Германчууд үгсэн хуйвалдагчдыг 100 хүртэл сая еврогоор торгодог
Германы картелийн эсрэг тэмцэх газрын гадаад харилцааны хэлтсийн дарга Маркус Ланже ярихдаа, Германы өрсөлдөөний байгууллага төдийгүй дэлхий дээр үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөөний байгууллагуудыг гол зорилго нь картел буюу үгсэн хуйвалдахтай тэмцэх. Германы хувьд картел хийсэн компанид ахиж өрсөлдөөнд харш үйлдэл хийхээргүй, өрсөлдөөний хууль бодлогыг ойлгохоор өндөр хариуцлага ногдуулдаг. Хуульд зааснаар 100 сая хүртэлх еврогоор, эсвэл өнгөрсөн жилийн орлогын 10 хүртэлх хувиар нь торгодог. Манай түүхэнд хамгийн өндөр тогтоосон торгуулийг цементийн компаниудад ногдуулсан. Энэ хэрэгт оролцсон голлох зургаан компани 700 сая еврогийн торгууль хүлээсэн. Хэдийгээр Германы өрсөлдөөний байгууллага торгууль ногдуулсан шүүх дээр очиж энэ торгуулийн хэмжээ баталгааждаг. Картелийн тухай товчхон хэлэхэд энэ бол нууц байдалд хийгддэг болохоор магадгүй бидний мэдэхгүй өчнөөн ийм зүйл эдийн засагт явж л байгаа. Харамсалтай нь үүний хор хохирлыг тоолж баршгүй. Хамгийн наад зах нь хэрэглэгч өндөр үнэ төлж, чанаргүй бараа авдаг гэлээ.
Тиймээ үгсэн хуйвалдаанаас үүдсэн хохирлыг татвар төлөгчид л нуруун дээрээ үүрдэг. Тэгвэл бид хуйвалдагчдад ямар хариуцлага ногдуулдаг билээ. Үгсэн хуйвалдаж үнээ нэмэх хэргийг илрүүлж байсан бил үү …
Монголчууд ч үгсэн хуйвалдахдаа гарамгай
Монголын зах зээлд монополь эрхээ ашиглан үгсэн хуйвалдсан гэдгийг батлах хоёр ч хэргийг илрүүлсэн байдаг.
Эхнийх нь, нефть импортлогчид нефть хийн ассоциациараа дамжуулаад нэг өдөр, нэг цагт, нэгэн зэрэг, нэг үнээр бүтээгдэхүүнээ борлуулж эхлэхээр тохирсон байгаа юм. Энэ тухайгаа нефть хийн ассоциацын проткольд тэмдэглэж үлдсэн учраас импортлогчид хэргээ хүлээсэн байдаг. Үүнээс болж зургаан аж ахуйн нэгжийг тус бүр 250 мянган төгрөгөөр торгожээ. Дараагийнх нь аудитын үйл ажиллагаа эрхлэгчид үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн тохиолдол байлаа. Өмнө нь аудит хийдэг аж ахуйн нэгжүүд үйлчлүүлэгчидтэйгээ тохироод зах зээлийн зарчмаар ажилладаг байсан бол өнгөрсөн жилээс бүх аудитын нэг цагийн хөлс 408 мянган төгрөг байна гэж тогтоосон байна. Аудит хийдэг аж ахуйн нэгжүүдээ цуглуулаад хэрвээ ийм мөнгөөр ажиллахгүй бол эрхийг чинь хасна гэж дарамт үзүүлж. Тиймээс аудитын үйл ажиллагаа эрхэлдэг 42 аж ахуйн нэгжийг тус бүрт нь 250 мянган төгрөгөөр торгосон байгаа юм. Учир нь одоогийн мөрдөж байгаа хуулиар Захиргааны хэргийн хамгийн дээд шийтгэл бол 250 мянган төгрөгөөр торгох.
Харин өнгөрсөн сард УИХ-аар батлагдсан Өрсөлдөөний тухай шинэ хуулиар үйл ажиллагааны байдал нийгэмд учруулж байгаа хор хохирол зэргээс нь шалтгаалаад өнгөрсөн жилийнх нь борлуулалтын орлогоос зургаа хүртэл хувиар торгодог болжээ. Мөн зах зээл дэх давамгай байдлаа буруугаар ашиглавал 10 сая хүртэл төгрөгөөр торгохоор зүйл заалт орж өгсөн байгаа юм.
Тэднийг хэрхэн барих вэ
Хэдийгээр үгсэн хуйвалдсан нь илт баримттай байгаа аж ахуйн нэгж, компанийг барьж болох ч энэ бол удаан хугацаанд илрэхгүй байх боломжтой хамгийн нууцлагдмал хэрэг юм. Хэрвээ үгсэн хуйвалдаж буй компанийн удирдлагууд утсаар яриад эсвэл хүлээн авалт энэ тэр үйл ажиллагаан дээр ярилцаад тохирчихвол ямар ч баримтгүй учраас буруутгах аргагүй болчихдог байна. Тиймээс дэлхий нийтээр мөрдөж байгаа хамгийн сайн арга бол бусдыгаа илчлэх гэнэ. Өөрөөр хэлбэл үгсэн хуйвалдаж байгаа аж ахуйн нэгжүүдээс аль нэг нь энэ хэргийг илчилбэл хариуцлагаас 100 хувь мултрах боломж олгодог. Германы хувьд эхлээд ирсэн 100 хувь, дараагийнх нь 50 хувиар хариуцлагаас мултардаг аж.
Энэ талаар Германы картелийн эсрэг тэмцэх газрын гадаад харилцааны хэлтсийн дарга Маркус Ланжээс тодруулахад, Картелийг илрүүлэх зорилготой хэд хэдэн багаж хэрэгсэл шаардлагатай байдаг. Гэхдээ энэ бүхнээс хамгийн чухалд дараахь зүйлс орно. Нэгдүгээрт манай өршөөлийн хөтөлбөр маш сайн үр дүн үзүүлдэг.Өөрөө их хэмжээний торгууль хүлээхгүйн тулд тухайн компани бусадтай үгсэн хуйвалдсанаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө илчилдэг. Хоёрдугаарт тухайн компанид ажиллаж байгаад ажлаасаа халагдсан, гарсан хүмүүс бидэнд мэдээлэл өгөх нь цөөнгүй. Гуравдугаарт, хэрэглэгчийн гомдол санал гол үндэс нь болдог.
Хэдийгээр манай шинээр батлагдсан Өршөөлийн тухай хуульд энэ талаар тусгасан байгаа ч манайд бодит үр дүнгээ өгөх нь юу л бол…
Гэвч өнөөдөр ч зах зээлд үгсэн хуйвалдаж үнэ нэмэх тохиолдол байсаар л байна. Хамгийн гол нь шинэ хуулийн хэрэгжилт үр дүнг л харах үлдлээ.