Ю Сюкан хэмээх энэ аав хүүхдээ хичээлд нь хүргэхийн тулд өдөр бүр 18 миль буюу 28 километр газар явган явж, энэ замынхаа хагаст нь хүүгээ үүрч дүүрч алхдаг гэнэ. 12 настай түүний хүү төрөлхийн хөл муутай болохоор өөрөө алхаж явж чаддаггүй аж. Гэвч хүүгээ мэдлэг боловсролтой хүн болгох нь туйлын ганц зорилго болсон Ю Сюкан гэрээсээ долоон километрийн зайтай сургуульд нь өдөр бүр үүрч хүргэж өгөөд, буцаад гэрийнхээ хажууд байх ажил руугаа явдаг гэнэ. Орой мөн л энэ замаараа явж хүүгээ сургуулиас нь аваад, үүрээд харьдаг аж. Энэ бүх зам нийлээд 30 шахам километр болж байгаа юм. Ю Сюкан хүүтэйгээ хамт Шанхайгаас 2000 километрийн зайтай Сычуань мужийн Ебин гэдэг газар амьдардаг аж.
Хүүгийнхээ ээжээс бүр есөн жилийн өмнө салсан Ю Сюкан өглөө бүр таван цагт босч, хоол ундыг нь бэлтгэж өгдөг гэнэ. 40 настай энэ эр хүүхдийнхээ хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг үл харгалзан заавал сургуульд явуулах гэж хичээн, гэрийнхээ ойролцоохь сургуулиудад хандсан боловч бүгд авахаас татгалзаж, долоон километрийн зайтай Фенксигийн бага сургууль л сургахыг зөвшөөрчээ. Ю Сюкан “Хүү минь хөгжлийн бэрхшээлтэй нь үнэн. 12 настай хэрнээ дөнгөж 90 см өндөр. Гэвч хүүгийн минь оюун ухаан эрүүл саруул. Тийм болохоор боловсролтой хүн болж, амжилтад хүрээсэй гэж хүсдэг. Хүү минь дөнгөж энэ хичээлийн жилээс сургуульд явж эхэлсэн ч аль хэдийнэ ангийнхаа шилдэг сурагч болсон” хэмээн ярьжээ.
Хүүгээ их сургуульд сургах ганц том мөрөөдөлтэй Ю Сюканы энэ хичээл зүтгэлийн талаар хэвлэлд гарсан нийтлэлийг орон нутгийн удирдлагууд нь олж хараад, сургуультай нь ойр түрээсийн байранд суулгаж өгнө хэмээн амлажээ.