Нарны эрчим хүч болон нарны зайн дэлгэц үйлдвэрлэлийн өнөөгийн байдлын талаар “Санко соолар монголиа” компанийн гадаад харилцаа, хангамжийн менежер Г.Үемаатай ярилцлаа.
-Танай үйлдвэр Япон улс руу нарны зайн дэлгэц экспортод гаргадаг гэхээр хэн, хүнд төсөөлөгдөхгүй байна. Тэгэхээр эхлээд нарны зайн үйлдвэрлэлээс яриагаа эхлэе?
-Нарны зайн үйлдвэр гэдэг нь нарны панел буюу нарны фото цахилгаан үүсгэврийг угсарч үйлдвэрлэхийг хэлж байгаа юм. Харин “Санко соолар монголиа” компани нь 2011 онд Монголд анх удаа үйлдвэрлэж эхэлсэн. Жилдээ 10 МВт-ын хүчин чадалтай байсан бол дараа оноос нарны панелыг эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр нь Япон улс руу экспортод гаргаж эхэлсэн. Өнгөрсөн оны байдлаар бид дөрвөн мВт-ыг Япон улс руу гаргасан нь “Чоно” гэдэг нэрээрээ тус улсад брэнд болсон. Одоогоор Фүкүшима мужид баригдсан 1.6 мВт-ын нарны станцын панел болон Сайтамад баригдсан нарны цахилгаан станцад дотооддоо үйлдвэрлэсэн панелаа нийлүүлсэн.
-Япон улсын технологи маргаангүй өндөр хөгжилтэй. Яагаад Монголоос нарны панел худалдаж авдаг юм бэ?
-Дэлхийн жишигт нийцэхүйц, нарны зайн дэлгэц үйлдвэрлэх төхөөрөмж манайд улсад байна. Үйлдвэрлэлийн стандарт, процесстойгоос гадна олон улсын сертификаттай үйл ажиллагаа явуулдаг. Эцсийн бүтээгдэхүүн маань хүртэл олон улсын жишигт нийцсэн шүү дээ. Гэтэл хүмүүс гайхаад байдаг. Өндөр хөгжилтэй Япон улс яагаад манай улсаас нарны панел авдаг вэ гэж. Үүнийг хоёр талаас нь тайлбарлаж болно. Нэгдүгээрт, манай үйлдвэрийн өөрийн нөөц бололцоо, зорилт гэж зүйл бий. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг яагаад экспортод гаргаж болохгүй гэж. Өөр улс руу ч гэсэн экспортлохоор бид төлөвлөж байна. Хоёрдугаарт, бид дэлхийд өрсөлдөхүйц үнийг санал болгодог. Нарийн үнийг тодорхой хэлэх боломжгүй ч хэрэглэгчээ татах хэмжээнд үнийн санал илгээдэг.
-Манайд хэд, хэдэн удаа нарны эрчим хүчинд суурилсан гэрэлтүүлэгтэй болох тендер зарлагдаж байсан. Энэ тендерт ихэвчлэн БНХАУ-аас хямд үнээр орж ирсэн панелыг суурилуулах болдог. Гэтэл бид дотооддоо үйлдвэрлээд зогсохгүй экспортын бүтээгдэхүүн болгож байна. Яагаад дотоодын үйлдвэрийн панел шалгарах боломжгүй байгаа юм бэ?
-Бид нарны панелын дотоодын хэрэгцээг хангах бүрэн хүчин чадалтай. Гэхдээ зарлагдсан тендерт хувь хүний юм уу, аль нэг аж, ахуй нэгжийн сонирхол давамгайлдаг. Өөрөөр хэлбэл, БНХАУ-аас оруулж ирсэн панел илүү хямд үнэтэй байна. Үүнд, олон шалтгаан байгаа л даа. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирэхэд гаалийн татвар байдаггүй учраас хямд өртгөөр ороод ирдэг. Мэдээж, хэтэрхий хямд зүйл чанарын хувьд сайн байхгүй нь тодорхой шүү дээ. Бид ч гэсэн хямд үнийг санал болгож чадна л даа.
-Тэгээд?
- Хятадад үйлдвэрлэсэн шиг хэтэрхий хямдыг бол чадахгүй. Яагаад гэвэл, бид 20 жилийн баталгаа өгч, олон улсын чанарын түвшинд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Үүнд л ялгаа байна. Нөгөөтэйгүүр, бид эцсийн бүтээгдэхүүн гаргахын тулд түүхий эдээ импортоор авдаг. Тэгэхдээ 15.5 хувийн татвар төлдөг учраас эцсийн бүтээгдэхүүнд өртөг шингэсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, бэлэн бүтээгдэхүүн нь ямар ч стандартгүй, татваргүй орж ирдэг. Харин үйлдвэрлэл явуулах гэхээр түүхий эд нь татвартай болчихдог. Өмнө нь зарим системийн түүхий эдээ гаалийн татваргүй оруулж ирдэг байсан бол одоо чадахгүй байгаа. Гэтэл дуртай хүн нь хямд эцсийн бүтээгдэхүүнийг манай улсын хилээр оруулж ирэх боломжтой байна. Ийм тохиолдолд бид чанаргүй, эдэлгээ муутай нарны панелыг зах зээлээс шахна гэдэг хэцүү л дээ. Энгийн хэрэглэгчийн хувьд ялгааг нь сайн мэдэхгүй. Хоёулаа л цэнхэр өнгөтэй, хоёулаа л адилхан хэмжээтэй бол хүн хямд үнэтэйг нь сонгоно. Тиймээс манайд сэргээгдэх эрчим хүчний ямар нэг төхөөрөмж, материал оруулж ирэхэд тавигдах стандарт байх хэрэгтэй.
-Тухайлбал, чадлын алдагдлын хэмжээ нь хэд байх ёстой вэ?
-Нарны зайн үүсгэврийн зөвшөөрөгдөх алдагдлын хэмжээ нь жилдээ нэг хувь гэгддэг. Гэтэл зах, зээлд орж ирсэн панел дээр туршилт хийж үзэхэд жилд нэг хувь байтугай 10-20 хувиар чадлын гаралт нь буурсан панел маш их бий. Энэ нь манай зах зээл ямар бүтээгдэхүүнээр дүүрчихсэн байгааг илтгэж байгаа юм. Гэтэл нарны панел гэдэг чинь өөрөө үйлдвэрлэлийн олон дамжлага дамжсаны эцэст эцсийн бүтээгдэхүүн болж гарах ёстой байдаг. Жижиг ширхэгтэй тоос, шороог хүртэл үйлдвэрлэлийн явцад нарны панелд оруулж болдоггүй учраас бид эцсийн дамжлага дээр хиймэл гэрэлтүүлэг өгч нарны элемент үйлдвэрлэлийн явцад бичил хагарал гарсан эсэхийг шалгадаг. Хэрэв тоос орсон байвал бид тухайн бүтээгдэхүүнийг зах, зээлд нэвтрүүлж борлуулдаггүй. Тиймээс үйлдвэрийн орчин маш цэвэрхэн байх ёстой.
-Ямар түүхий эд ордог вэ?
-Нарны панелын үндсэн түүхий эд нь нарны элемент гэсэн зүйл бий. Энэ нь гүн хөх өнгийн цахиурын түүхий эдээр хийгдсэн нимгэн ялтас. Үүн дээр тугалган утас цахилгаан дамжуулах хэлбэрээр ордог. Мөн тусгай горимоор хатаасан хатаалттай шил зэргээс бүрдэнэ. Харин буланд нь хөнгөн цагаан хүрээ, ард нь цахилгааны холболтын хайрцаг гэсэн үндсэн 20 гаруй түүхий эд орсны эцэст нарны зайг бүрдүүлдэг. Харин төрлийн хувьд 242, 188, 136 ватт зэрэг олон төрөлтэй. Жишээ нь малчид 136 ватт-ын нарны панел хэрэглэвэл, 1-2 гэрэл асаах, утсаа цэнэглэх, 12 вольтын зурагт үзэх зэрэгт хүрэлцэнэ. Харин 70 ваттын хэмжээтэй панел нь овор хэмжээний хувьд бага учраас зөөж явахад тохиромжтой байдаг. Ер нь наранд мөнгө төлөхгүй учраас нэг удаагийн хөрөнгө оруулалтаар 20 жил эрчим хүч хэрэглэх боломжтой.