Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Утаагаа үйлдвэрлээд бай

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо ахиад яаралтайхан хуралдах хэрэгтэй болов оо хөөрхий. Хөөрхийлөхийн учир юунд гэвээс ирэх сарын 1-нээс эрчим хүчний үнэ нэмэгдэхээр боллоо. Ингэхээр нийслэлийн утаатай энэ жил тэмцэхээр төлөвлөсөн 34 тэрбум төгрөгөө лав нэмж таарах байх даа. Хэрвээ гүйцэтгэгчээс чанартай ажил шаардахыг хүсвэл хангалттай хөрөнгө оруулалт хийх нь тодорхой биз дээ. Өнгөрсөн жилүүдэд утаатай тэмцээд гарахгүй байгаа үр дүнг дандаа хөрөнгө мөнгө руу чихэж бултуулдаг байсан. Тэгвэл энэ жил яриад байгаа шат дараатай нэмэх эрчим хүчний үнэ нь нийслэлийн утаанд ёстой ташуур болно доо. Нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа170 мянган өрхийг шууд орон сууцжуулах боломж байхгүй учраас өнөөдөр утаатай тэмцэх гол арга нь яг үнэндээ цахилгаан халаагуур л байсан. Айл бүрийг цахилгаан халаагууртай болгохын тулд Ерөнхийлөгч хүртэл хууль санаачлан батлуулаа биз дээ.

Хуулинд зааснаар цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээнд холбогдож цахилгаан халаагуур хэрэглэж байгаа гэр, хувийн байшинтай өрхийн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хүртэл хувиар бууруулж, зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлэх гээд тодоос тодоор бичжээ.
Хуулийн нөхцөл шаардлагыг хангасан өрхөд энэ жилдаа 4.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, цахилгаан халаагуурт 1.6 тэрбум төгрөг шаардлагатай гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан тооцоонд дурдсан байгаа юм.
Энэ жил гэр хорооллыг цахилгаан эрчим хүчээр хангаж, дэд станцуудыг нь шинэчлэхэд 21.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.  Харамсалтай нь энэ бол үр дүнтэй ажил хөрөнгө оруулалт болох нь юу л бол. 
 Хэдийгээр сайхан амттай хоолны нэр хэлэв гэгчээр хуулийг зарим заалт чихэнд чимэгтэй сонсогдовч амьдралд ийн хол зөрүүтэй туссаар байна даа, Ерөнхийлөгч минь.



Яг амьдрал дээр цахилгаан халаагууртай айл өрх тун цөөн байгаа нь цахилгааны үнээ дийлэхгүйгээс л үүдэлтэй шүү дээ. 50 ам.метр талбайтай байшинтай нөхөр өвлийн улиралд зөвхөн халаалтандаа сар бүр 200 гаруй мянган төгрөг төлөх болчихоод байгаа юм. Өнөөдөр ийм боломжтой айл өрх хэд билээ. Тэгэхээр одоо цахилгаан квт тутамдаа дөрвөн төгрөгөөр нэмэгдчихээр энэ үнэ ахиад л нэмэгдэх нь ойлгомжтой. Хэдийгээр улс тавин хувийг нь даана гэх ч 100 гаруй мянган төгрөг цахилгаандаа төлөөд суух өрх олдох уу.
Магадгүй эрчим хүчнийхний хувьд айл өрхөд улс татаас олгодог болж байгаа учраас төдийлэн ачаа болохгүй гэж муйхарласан ч байж болох. Гэхдээ 100 гаруй мянган төгрөг сард цахилгаандаа төлснөөс өвөлдөө үнэд ороод ороод л 120 мянган төгрөг болдог нэг портер нүүрсээ хоёр сард түлээд утаагаа үйлдвэрлэхийг илүүд үзэлгүй яахав дээ.

 Тэгэхээр эрчим хүчний салбараа аварч байна хэмээн үнэ нэмлээ гээд нийслэлийн утааны үйлдвэрлэлийг л дэмжих нь тодорхой боллоо. 100 мянган орон сууц хөтөлбөр цаасан дээр байгаа цагт утааг бууруулах хамгийн сайн арга бол цахилгаан халаагуур гэдэгтэй үнэндээ маргах хүн үгүй. Хэчнээн утаагүй түлш үйлдвэрлэлээ гэж байгаа ч тэр зууханд ороод гал болж л байгаа юм чинь их бага хэмжээгээр утаа тортог агаарт цацаж л байгаа.
Гэхдээ бидэнд огт гарц байхгүй юу гэвэл худлаа. Наад зах нь нийслэлийг утаагүй л болгоё гэж байгаа бол улс архи, спиртийн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг  “дэмжин” сар бүр иргэн бүртээ олгож байгаа 21 мянган төгрөгөөрөө нүдээ аниад чихээ бөглөөд л цахилгааныхаа үнийг бууруулах ажилд төсөвлөсөн бол…
Иргэн бүрт 21 мянган төгрөг өгч байснаас илүү улсдаа ч, иргэндээ ч ашигтай байхсан. Ерөнхийлөгчийн санаачилсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль хэрэгжихэд ойролцоогоор 500 тэрбум төгрөг хэрэгтэй хэмээн УИХ-ын байнгын хороон нэгэн хуралдаан дээр эрхэм гишүүд маань айлдаж суусан. Тэгвэл бид чинь “Эх орны хишиг” гэж улсаас энэ жил 805 тэрбум төгрөгийг нь идэж байгаа шүү дээ. Үнэндээ энэ жил түүхэд байгаагүй алдагдалтай төсөв баталжээ гээд гайхаад ч байх юм алга. Тэр алдагдал нь өнөөдөр ердөө л архи, согтууруулах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих татаас болоод өнгөрч байгаа юм чинь.

Худлаа гэвэл статистикийн мэдээгээ л нэг сайн тогтоод хараарай түшээд минь.
Улсын хэмжээнд 2011 оны эхний улиралд 5091 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 420 хэргээр буюу 9.0 хувиар нэмэгджээ. Гэмт хэргийн улмаас 2011 оны эхний улирлын байдлаар 1874 хүн гэмтсэн нь 422 буюу 29.1 хувиар өссөн үзүүлэлт гэж өчигдөрхөн гарсан мэдээнд дурджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан