Сураггүй алга болсон Малайзын онгоцны хэрэг явдлын эргэн тойронд нууцлаг, ойлгомжгүй үйл явдлууд болсоор байна. Онгоцны зорчигчдын утас руу залгахад одоо хүртэл дуудсаар байгаа нь олныг гайхашруулж, хохирогчдын ар гэрийнхэн хариулт эрсээр байгаа боловч үүнд тодорхой хариулт өгч, ийм зүйл байх боломжтой эсэхийг тайлбарлах мэргэжилтэн алга байна.
Онгоцонд явсан 239 зорчигчийн заримынх нь утас дуудаж буй дохио өгч байгаа бол, заримынх нь онлайн хаяг бүр идэвхтэй байдалтай харагдаж байгаа гэнэ. Нэгэн зорчигчийн хадам дүү хэлэхдээ ахынх нь QQ хэмээх Хятадын онлайн сүлжээн дэх хаяг идэвхтэй харагдаж байгаа атлаа ямар ч хариу өгөхгүй байгаа аж. Гэхдээ энэ үнэн эсэхийг албаны хүмүүс шалгахаар ирэхэд идэвхгүй болсон байж.
Тэгвэл онгоцонд хүмүүсийн утас ажиллаж байна гэж 19 зорчигчийн ар гэрийнхэн нэгдсэн мэдэгдэл гаргаж, гарын үсгээ зуран албаныханд өгсөн байна. Нэгэн хятад зорчигчийн дүү телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр ах руугаа хоёр ч удаа залгахад дуудаж байгаа дохион өгсөн байна. Гэвч Малайзын агаарын тээврийн компанийн хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн өмнө тэр дугаар руу залгахад хариу өгөөгүй аж. Энэ мэтчилэн зорчигчдын утас дуудаж буй дохио өгч байгаа нь үнэн эсэх нь ч сүүлдээ эргэлзээтэй болжээ. Гэхдээ зорчигчдын ар гэрийнхэн утас нэгэнт дуудаж байгаа учраас байршлыг нь илрүүлэх боломжтой гэж үзэн, мэргэжилтнүүдийг шахаж шаардаж байна. Тэд Малайзын агаарын тээврийн компани болоод мэргэжилтнүүдийг хэтэрхий удаан ажиллаж байна. Мөн мэдээллийг ар гэрийнхнээс нууцалж байна хэмээн бухимдаж, хэвлэлийн хурлын үеэр албаныхан руу ус цацсан явдал ч болжээ.
Хохирогчдын ар гэрийнхний зарим нь Малайзад, зарим нь Бээжинд хоёр гурав хоногийг өнгөрүүлсэн бол одоо тэднийг Куала Лампурын зочид буудалд нэг дор байрлуулж байгаа аж.
Зорчигчдын утас яагаад дуудаад байгаа талаар хариуцсан албаныхан тодорхой тайлбар өгөөгүй ч хэвлэлийнхэн энэ талаар энэ салбарын мэргэжилтнүүдэд хандаж, хариулт авчээ. Харилцаа холбооны мэргэжилтний хэлснээр “Гар утас руу залгахад хариулах боломжгүй байвал дуут мессэж рүү шилждэг. Ингэхдээ дуут мессеж руу шилжихийн өмнө ганц хоёр удаа дуудаж байгаа дохио өгдөг. Магадгүй үүнийг ар гэрийнхэн нь андуурсан байж болох” гэж үзэж байна. Утас усан доор байсан ч дуут мессэжийн өмнөх дохио өгч болно гэж тайлбарлажээ. Харин утас дуудсан нь үнэхээр үнэн бол мэдээж усанд унаагүй нь тодорхой.
Үүрэн телефоны антеннтай ойр газар л онгоц унасан үед дуудах боломжтой юм. Дуудаж байгаа утсаар дамжуулан байршил тогтоох боломжтой эсэхийг мэргэжилтнээс тодруулахад “Утаснууд дуудаж байгаа гэх боловч үнэн хэрэгтээ бүгд ажиллахгүй байгаа учраас ийм боломж байхгүй” гэсэн хариу өгчээ. Харин интернэтэд онлайн харагдсан зорчигчийн хувьд магадгүй онгоцонд авч явсан утсаараа интернэтэд холбогдоогүй, хаа нэг газар аккаунтаа нээгээд орхисон байх хэмээн тайлбарлажээ.