Өнгөрсөн жилийн Валентины баярын өдөр найз бүсгүйнхээ аминд хүрсэн паралимпын аварга Оскар Писториус шүүх хурлын үеэр хийсэн хэргийнх нь талаар ярих үед шүүх танхимд бөөлжжээ. Тэрээр найз бүсгүйгээ хэрхэн шархдуулсан талаар шүүх эмнэлгийн шинжээч тайлбарлан ярих үед сонсч чадахгүй, чихээ дарж, салганаж чичирч байгаад бөөлжиж эхэлсэн гэнэ.
Оскар Писториус найз бүсгүйнхээ толгой, тохой, гар, өгзөг гээд дөрвөн тус газар буудаж шархдуулсан бөгөөд сум тус бүр хэрхэн амь насанд нь хүрсэн болохыг шинжээч эмч график дүрслэлээр харуулсан нь тамирчны сэтгэл зүйд хүндээр туссан бололтой. Нөгөө талаар хэвлэлийнхэн битүү шавсан шүүх хурлын танхим Оскар Писториусыг тайван суулгахгүй байгаа аж.
Шүүх эмнэлгийн тайлбарласнаар Оскар Писториус найз бүсгүйгээ "Black Talon" гэдэг нэртэй маш хорлонтой сумаар буудаж хөнөөсөн байжээ."Алуурчин цагдаа" гэгддэг мэргэжлийнхэн голдуу хэрэглэдэг энэ сум хүний биед орохдоо мөөг шиг болон задарч, бусад сумнаас илүү гэмтээдэг аж. Чухам ийм сумыг Оскар Писториус яах гэж ашигладаг байсан нь одоогоор тодорхойгүй байна.
Жил гаруй өмнө болсон энэ хэргийн тухай цухас сануулвал, паралимпын аварга болж, нэгэн үе дэлхий нийтийн бахархал болж байсан Өмнөд Африкийн тамирчин Оскар Писториус 2013 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн шөнө дунд энэ аймшигт хэргийг үйлдсэн юм. Оскар Писториус өөрөө хэлэхдээ бол найз бүсгүйтэйгээ 10 цагт орондоо ороод, шөнө дунд унтаж байх үед нь чимээ гарахаар гадны хүн орж ирж хэмээн сэжиглээд үл таних хүн рүү буудсан гэдэг.
Гэвч түүний гадны хүн хэмээн сэжиглэсэн хүн найз бүсгүй нь болж таарсан юм.
Нэгэнт энэ хэргийг Оскар Писториус үйлдсэн нь тодорхой учир одоо энэ хэргийг зөвхөн санаатай хийсэн үү, үгүй юу гэдгийг тогтооход шүүхийн анхаарал чиглэж байгаа юм. Тамирчны өмгөөлөгчид энэ явдлыг санамсаргүй хэрэг болсон гэж харагдуулах гэж хичээж байгаа ч Оскар Писториусын эсрэг баримтууд шүүх хурлын явцад гарч ирж байгаа гэнэ. Тухайлбал, буун дуу гарсны дараа байрных нь хамгаалагч тэдний гэр рүү утасдаж, асуухад Оскар бүх зүйл хэвийн байна гэж мэдэгдсэн гэж байгаа юм. Үүнээс гадна тэрээр гэнэтийн огцом ууртай, өмнө нь буу эзэмших зөвшөөрлөөс бол цагдаагийн өмнө биеэ барьж чадахгүй уурлаж байсан гэдгийг гэрчүүд ярьжээ.