Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орост толгой хоргодож байгаа Янукович “Украинд эргэж очно” гэлээ


Төрийн эрх мэдлээсээ унагаагдаж эх орноосоо зугтааж Орост толгой хоргодож байгаа Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович гуравдугаар сарын 11-нд Ростов-на-Дон хотноо сэтгүүлчидтэй уулзаж “Би амьд байна” гэж мэдэгдлээ.
Янукович мэдээллээ “Эх орон нэгтнүүд ээ” гэж эхэлсэн байна. Гэхдээ түүний бэлтгэсэн үг уншиж байгаа нь телевизээр гарчээ. Тэрээр өөрийнхөө бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө цуцлаагүй, Украины ерөнхийлөгч, дээд ерөнхий командлагч хэвээр байгаа, “хаашаа ч зугтаагүй”, “Төрийн эргэлт гарч байх үед Украины нутаг дэвсгэрийг орхиогүй” гэж мэдэгджээ. Янукович хэдэн минут болоод л “Би амьд байна шүү гэдгийг дахин хэлье” гэсэн байна.
Тэрээр Украины хууль ёсны ерөнхийлөгч гэдгээ хэлээд “Би Киевт эргэж очно, жаахан л хүлээ” гэжээ.
Тавдугаар сарын 25-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийг тэр хууль ёсны бус гээд үүнийг зохион байгуулж байгаа засаг төр нь ч хууль ёсных биш гэсэн байна.
“Намайг  энд байхад тэдний зохион байгуулж  байгаа ажил, хийхээр төлөвлөж байгаа алхмууд, цалин, тэтгэвэрийг танах гэж байгаа нь хариуцлагагүй, ард түмнийхээ эсрэг чиглэсэн ажил гэж бодож байна” хэмээн шинэ Засгийн нийгмийн талаарх бодлогыг шүүмжилжээ.
“Улс оронд хэт үндсэрхэг үзэлтнүүд, фашистууд засгийн эрхийг авч, ерөнхийлөгчийн суудлыг авах гэж зүтгэж байна. Украины иргэдэд хэрцгий хандах явдал газар авлаа. Энэ хар хүчийг дэмжээд байгаа барууныхнаас би “Та нар сохроо юу. Фашизм гэж юу байдгийг мартаа юу” гэж асуумаар байна. Тэд цагдаа, Аюулаас хамгаалах хүчний удирдлагыг сольж халж байна. Хотуудад нүүрэндээ баг өмсч, бугуйндаа тэмдэг зүүсэн хүмүүс эргүүл хийж байна. Ард түмний эсрэг цэрэг хөдөлгөхийг эсэргүүцэж байсан армийн дээд офицеруудыг Тэд халж байна. Тэд армийг Бандерын туган дор нэгтгэж иргэний дайн өдөөх гэж байна” гэнж Янукович хэлж байна.
Тэр ийнхүү 10 минут орчим мэдэгдэл хийгээд сэтгүүлчдийн асуултад хариулалгүй гарч явсан байна.
Виктор Януковичийн энэ мэдэгдлийг Украины төв телевизээр бас дамжуулж үзүүлжээ. Харин украины өнөөгийн эрх баригчид, албаныхнаас  ямар нэгэн тайлбар хариу өгөөгүй байна.
Үүний өмнө Виктор Янукович эх орноосоо зугтаж гарсныхаа дараахан хоёрдугаар сарын 28-нд мөн л оросын Ростов-на-Дон хотноо сэтгүүлчидтэй уулзаж хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Энэ хурлын нь дараа түүнийг зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт очоод нас барлаа гэсэн цуу яриа гараад байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан