Дэлхийн банкнаас Япон Улсын иен чангарах төлөвтэй хэмээн мэдэгдсэн билээ. Энэхүү иенийн чангарал нь Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх хандлагатай бөгөөд иен нэг хувиар чангараад эхэлбэл Япон Улсаас иенээр авсан өрийн хэмжээний алдагдал 250 тэрбум ам.долларт хүрэх магадлалтай хэмээсэн. Манай улс Япон Улсаас иенээр авсан өрийн хэмжээ алдагдал хүлээхэд нөлөөлөх эсэх талаар Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Төлбөрийн тэнцлийн статистик, судалгааны хэлтсийн захирал С.Болдоос тодруулсан юм.
-Дэлхийн банкны үзэж буйгаар иенийн чангарал нь Япон Улсаас манай улсын зээлсэн өрийн хэмжээнд алдагдал хүлээхээр нөлөөлөх үү?
-Японы Засгийн газар, Төв банк нь хомсдол үүсгэхгүйн тулд аль хэдийнэ иенээ зах зээлд нийлүүлээд эхэлчихсэн. Иенийн ханш тогтвортой байх хүлээлт дэлхийн зах зээлд ч байна. Японы төв банк иенийн ханш чангарахаас хамгаалж яаралтай арга хэмжээг авч байгаа. Хэрэв иен чангарвал Японы эдийн засагт сөрөг нөлөөтэй. Эдийн засгийн өсөлт нь унаж байхад ханш нь чангарчихвал улам л хүндэрнэ. Учир нь, Японы эдийн засаг өөрөө экспорт дээрээ суурилдаг. Иен нь чангараад байвал экспорт нь буурна. Тиймээс иенийг тогтвортой байлгах арга хэмжээг шуурхайг авч байна билээ. Ханш тогтвортой байх нь Японы одоогийн эдийн засагт чухал.
-Япон улсаас зээлсэн өрийн хэмжээний талаар?
-Манайд нөлөөлөх иенийн нөлөө харьцангуй бага. Гадаад өрийг валютын бүтцээр аваад үзвэл иенээр төлөгдөх өрийн хэмжээ маш бага. Энэ тал дээр санаа зовох зүйл байхгүй.