Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян сураггүй болсон онгоцыг эрэн хайх ажлаа эцсийн найдвараа үгүй болтол үргэлжлүүлсээр байх болно хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Тус онгоцонд 239 зорчигч явсны 153 нь Хятадын иргэд юм.
Хятадын Засгийн газрын албан ёсны цахим хуудас өчигдөр орой хиймэл дагуулаас авсан Өмнөд Хятадын тэнгист үл мэдэгдэх биет хөвж явааг харуулсан зургийг дэлгэсэн нь онгоцыг олж магадгүй гэсэн найдлага төрүүлээд байгаа. Онгоцны хамгийн сүүлд холбоо барьсан газраас 150 милийн зайтай далайд энэ биет хөвж яваа бөгөөд онгоцны нэг хэсэг мөн эсэхийг хараахан олж тогтоогоогүй байгаа юм. Тэр хавиар Вьетнам, Малайзын онгоцууд явж, тухайн байрлалыг шалгасан боловч хиймэл дагуулан зурагт харагдсан шиг зүйлийг олж хараагүй байна.
Түүнчлэн Хятадын хэлээд байгаа тэр газарт бямба гаригт ямар нэг ноцтой зүйл ажиглагдаагүй, онгоц хэрвээ дэлбэрээд усанд унасан бол АНУ-ын тагнуулын хиймэл дагуулд мэдэгдэх байсан гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тус улсын тагнуулын зориулалттай хиймэл дагуул агаарын хэмийг хүртэл мэдэрдэг учраас хэрэв онгоц дэлбэрч шатсан бол хиймэл дагуулд мэдэгдэх ёстой байжээ.
Хятадын хиймэл дагуул дээрх зургийг осол болсны маргааш авсан атал дөнгөж өчигдөр олон нийтэд дэлгэгдсэн юм. Яагаад ингэж удсан шалтгааныг мэдээллийг нарийн нягталж, шалгаж боловсруулахад цаг хугацаа орсон хэмээн тайлбарлажээ.
Ийнхүү олон улсын баг хамтран хайж байгаа ч Малайзийн агаарын тээврийн Бойнг онгоцны хувь заяа хэрхсэн нь одоо хүртэл тодорхойгүй л байна.