Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэг үхрийн эвэр догивол...

Украйн ССР-ийн бүрэлдэ­хүүнд 1956 оноос хойш ороод байсан Крымийн хойг нь Зөвлөлт задарсны дараа автономит улсын статустайгаар Украйны бүрэлдэхүүнд хэвээр үлдсэн. Шинэ Украйны эрх баригчид ч Крымийг украйн­жуулах бодлогыг тууштай явуулсаар ирсэн ч гойд үр дүнд хүрээгүй гэдгийг өнөөдөр болж байгаа үйл явдал харуулж байна. Крымийн хүн амын 60 хувь нь өдөр тутмын амьдралдаа орос хэл ашигладаг, өөрсдийгөө орос гэж үздэг хэвээр. Украйнд хэт үндсэрхэг үзэлтнүүд засгийн эрхийг гартаа авсны дараа улсад нь зөвхөн украйнчууд амьдрах ёстой, оросууд нутаг буц, орос хэлээр ярьсан бүхэнд эрүүгийн хэрэг үүсгэнэ, НАТО-д элсээд Крымд байрладаг Оросын Хар тэнгисийн флотыг хөөе гэх мэт уриа хашхирч эхлэхэд л ээдрээ эхэлсэн.

Оросууд эрх ашгаа хамгаа­лахдаа юуны өмнө 18 дугаар зуунаас эхлээд Крымийг Оросын нутаг байсан, одоо ч хүн амын дийлэнх нь оросууд тул тэднийг элдвээр гадуурхах, хав­чихыг үл тэвчинэ, шаард­лагатай гэж үзвэл цэргээ ч оруулж магадгүй гэснээр Украй­ны дотоод улс төрийн ээдрээ нь дэлхийн нийтийн анхаарлыг улам ихээр татах болов. Өрнөд ба Оросын хэв­лэлийн мэдээллийн хэрэгс­лүүд мэдээний хүйтэн дайн эхлүүлээд тус тусдаа идэвхтэй тархи угаалт хийж байна.

Өрнөдийнхөн нь оросуудыг булаан эзлэгчид, их гүрний дээрэнгүй үзэл гаргалаа, Крымд хэдийнэ цэргээ оруулаад байлдааны нууц ажиллагаа явуулаад эхэлсэн, боль зогс, үгүй бол эдийн засгийн хориг арга хэмжээ авч сөхрүүлээд 90-ээд оны эхэн үе шиг болгоно шүү гэх юм. Оросууд нь Крым дахь эх орон нэгтнүүдээ хамгаалъя, украйны үндсэрхэг үзэлтнүүдийг санхүүжүүлэхээ боль, орос үндэстэн ба хэл, соёлын эсрэг геноцидээ зогсоо, Орос даяараа крымчуудыг дэмжиж байна, автономит улс болохоор аль улсад дагаар орохоо крымчууд өөрсдөө мэдэх ёстой л гэнэ. Ингээд бүгд талцаад Украйн зөв эсвэл Крым буруу эсвэл бүр Оросын зөв гээд маргаад байдаг.

Гэтэл энэ бүх маргааны ар хударгаар Зүүн болон Төв Европт хоёр зууныг дамжин бугшиж ирсэн газар нутгийн маргааны асуудал ахин сөхөгдөж, эвгүйтвэл Орос ба Украйн гэлтгүй, Украйн ба Молдов, Румын ба Молдов, Молдов ба Приднестров, Унгар ба Украйн гэх мэт газар нутаг, үндэстэн ястны зөрчилтэй холбоотой олон тооны жижиг ээдрээ үүсгэн, даамжирвал энэ бүс нутгийг хамарсан томоохон хагаралдааны эхлэлийг тавьж магадгүй байгааг анзаарах хүн цөөн байна.

Украйн Крымийг хэзээ ч өгөхгүй гэж хэлсэн ч гэлээ тун саяхан Засгийн эрхэнд гарсан үндсэрхэг үзэлтнүүдийн дунд нэлээд нөлөө бүхий улстөрч Ростислав Новоженец гэгч нь жагссан олны өмнө үг хэлэхдээ “Бид польшуудад Лемковщина, Надсянье, Холмщина, Подляшье нутгаа  алдсан. Беларуст Берестейщина, Гомельщинаа алдсан.

Оросуудад Стародубщина, Зүүн Слобожанщина, Кубаниа алдсан. Румынд Приднестров, Мараморощина, Өмнөд Буковина нутгаа алдсан. Энэ бүхнээс болоод өнөөдөр бидэнд нэгдмэл байдал гэж байхгүй ч бид нэгдэхийн төлөө чармайх ёстой”  гэжээ. Өөрөөр хэлбэл хил залгадаг бараг бүх улсаас өөрийн “унаган” газар нутгийг эргүүлж авах шаардлагатай гэсэн хэрэг. Януковичийг унагасан хувьсгалын удирдагчдын нэг Тягнибок нь “Украйн газар нутгаа эргүүлэн авах талаар бодож эхлэх нь зөвхөн цаг хугацааны асуудал. Бид өнөөдөр газар нутгийн маргаан эхлүүлбэл инээдтэй. Гэхдээ л бид тэнд бидний газар нутаг байгаа гэдгийг санаж байна. Тэнд маш олон украйн хүн амьдарч байгаа. Украйн үндэстний газар нутаг нь одоогийн Украйн улсын хилээр хязгаарлагдахгүй” гэжээ. Өөрсдөө Крымийг бараг де факто алдчихаад байж хөрш улсуудаасаа түүхэн газар нутгаа эргүүлж авна гэж мэдэгдэж байгаа нь гайхалтай.

Болж  бйагаа ээдрээгээр далимдуулан Украйны гэлтгүй хил залгаа олон орны үндсэрхэг үзэлтнүүд ийм мэдэгдэл хийлээ. Принднестров нэртэй нэгээхэн хэсэг нь де факто тусгаар улс болоод олон жил болж байгаа Молдов ч байна. Молдовын аюулгүй байдал ба мэдээллийн албаны дарга асан Плугару нь “....бид Украйнд Молдовын унаган нутаг нийт 10 мянган ам.км талбайтай хагас сая хүн оршин суудаг, 96 хот суурин бүхий газраа бэлэглэсэн. ...тиймээс Украйнаас газар нутгаа эргүүлэн авах шаардлагыг ухаалгаар, хууль зүйн өөгүйгээр боловсруулах тусгай бүлэг гаргах хэрэгтэй” гэжээ.

Румынчууд  ч дутсангүй. Тус улсын хамгийн нөлөө бүхий сонин нь зөрчилдөөний үеэр Украйнд амьдардаг румынчуудын эрх ашгийг хамгаалахын төлөө цэргээ оруулахыг шаардаж байв. Яг л оросууд өнөөдөр Крымд хийж байгаатай адил зүйл хийхийг шаардсан хэрэг. Румын улс Украйны Черновици, Одесс, Винниц болон Хойд Буковин мужийг өөрсдийн нутаг гэж үздэг бөгөөд эдгээр мужид амьдардаг 100 мянган румын үндэстэнд өөрсдийнхөө иргэний паспортыг өгчихсөн болохоор цэргээ оруулахыг шаардсанд гайхах зүйлгүй. Румынийн газар нутгаа буцаан авах хүсэл нь зөвхөн Украйнаар хязгаарлагддаггүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Румын нь Молдов улсыг хууль бусаар булаан эзлэж хүчээр тусгаар болсон өөрийн Бессараби муж гээд заавал нэгтгэн авна гэж зарласан.
Унгарчууд ч дутсангүй Ар Карпатын нутагт амьдардаг унгарчууд тусгаар улс болдог­гүй юм гэхэд шинэ Украйны дотор автономит улс болохыг шаардаад удаж байгаа.

Гэхдээ энэ бүхэн өчигдөр йи болсонгүй. Олон арван жилийн турш дарагдан бугшиж байгаад илрэх гээд цагаа хүлээж байсан зүйл юм. Энэ бүс нутагт Австр-Унгарын эзэнт гүрэн, Оросын эзэнт гүрэн, Германы эзэнт гүрэн гэсэн гурван ноёлох хүчин байгаад дэлхийн нэгдүгээр дайны бүгд бутран унахад мэдэлд нь байсан олон жижиг вант улс, үндэстнүүд анх удаа тусгаар улс болох боломжтой болсон. Ингэснээр өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа газар нутгийн маргааны эх тавигдсан гэж болно. Дэлхийн хоёрдугаар дайн хүртэл энэ асуудал нэг хэсэгтээ л царцмал байдалтай байсаар дайны үеэр ахин газар авч энд тэндгүй газар нутгаа булаацалдсан үндэстэн хоорондын олон жилийн цуст мөргөлдөөн өрнөснийг санах хэрэгтэй. Наад зах нь дэлхийн хоёрдугаар дайны өмнө дээр нэр гарсан гурван их гүрэн гурван ч удаа хувааж аваад байсан Польш тусгаар улс болсон. Улмаар Зөвлөлт Оростой хийсэн дайнаар одоо­гийн Баруун Украйн, Ба­руун Беларусийг эзлэн өөрийн нутаг болгоод байсан билээ.

Дэлхийн хоёрдугаар дайн дуусах үед Зөвлөлт улс гэдэг шинэ хүчирхэг гүрэн бий болсноор газар нут­гийн маргаан нэг хэсэгтээ л тасарсан. Зөвлөлттэй энэ тэнцүү маргах хүчин тус нутагт байгаагүй болохоор аргагүй. Иймд Зөвлөлтийн буянаар Украйн одоогийн хэмжээний газар нутагтай болсон төдийгүй Крымийг авсан. Беларусь мөн адил одоогийн хэмжээний газар нутагтай болсон. Тиймээс өнөөдөр Польшид Украйн ба Беларусийн багагүй газар нутгийг өөрийн улсын унаган нутаг гэж үздэг үндсэрхэг үзэлтнүүд мундахгүй олон бий.

Эстони, Латви ч Оросоос “унаган” нутгаа авах тухай яриаг байс хийгээд л гарга­даг. Эстони Оросын Печора, За­наровье мужуудыг өөрийн газар нутгийг нэг хэсэг гэж мэдэгддэг. Харин Латви Пыта­лово мужийг өөрийн нутаг гэж маргадаг.
Энэ талаарх маргаан Оросыг сул байхад буюу 90-ээд онд нэлээд газар авч байгаад Путиныг гарч ирсний дараа ирээдүйгүй болж дарагдсан. Путин энэ хоёр улсын “түүхэн” газраа буцаах саналын хариуд “үхсэн илжигний чихийг аваарай” гэж байв.

Энэ  мэтээр харьцангуй элбэг хангалуун амьдралтай Европ тивд сүүлийн хэдэн жил газар нутгийн маргаан, салан тусгаарлах үзэл улам л хурцадсаар.
Их Британи ба Умард Ирландын вант улсад багтдаг Шотланд энэ оны есдүгээр сард тусгаар улс болохоор бүх нийтийн санал асуулга явуулах гээд байгаа нь үүний нэг жишээ. Британичууд нүүрэн дээрээ санал асуулга явуулахыг эсэргүүцэхгүй байгаа мэт харагдавч ч цаагуураа салан тусгаарлах үзлийг зогсоохын тулд эдийн засаг болон улс төрийн олон арга хэмжээ авч байна. Дээр нь Испанийн Каталони муж нэмэгдсэн. Каталони муж Шотландын адилаар бүх нийтийн санал асуулга явуулж тусгаар улс болох сонирхлоо мэдэгдээд удаж байна. Испанийн төв Засгийн газар хэзээ ч Каталони мужийг тусгаар улс болгохгүй, үүний тулд шаардлагатай гэж үзсэн бүх арга хэмжээг авна гэсэн.
Зөвхөн Европ гэлтгүй Азид ч Хятад ба Япон, Япон ба Орос, Япон ба Солонгос хоорондын маргаантай арлуудыг асуудлыг энд дурдаж болно.

Энэ бүхэнд маргалдагч талууд хэлэлцээрийн ширээ­ний ард сууж асуудлыг эвээр шийдэхийн өмнө ёс юм шиг цэргийн хүчээр далайлгах, эдийн засгийн сүрдүүлэг хийж байгаа нь тод харагдаж байна. Тэгэхээр ямар ч байсан ойрын 50-60 жилдээ улс хоорондын газар нутгийн маргаан, үндэстэн ба соёлын ялгаанаас үүдэлтэй бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөн тасрахгүй та бид “уйдахгүй” бололтой. Харин одоо бүгд Украйны ээдрээг хэрхэн шийдэгдэхийг анхааралтай ажиглан туршлагыг нь судлаж, алдааг нь давтахгүй байх талаар эргэцүүлж сууна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан