Бразиль он гарсаар олон тооны эсэргүүцлийн жасгаалын хөлд дарагдаад түгшүүртэй байна. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын зарим нь фермерүүд, тариачдад үзүүлэх тусламжийг нэмэгдүүл гэж шаардав. Нөгөөдүүл нь Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн явуулахыг болиулж, бүх мөнгийг нийгмийн халамж, тэтгэвэрт зориул гэлээ. Гэтэл саяхан Рио де Жанейро хотын хог цэвэрлэгчид ажил хаялт зарлаж, тус хотын төдийгүй улс орны удирдлагыг эвгүй байдалд оруулав.
Бразиль нь хөлбөмбөгөөрөө төдийгүй жил болгон Рио де Жанейро хотноо явагддаг самба бүжгийн их наадмаараа алдартай. Олон хоног үргэлжилдэг энэ наадмыг үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс олон сая хүн хүрэлцэн ирж хотын төдийгүй улсын төсвийг арвижуулдаг. Гэтэл хотын хог цэвэрлэгчид цалин хөлс нэмэх, ажлын нөхцлийг сайжруулахыг шаардан их наадмыг эхлэхийн өмнө гэнэт ажил хаяжээ. Ажил хаялтын явцад хотын гудамжууд хэдэн арван тонн элдэв янзын хогонд дарагдан наадам зохион байгуулах нь бүү хэл хүн алхаж гишгэхэд бэрх болсон байна. Иймд аргагүй байдалд орсон хотын захиргаа ажил хаягчидтай хэлэлцээр хийж тэдний тавьсан зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлэхээр болсноор асуудлыг нааштай шийдэж чаджээ.