Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өчүүхэн ч буулт хийхгүй

БНХАУ-ын тэргүүлэгч Ши Жинпинь Хятадын ардын чөлөөлөх армид хандан үндэсний эрх ашгийг баттай хамгаалахыг уриалсан байна. Ши Жинпинь “Бид энх тайванд найдаж байгаа ч олон улсын хуулийн дагуу олгогдсон эрхийг хамгаалах хүчин чармайлтаа хэзээ ч орхихгүй бөгөөд үндсэн ашиг сонирхолтой холбоотой асуудлуудад огтхон ч буулт хийхгүй” гэжээ. Цаашилбал, Хятад хүчирхэг арми байгуулахын тулд тогтолцооны болон улс төрийн хязгаарлалтаа арилгах, батлан хамгаалахын салбарт өөрчлөлт хийхэд стратегийн боломжоо ашиглахын чухлыг дурдав. Тэрээр “Бид зорилгодоо нийцсэн хүчирхэг арми байгуулахын тулд урьд нь тогтсон сэтгэлгээгээ эвдэх хэрэгтэй” гэжээ. Улмаар энэ бүх өөрчлөлтийг явуулахад шаардлагатай орчин бүрдүүлэхийг  уриалж. Өнгөц харахад энэ бүх мэдэгдэл бүх л улсын төрийн тэргүүнээс гардаг мэдэгдэл юм. Гэвч бодит байдалд Хятадтай газар нутгийн маргаантай байгаа улс орон бүрт тун ч таагүй байдал тулгарах нь гэсэн үг. Аливаа маргааныг хэлэлцээрийн ширээний ард суун шийдэхийг НҮБ-аас эхлээд бүс нутгийн байгууллага бүгд уриалдаг. Гэхдээ ойрын хугацаанд асуудал цэргийн хүчээр шийдэгдэж болзошгүй хэмээн бүгд эмээж байна. Ийнхүү айдас төрөх гол шалтгаан нь жил ирэх бүр геометр прогрессээр өсч буй Хятадын армийн хүч, улсын бодлого юм. Өмнө нь БНХАУ үндсэн эрх ашгийнхаа талаар ийм хатуу мэдэгдэл хийж байгаагүй тул бүгд л түгших аж.

Урд хөршийнхөн манайх гэж мэдэгдэл хийж, булаацалдаж байгаа газар Монголд ч байсан. Дэлхий нийтээр хамгийн сайн мэдэж байгаа нь Сэнкакү арлын бүс нутаг. Хүн амьдрах боломжгүй ч орчин тойрондоо их хэмжээний шатдаг хийн нөөцтэй энэ арлуудыг тойрсон ээдрээ өнгөрсөн жилийн турш БНХАУ, Японыг муудалцуулсан. Байлдааны усан онгоцоо илгээж, маргаантай арлуудын дээрх агаарын орон зайг өөрийн болгон зарлаад, зөвшөөрөлгүй нэвтэрсэн онгоцыг буудаж унагана гэсэн. Үүний дараа олон улсад Спартли гэсэн нэршилтэй бүлэг арлын асуудал бий. Эдгээр арлыг Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам, Бруней зэрэг улстай булаацалдаж байгаа. Мөн Параселийн арлуудаас болж Вьетнам Хятад хоёр муудалцаад удсан. Энэ мөн л шатдаг хийн том орд газар юм. Дээрх маргааныг зэвсэгт мөргөлдөөн болгохгүйгээр шийдэх найдвар байсан ч урд хөршийн тэргүүлэгч ийм мэдэгдэл хийснээр тайван замаар шийдэх магадлал огцом буурлаа. Ши Жинпиний мэдэгдлийн дараа Хятадтай газар нутгийн маргаантай улс орон бүр хуурай замын болон тэнгисийн цэргийн хүчээ зузаатгах арга хэмжээ авах нь мэдээж. Японоос эхлээд Вьетнам, Филиппин хүртэл бүгд Ши Жинпиний мэдэгдлээс өмнө батлан хамгаалах салбарын зардлаа нэмэгдүүлсэн нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэлтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан