Аж ахуйн нэгж иргэн бүр татвар төлдөг. Татвар төлнө гэхээр заримд нь дансаа улайлгаж, түрийвчээ нуух гэдэг зан бий. Татварынхан шинэчлэл ил тодын хөтөлбөр боловсруулж иргэд, татвар төлөгчөөр хэлэлцүүлж эхэлсэн байна. Энэ хөтөлбөр нь 2012 он хүртэл үргэлжилнэ. Тэгэхээр та, бид бүгдийн төлсөн татварын мөнгийг юунд зарцуулж байгааг хянаж байх эрхийг энэ хөтөлбөр олгож байна. Бид хуулиа сахин биелүүлснээр татварын зөрчилгүй байж гэмээнэ татвараас чөлөөлүүлэх, хөнгөлүүлэх боломж бололцоо бас бий ажээ. Татвар төлөгч үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал тариалсан, үйлдвэрлэсэн бол түүнээс олсон орлогод ногдох татвараа 50 хувь хөнгөлүүлэх эрхтэй юм байна. Мөн хүүхэд тань гадаад дотоодын их дээд болон мэргэжлийн сургууль коллежид элсэн суралцаж буй бол түүний сургалтанд төлсөн төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт эдлэнэ. Та суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхэлж орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөрөө төлсөн нь баримтаар нотлогдвол төлбөрийн хэмжээгээр татвараас хөнгөлөлт эдлэх нь.
Бидний зарим орлого албан татвараас чөлөөлөгдөх үндэслэл бас байна. Тухайлбал донорын олговор, даатгалын нөхөн төлбөр, Засгийн газрын өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хувь хүний орлого, хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр тэтгэмж, төлбөр, үзүүлж буй хөнгөлөлт, нөхөх олговор, нэг удаагийн буцалтгүй тусламж татвараас чөлөөлөгдөх ажээ. Бас Монгол Улсын төрийн шагнал, Засгийн газрын шагнал, ардын болон гавьяат цолтны, шинжлэх ухааны нээлтийн шагналд албан татвар ногдуулахгүй.
Байр орон сууцтай болох нь хүн болгоны хүсэл мөрөөдөл гэхэд хилсдэхгүй. Орон сууцтай болоод татвараас чөлөөлөгдөх боломж байна. Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр анх удаа орон сууцны барилга барих, худалдан авсан бол татвараас чөлөөлүүлэх эрх эдлэнэ гэсэн үг. Тэгэхдээ 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогыг татвараас чөлөөлөх ажээ. Жирийн ажилчин бид ийнхүү хөнгөлөлт чөлөөлөлт эдэлдэг.
Тэгвэл баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүд ч бас татвараас хөнгөлүүлэх,чөлөөлүүлэх эрхтэй. Жишээлбэл 25 ба түүнээс дээш ажилчинтай аж ахуйн нэгжийн нийт ажилчны гуравны хоёроос дээш хувийг хараагүй ажилчин эзэлж байвал аж ахуйн нэгжийн орлогыг албан татвараас чөлөөлдөг байна. Мөн 50 дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг аж ахуйн нэгжийн нийт ажилчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эзэлж буй хувь хэмжээгээр тооцож татварын хөнгөлөлт үзүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагыг дэмжиж хандивлсан нэг сая хүртлэх төгрөгийг тухайн жилд нь татвараас чөлөөлөх хуультай.