ЗТБХБЯ-наас “ Шинэ бүтээн байгуулалт” төслийг санаачлан боловсруулаад засгийн газарт танилцуулахаар зэхээд байгаа. Энэ төслөөс олон хүний сонирхлыг татаж байгаа хэсэг “ 100 мянган орон сууц хөтөлбөр”.
Өмнө нь 2004-2008 оны хооронд “40 мянган орон сууц хөтөлбөр” хэмээн хэрэгжүүлсэн. Хэдийгээр энэ хөтөлбөрийн ачаар барилгын салбарын үйл ажиллагаа эрчимжсэн ч иргэдийн хувьд бэлэн мөнгөтэй байж гэмээнэ л орон сууцаа ав гэсэн “дүрэм” үйлчилсэн. Энэ хөтөлбөрт зориулан дэд бүтцийг нь шийдэхэд 43.08 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төрийн зүгээс хийжээ. Мөн 15 мянган орон сууцыг нийтийн зориулалттай барьсан байна. Гэвч хөтөлбөр ийн амжилттай хэрэгжсэн гэж байгаа ч бодит үр дүн нь төдийлэн мэдрэгдсэнгүй. Харин ч энэ жилээс хэрэгжүүлсэн 4000 айлын орон сууц хөтөлбөр нь олон хүний анхаарал татаад зогсохгүй, хуримтлуулсан хөрөнгөгүй хэдэн багшид нэг талаар буян боллоо.
Өнөөдөр ч “4000 орон сууц” хөтөлбөрийн квотыг сурсан хүн энд тэнд дуулдсаар байна.
Нийслэлд жилд дунджаар 100 мянган хүн шилжин ирж байна. Тэдний 80 хувь нь ахиад хашаа хатгаад гэртээ амьдардаг. Гэр хороололд амьдардаг 120 мянган өрхийн хувьд шинэ орон сууцанд орно гэдэг үнэхээр “Мөрөөдөл биелдэг юм” гээч болохгүй бол нэг талаар бүтэшгүй санаа.
Тэгвэл яаж өрх бүр орон сууцтай тохитой тухтай амьдрах бэ.
Энэ асуултыг барилгын компаниудын захирлуудад тавьж байлаа. Ихэнх нь түрээсийн орон сууц олноор барих гэж хариулж байсан. Тэгэхгүй бол мөнгөө өгөөд байраа ав гэвэл хот хэзээ ч утаанаас салахгүй, айл бүхэн ч орон сууцтай болно гэдэг мөрөөдөл гэдэгтэй тэд санал нэгдэж байсан.
Тиймээс энэ удаад дэвшүүлж байгаа “100 мянган орон сууц хөтөлбөр”-төө л түрээсийн орон сууц барих, иргэддээ түрээсийн орон сууц яаж аль болох хамгийн тохиромжтой нөхцөлөөр санал болгох талаар сайтар тусгаасай гэж хүсмээр байгаа юм.
Учир нь өнөөдөр нийслэлийн залуу өрхийн тавны нэг хувь нь өндөр түрээстэй байрнаас байр дамжин амьдарсаар байгаа гэхэд хилсдэхгүй. Нийслэлд нэг өрөө орон сууцны сарын түрээс гэхэд л 200-гаад мянган төгрөг байна. Үүн дээрээ байр, цахилгаан, усныхаа мөнгийг бас төлнө. Тэгэхээр үүнээс бага түрээстэй орон сууцнууд байдаг бол олон өрхийн амьжиргаа дээшилнэ гэдэгт итгэлтэй байна.
Төр зах зээлд орохоор л бужигнуулаад байдаг юм хэмээн олон бизнесмэн ярьдаг. Гэхдээ барилгын салбар бол аль ч талаараа төрийн гар хардаг. Нэг талаар барилгын салбарынхан нийгмийн тусын тулд ажилладаг, мөн эдийн засгийн тулгуур болсон банкны салбарынхаа хөдөлгөгч хүч нь байдаг. Тэгэхээр төр энэ салбарт оролцож зохицуулалт хийхээс өөр аргагүй бололтой.
Саяхан Оросын Ерөнхий сайд В.Путин шинэ шинэ орон сууцны барилга барихад төр маш их хөрөнгө оруулалт хийх болно гэдгээ албан ёсоор зарласан. Ерөнхий сайдын хэлснээр “Орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж, ирэх таван жилд зөвхөн энэ хөтөлбөртөө 424 тэрбум рубль зарцуулахаар болсон байна. Иргэдийнхээ орон сууцны хэрэгцээг хангахын тулд аль болох их барилга барих шаардлагатай байна. Хамгийн багадаа л 100 сая ам. метр орон сууц жилд барих хэрэгтэй” гэнэ. Гэхдээ тэрээр бидний барьж буй орон сууц Оросын ямар ч иргэний түрийвчинд “багтах” өртөгтэй байх болно. Бид ирэх таван жилдээ энэ асуудлыг шийдэж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа гэжээ.
Тэгэхээр манай Ерөнхий сайдын хувьд шууд ингээд мөнгө амлачих боломж хомс учраас түрээсийн байр барих, түүнийг иргэддээ хэрхэн өгөх зэрэг нарийн дүрэм журамд илүүтэй анхаарал хандуулж гарцыг нь боломжийг нь зөв бий болгоод өгчихөөсэй билээ.
Наад зах нь, Улаанбаатар хотыг утаагүй болгоно оо хэмээн жил бүр хэдэн тэрбумаар нь мөнгө хаядгаа хязгаарлаж, түрээсийн орон сууцны дэд бүтцийг шийдэхэд зарцуулбал.
Оросын Засгийн газар өөрийн хөрөнгөөр орон сууц барих гээд байгаа юм биш харин барилгын компаниуддаа боломжийг нь бүрдүүлэх гэж ийн мөнгө амлаж байгаа.
Дэлхийн олон оронд дунд, ядуу орлоготой өрхийнхөө орон сууцны асуудлыг ингэж л шийдэж байгаа. Хамгийн гол нь түрээсийн орон сууцны хувьд амьдрах нөхцөл боломжийн бас дундаж цалинтай өрхийн орлогод дарамт болохооргүй л бол…