Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос Хятадаас дутахгүй түнш байхыг хүсч байна

Нэгэн цагт Орос орон биднээс экспортын нийт бүтээгдэхүүний 90 хувийг худалдаж авдаг байлаа. Зэс, цайр, нүүрс, мах, мал, арьс үс гээд л. Харин өнөөдөр  Хятад улс экспортын нийт бүтээгдэхүүний 79, Канад 9 хувийг авч байгаа бол Орос зөвхөн гурван хувийг л авдаг гэсэн баримт бий.
 Харин Шинэ оросууд биднийг өнөөдөр Францын нутаг дэвсгэрийг гурав нийлүүлсэн юм шиг өргөн уудам нутагтай, ойролцоогоор таван сая монгол үндэстэн Хятадад амьдардаг гэдгийг сайн мэднэ.
Түүнчлэн АНУ-ын талын баримтлагч, энхийг сахиулах үйл ажиллагаанд дэлхийн цөөнгүй улсад оролцож буй тухай ч мэдээлдэг. Гэхдээ хамгийн гол баялаг ихтэй, бидний ирээдүйн итгэлтэй түнш гэдгийг юу юунаас илүүтэй мэдэрдэг.
Өнгөрсөн жил Оросын Ерөнхийлөгч Д.Медведев, Ерөнхий сайд В.Путин нар нь Монголд зүгээр ч нэг айлчлаагүй. Тэд уран олборлох, импортлох сонирхолтой байгаагаа шууд л илэрхийлсэн. Түүгээр ч зогсохгүй Тавантолгойд ч санаатай байгаа гэдгээ, Хятадаас багагүй энэ төсөлд оролцохыг ч хүссэн. Гэхдээ одоогоор Монгол Улс бидэнд нааштай шийдвэр өгч, санал тавих гэж яарахгүй. Тэд Хятад, Япон зэрэг баян хөршүүд, АНУ, Канад гэсэн “найз”-тай  гэж оросууд бичиж байгаа юм.



Харин энэ удаад Москвад тэд юу яриа бол. Тэд гэж хэн бэ гэж үү. Хоёр улсын Ерөнхий сайд. Хойд хөрш биднээс, Ерөнхий сайдаас, энэ удаагийн айлчлалаас юу хүсч байгаа бол… Ерөнхий сайдын хувиар энэ бол С.Батболдын анх удаа Орост хийж буй төрийн айлчлал. Харин Орос түүний хувьд оюутан ахуй цаг, бизнест хөл тавьсан үе, УИХ-ын гишүүн байхдаа хийсэн айлчлал мөн Гадаад хэргийн, Үйлдвэр худалдааны сайд байхдаа хийсэн айлчлал гээд тоолбол тэрээр Орост сурч, ажиллаж, айлчилж, амарч байсан нэгэн. Түүний айлчлалын талаар оросын хэвлэлүүд хэрхэн бичиж буйг сонирхсон юм.
Оросын өдөр тутмын томоохон хэвлэлүүдэд бичсэнээр хоёр улсын Ерөнхий сайд худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт болоод эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухайд зөвшилцөхөөс гадна Монголын Орост төлөх өрийг ч хөндөх нь. Оросын Засгийн газрын хэвлэлийн албанаас хамгийн чухал нь тээвэр, санхүү, банк,  хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах гэрээнүүдийг үзэглэх  гэж мэдээлжээ. Мөн нам, улс төр болоод хил орчмын асуудал, ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 90,  сансарт хамтран хүн нисгэсний 30 жилийн баярын ойг хэрхэн тэмдэглэх талаар ч ярилцсан гэнэ.
Орос Монголын худалдаа эдийн засгийн харилцаа 2006 оноос эрчимжиж, 2008 онд хоёр улсын худалдаа эргэлт нэг тэрбум ам.долларт анх удаа хүрсэн юм. Гэхдээ 2009 онд дэлхийн эдийн засаг санхүүгийн хямралаасс үүдэлтэйгээр бага зэрэг буурч 833.8 сая ам.долларт хүрсэн. 2010 оны эхний  есөн сарын байдлаар худалдаа эргэлт 825.2 сая ам.долларт хүрээд байгаа. Тэгэхээр магадгүй нэг тэрбум ам.доллараа давах биз.
Өнөөдөр хоёр улсын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгдэл, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг зэрэг нь Монголын ДНБ-ий 20-оод хувийг бүрдүүлж буй юм. Зөвхөн Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн 40-өөд хувийг бүрдүүлдэг билээ.
Гэхдээ өнөөдөр Монголын томоохон төслүүд дээр Оросын худалдаа, үйлдвэрлэл, санхүүгийн улсын болоод хувийн томоохон компани орж ажиллах сонирхлоо илэрхийлсээр байна. “РосАтом”, “Интер РАО”, “Полиметалл”, “Базовый элемент” “Ренова”, “Газпромбанк” гэх зэргийг дурдаж болох билээ.  Ялангуяа нүүрсний асар их нөөцтэй Тавантолгойн төсөл мөн Улаанбаатар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Оросын компаниуд оролцох сонирхолтой байна. Үүнийг Оросын Засгийн газрын хэвлэлийн албанаас ч онцлон мэдээлсэн байгаа юм.

Оросын Сангийн яамнаас мэдээлснээр Хоёр улсын хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хөрөнгө оруулалтын асуудлыг энэ удаа шийдэх нь бололтой.
Өнгөрсөн есдүгээр сарын Оросын тээврийн яамнаас Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн шинэчлэлд зориулан 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн билээ.
Онцлон мэдээлж буй өөр нэг салбар бол эрчим хүч, эрдэс баялаг. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн эрчим хүчний салбарт хамтран ажиллах меморандумд гарын үсэг зуржээ. Арваннэгдүгээр сарын сүүлээр хоёр орны эрчим хүчний сайдууд эрчим хүч, эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах талаар ярилцсан аж. Эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүний экспорт, импортын талаар зөвлөөд Оросын төрийн өмчит “Интер РАОЕЭС” эрчим хүчний компани 2015 оны төгсгөл хүртэл эрчим хүч нийлүүлэх гэрээ хийх юм байна. Урт хугацааны гэрээний ачаар Монголын тал эрчим хүчний үнэ нэмэгдэх үед эрсдэл хүлээхгүй байх боломжтой гэдгийг тэд бичиж байгаа юм.

Орост бид 180 сая ам.долларын өртэй. Их өрийн үлдэгдэл. Хэдийгээр 2003 онд хоёр улсын Ерөнхий сайд их өрийн 98 хувийг хөнгөлөх гэрээнд гарын үсэг зурсан ч үүнээс 180 сая ам.доллар үлдчихсэн байсан гэдгийг саяхнаас Оросын тал сануулан, шахах болсон. Энэ оны 10 дугаар сард хоёр улсын Сангийн сайд өрийн асуудал шийдэх меморандумд гарын үсэг зурсан ч Оросын Сангийн сайд Д.Панкин “одоогоор тодорхой зөвшилцөлд хүрээгүй” гэдгийг албан ёсоор мэдэгдсэн билээ.
Харин энэ удаад Ерөнхий сайд албан ёсны айлчлалынхаа хүрээнд нийгэмд байнга хэрүүлийн бай болдог энэ асуудлыг ч нэг тийш болгож цэгцлэх нь бололтой. Оросын талаас энэ тухай, энэ асуудлыг онцгойлон мэдээлж буй билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан