АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өнгөрсөн амралтын өдрүүдийг гэр бүлээрээ дулаахан газар өнгөрүүлэхээр Флоридаг зорьжээ. Их ажлын дундуур түр амсхийж, Вашингтоноос холдохын тулд Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёр Флоридагийн Кей Ларго дахь тансаг амралтын газар хоногийн 2500 ам.долларын үнэтэй өрөөнд хоёр хоног тухалсан байна. Төрийн тэргүүний энэ тансаг амралт харин олон нийтийн таалалд нийцсэнгүй. Украин олон улсын тулгамдсан асуудал болоод байгаа энэ эгзэгтэй үед хувийн зугаа цэнгэлээ хөөн амрахаар явлаа, ер нь Ерөнхийлөгчийн амралт дэндлээ гэсэн шүүмжлэл улс төрийн хүрээнд гарчээ.
Барак Обама өнгөрсөн долдугаар сард зуны ээлжит амралтаа эдэлснээс гадна шинэ жилийн үеэр Хавайд гэр бүлээрээ хэд хоног амарч, нэгдүгээр сарын 5-нд Цагаан ордонд буцаж ирсэн юм.
Тэрээр удахгүй Нидерланд, Бельги, Итали, Саудын Араб гэсэн улсуудад айлчлах бол түүний эхнэр, хоёр охин нь Хятадад долоо хоногийн айлчлал хийх гэж байгаа аж.