нь хэлэхэд, Оросын Төрийн Дума Крымийн хойгийг өөрийнх нь хүсэлтийн дагуу нэгтгэх асуудлыг онцгой байдлаар буюу 15 хоногийн дотор шийдэж өгнө гэдгээ мэдэгдсэн. Тиймээс хамаг ээдрээ нь 15 хоногийн дараа л эхлэх бололтой. Өрнөдийн орнууд хориг арга хэмжээ аваад, Оросууд таагүй байдлаас гарахын тулд бусад оронтой хийх арилжаа, наймаагаа идэвхжүүлээд, Украйн тусламжаар авсан хамаг мөнгөөрөө зэвсэгт хүчнээ бэхжүүлэх гэж үрээд гэх мэт сонирхол татахаар зүйл олон болох нь.

Украйн ба Крымийн хойгийн асуудал ахиад л  хэдэн сарын турш олон улсын мэдээний гол сэдэв хэвээр байх нь гарцаагүй боллоо. Ямартай ч, 27 мянган ам.км талбайтай, хоёр сая гаруй хүнтэй том хойг де факто Оросын мэдэлд шилжлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан