Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсвийн мөнгө хаашаа урсдаг вэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын санаачилгаар “City toilet” төсөл хэрэгжиж нийслэл хотын төвд нийтийн бие засах газар барьж эхэлж. Үүн шиг сайн зүйл гэж юу байх билээ. Өдрөөс өдөрт хүн ам нь нэмэгдэж хэдийнээ 1.2 саяас даваад Улаанбаатар маань дэлхийн том хотын эгнээнд шилжчихсэн байхад түм түжигнэж, бум бужигнасан энэ хотод энэ зайлшгүй хэрэгтэй.

Гэхдээ бас учир байна аа. Юу гэвэл “Улаанбаатар сан”-гийн захирал Хадбаатар нэг бие засах газрыг 60-80 сая төгрөгөнд багтаан барина гэж хэлж байгаа.

      Төлөвлөснөөсөө хоёр дахин их өртөгтэй бие засах газар

 Үүний нэг болох яг Сүхбаатарын талбай дээр,Улаанбаатар зочид буудлын өмнө  төв цэцэрлэгт барьж байгаа бие засах газрын ажлын явц, өртөг зардлыг сурвалжиллаа. Энэ нийтийн бие засах газрыг “Улаанбаатар сан” компани гүйцэтгэж байна.  Төлөвлөсөн зардал нь өмнө дурдсанаар  60-80 сая төгрөг бололтой.  Гэтэл энэ нийтийн бие засах газрыг барихад яагаад ч ийм их мөнгө орохгүй гэх нэгэн ч байна. Хямдхан барьж болох юмыг томчууд өөр хоорондоо наймаалцаж, иргэдийн татварын мөнгөөр тоглож байна хэмээн шүүмжлэх хүн ч цөөнгүй байгаа юм. Тиймээс нийтийн бие засах газрыг барихад хэд орчим төгрөг зарцуулж байгаа барилгын инженерээс асуухад, “энэ барилгыг барихад 100 сая төгрөг лав орчихсон байх” гэж хариуллаа. Барилгын явц нь гэвэл дөнгөж торх нь босч, дээврийг нь тавьж байсан юм. Мөн гадна хананд нь  өнгөт чулуун хавтан нааж эхэлж байв. Тэгсэн хэрнээ 100 сая төгрөг зарсан гэж тэр барилга дээр ажиллаж байгаа инженер нь ярилаа. Тэгэхээр одоо цаана нь барилгын дотоод засал, гэрэл цахилгаан, сантехникийн угсралт, өнөөх бие засах суултуур, гар угаах тосгуур зэргийг байрлуулахаар юу болох билээ. Лавтай 150-160 сая төгрөг болох нь. Энэ нь Хадбаатар даргын хэлснээс даруй хоёр дахин их болно гэсэн үг.

                                Уг нь ийм хэмжээний байшинг…

 Уг нь, бол тэр хэмжээний байшингийн үнэ өртгийг нарийн тооцвол тэдний зарцуулсан мөнгөнөөс хэд дахин бага мөнгө зарцуулж болох болотлтой.  Энэ нийтийн бие засах газрын байшингийн хэмжээ нь 7x8 метр, өндөр нь 3.9 метр. Гэтэл ханын зузаан нь 51 см. Өрөөний хананы зузаан нь 12-24 см байгаа юм. Баян айлын хауснаас ч зузаан ханатай гээд бодохоор тийм их мөнгө орох нь ч зөв юм шиг санагдах нь тэр. Хэрэв ийм хэмжээний амины орон сууц баривал хэдэн төгрөгөөр барих бол гэсэн бодол толгойд орж ирэв. Ингээд 100 айлын “Би чадна” гэж өөрсдийгөө овоглосон барилга барьдаг хүмүүстэй уулзлаа. Тэд ийм хэмжээний байшин барихад хэдэн төгрөг орохыг тооцож өгч чадсангүй. Гэхдээ 7x8 хэмжээтэй байшингийн торх босгоход яагаад ч тийм их мөнгө орохгүй гэдгийг хэлэв. Тэдний ярьж буйгаар нэг ам метр ханыг 12 см-ын зузаантайгаар өрөхөд 52 тоосго ордог гэнэ. Тэдний хэлснээр тус бие засах газрын нийт талбайг тооцож үзэв. Нийтдээ 196 ам.метр талбайтай. Үүнд 46400 ширхэг тоосго орно. Харин тоосго өнөөдрийн байдлаар 110 төгрөгийн ханштай байгаа. Тэгэхээр 5.1 сая  төгрөгөөр тоосгоо авна гэсэн үг. Дээрээс нь 20 тн цементийг өнөөгийн ханшаас ялимгүй өндөр үнэтэй авахад 2.500.000 төгрөгөөр авна. Мөн ус, хаалга цонхны дээр байрлах даацын хавтанг /ялуу/ цутгах арматурыг 2.200.000 төгрөгөөр авъя гэж бодъё. Бас дээврийн хар цаасыг зах зээлийн ханшаас бас л өндөр үнээр авахад 2.300.000 /оросын чулуутай хар цаасаар тооцсон болно/, хар цаасаа наах хар тосыг 200000 гэж тооцов /барилга барьдаг хүмүүсийн тооцоо/. Ингээд бодоход 12-13 сая төгрөгөөр ийм хэмжэний барилгын торхыг төвөггүй босгож болох бололтой.  Үүн дээр ажилчдын цалинг нэмсэн ч инженерийн хэлж байгаачлан их тоо гарахгүй нь лавтай. Өнөөдөр юу юун ч хийгдээгүй байшин ийм их мөнгөөр босч байгаа юм чинь бүрэн баригдаж ашиглалтад ороход хэдэн төгрөг зарцуулагдах нь ойлгомжтой. Ингээд хаалга цонх, цахилгаан тоноглол, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаах тосгуур, хаалганы түгжээ. Цонхны рам гээд хэрэгтэй бүхнийг өнөөдөр 100 айлын зах дээр байдгаар тус бүрийг иилүү өндөр үнээр тооцоод барихад дээд тал нь 40 сая төгрөгөнд босох тооцоо гарч байгаа юм. За яахав хурдан, чаанртай барилаа гээд ажилчдад хамгийн өндөр цалин өглөө гэхэд 45 сая төгрөг болно биз.

                                     Төр хамгийн муу менежер үү, эсвэл…

 Одоо баригдчихаад байгаа зардлынхаа гуравны нэгд ч хүрэхгүй, Хадбаатар дарыгн хэлснээс хоёр дахин бага зардлаар босох тооцоо гарлаа. Үнэндээ ч бидний олигархи гэж нэрлээд байдаг улс төрчид баячууд 80 сая төгрөгөөр биш юм аа гэхэд 120 орчим сая төгрөгөөр уулын аманд нэг их тансаг биш юм гэхэд 2-3 давхар гайгүй хаус барьчихдаг юм билээ. УИХ-ын гишүүн Д.Хаянхирваа манай сонинд өгсөн ярилцлагадаа “Би 50 хан сая төгрөгөөр л нэг хаус бариулсан. Өөр өмч гээд байх юмгүй” гэж хэлж байсан удаа бий.
Тэгэхээр бие засах газар барих нэрээр урсч байгаа төсвийн энэ мөнгө хаашаа урсана вэ.

Эхний хувилбар нь “Төр бол хамгийн муу менежер” гэдэгтэй холбоотой байж болох. Юу гэвэл энэ бүхнийг нарийн тооцолгүй барилга бариина гэсэн хүмүүсийн амаар хөрөнгө мөнгөө гарын салаагаар цацаж байж болох. Гэхдээ л юманд чинь бас нэг баримжаа гэж баймаар. Нийслэлд имй мэргэжлийн инженер бишгүйдээ л нэг бийсэн.

Нөгөө нэг зүйл нь төрийн юм эзэнгүй гэдэгчлэн төсвийн мөнгийг хайрлаж харамлах хүнгүй гээд хувааж идэж байж болох. Ер нь сургуулийн хүүхдийн үдийн цайны материал, цэцэрлэгийн хүүхдийн хоол, анги танхимын ширээ, эмнэлгийн багаж, хэвтэн эмчлүүлэгсдийн эм гээд төсвийн мөнгөөр авдаг бүхэн зах зээлийн үнээс өндөр үнэтэй, чанар муутай байдаг явдал бий. Энэ нь энд давтагдаж байж ч мэдэх. Нийслэлийн шат шатны дарга нар, ялангуяа Хадбаатар дарга өөрийнхөө хашаанд, амралт, сувиллын газартаа ийм бие засах газар барьсан бол ямар үнээр барих байсан бол.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан