Монголчууд, тодруулбал нийслэлчүүд жилд 150 сая литр сүү уудаг. Гэхдээ тетрапак савалгаатай, найруулсан хуурай сүүг ийм хэмжээтэйг уудаг гэнэ. Ийм мэдээ үндэсний үйлдвэрлэгчдэд байдаг. Яагаад хуурай сүү гээд байна вэ гэхээр тетрапак савлагаанд үнээний шинэхэн сүүг хангалж болдоггүй аж. Сүүнд ашигт бактери нь их байх тусмаа амархан муудаж, гашилдаг. Тиймээс тетрапак савалгаатай сүү нь дор хаяж худалдаанд гараад 14 хоног лангуун дээр байх ёстой учраас хуурай сүүгээр хийхээс өөр арга үгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаа юм. Тэгвэл манай үйлдвэрлэгчид дотооддоо бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд үндсэн түүхий эдээ гадаадаас татсаар байгаа юм. Бидний мэдэж байгаагаар АПУ, Витафит зэрэг томоохон компани Австралиас хуурай сүүгээ авдаг. Понтера нэртэй Австралийн хуурай сүү экспортлогч тэрхүү компанид нь жилд 250 орчим тэрбум ам.доллар эргэлддэг гэнэ. Гэхдээ тус компани нь хуурай сүүгээ фермерүүдийнхээ нийлүүлсэн үнээний цэвэр сүүнээс гаргаж авдаг. Зөвхөн тэр компанид л сүү нийлүүлж, хэдэн зуун фермер сүүний чиглэлийн сайн үнээгээрээ амьдралаа авч явдаг.
Тэгэхээр бидэнд ч энэ боломж байгаа. Хамгийн гол нь талаар нэг тарсан малчдаасаа сүүг нь хураан, татан төвлөрүүлэх ямар ч мехнизм өнөөдрийн байдлаар монголд байхгүй. Үнээний цэвэр сүүгээр нийслэлчүүдийн хэрэгцээг хангана гэвэл үлгэрийн далай гэдэг нь тодорхой. “Хаа байсан баруун аймгаас сүү тээвэрлэсээр нийслэлд авчраад түүнийгээ боловсруулна гэхээр эхлээд ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй, хоёрдугаарт тээврийн , хөргөгчтэй машиных гээд л зардал нь дийлдэхгүй. Тэгээд замдаа муудчихалгүй ирдэг юмаа гэхэд боловсруулаад хэрэглэгчийн гарт хүртэлх өртгөө нэмбэл хэдэн төгрөг болж эцсийн бүтээгдэхүүн болох вэ гэдэг үнэхээр хэцүү. Магадгүй үнэтэй бүтээгдэхүүн болж гарах байх л даа” хэмээн үйлдвэрлэгчид ярьж байсан.
Монгол 40 сая малтай хөдөө аж ахуйн орон байж яагаад хуурай сүү уух ёстой гэж хэмээн үйлдвэрлэгчдээ адлаад байдаг нь үнэхээр нэг талаар өрөөсгөл юм. Тэгвэл түүхий идээ гадаадаас импортлохгүй 40 сая малынхаа ашиг шимийг эдийн засагтаа шингээж үлдэх ямар боломж байгаа вэ гэдгийг л хамгийн түрүүнд олъё. Мэдээж сүүгээ татан төвлөрүүлэх орон нутагт нь боловсруулах үйлдвэртэй болох гээд л элдвийн арга хайх шаардлага гарах байх. Одоогоор манайд хуурай сүү үйлдвэрлэх технологи нь орж ирээгүй байна. Хуурай сүүг урд хойд хөршөөсөө, Швейцариас л авдаг гэсэн ойлголт хэрэглэгчдэд бий.
Харин үүнийгээ бид дотооддоо боловсруулах боломжийг бий болгоё. Малчид маань хотод ойрхон үнээний фермтэй болж, сүүнийхээ борлуулалтад санаа зовохгүй суухсан. Гэвч одоогоор энэхүү технологийг дээд зэргээр оруулж ирж, эхний ээлжийн түүхий эдээ татах үнээний ферм байгуулах боломж дотоодын үйлдвэрлэгчдэд хомс байгаа бололтой. Тиймээс үйлдвэрлэгчдийн хувьд төрөөс бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай байгаа юм гэж байлаа. Гэвч төрийн сан тийм ч арвин биш учраас дотоодын хэдэн үйлдвэрлэгчдэд урт хугацаатай бага хүүтэй зээл олгох чадал байхгүй. Хүү нь багадаа сарын 1 хувь жил нь уртдаа тав л байгаа. Дээрээс нь зээлийн мөнгөний хэмжээ нь бага. Тэгэхээр арилжааны банкнаас зээл авсан үйлдвэрлэгчид зээлийн хүүндээ л шоглуулчихаад цааш алхаж чадахгүй гацчихдаг. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгчдээс шингэн сүү боловсруулж хуурай сүү үйлдвэрлэх үйлдвэр хүлээнэ гэдэг шоргоолзны үлгэрийг амьдралд давтахаас өөрцгүй.
Саяхан Өмнөд Солонгосын нэгэн компаниас манай ХХААХҮЯ-нд хуурай сүүний үйлдвэрлэх томоохн үйлдвэр монголд байгуулах санал тавьсан гэнэ. Дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж хуурай сүү үйлдвэрлэх боломж байгааг тэд дуулгаад яамны мэргэжилтнүүд болоод манай зарим үйлдвэрлэгчдэд өөрийн технологийг танилцуулахаар Солонгост урьсан гэнэ.
Монголд энэ зах зээл байна, бүүр их хэмжээгээр ашиг олж болох боломжтой гэдгийг ийн Солонгос нөхөд мэдэрсэн бололтой. Харин мөнгөгүй хүн дагаад дуугүй толгой дохихоос өөр яалтай. Манай салбарын яамныхан малчдын маань сүүг аваад дотоодод нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн үйлдвэрлээд дотоодын хэрэглэгчид болоод үйлдвэрүүдэд нийлүүлэх юм чинь хэмээн дэмжих л байх. Гэвч гадаадын компани л бол гадаадынх. Тэдний орлого тэдний улс руу л явна. Харин бид…