Куала-Лумпураас Бээжин хүрэхээр нисч явсан Малайзын “Malaysian Airlines” компанийн “Boeing 777” онгоц өнгөрсөн баасан гарагийн шөнө алга болсон хэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Онгоцыг хөөрснөөс ойролцоогоор нэг цагийн дараа холбоо тасарчээ. Онгоцыг Вьетнамын эрэг орчим Өмнөд Хятадын тэнгис дээгүүр нисч явахдаа унасан гэж таамаглаж байгаа юм. Онгоцонд нийт 239 зорчигч сууж явсны дийлэнх нь Хятад ба Малайзын иргэд байснаас гадна АНУ-ын гурав, Оросын хоёр, Францын дөрөв, Австри ба Италийн тус бүр нэг иргэн байжээ.
Онгоцны нисгэгчдийн баг олон мянган цагийн нислэг үйлдсэн туршлагатай хөөрснөөс хойш хөдөлгүүрийн доголдол, цаг агаарын гэнэтийн таагүй нөхцөл байдал гэх мэт зүйлсийн талаар огт мэдээлэхгүй байж байгаад холбоо тасарсан байна. Иймд Малайз болон Хятадын эрх баригчид алан хядах ажиллагаа явагдсан байж болзошгүй гэсэн таамаглалд онцгой анхаарч байна.
Онгоцны холбоо тасарсны дараагаар Вьетнам, Хятад, Сингапур гэсэн улс осол болсон байж магадгүй бүс нутаг руу өөрийн хайгуулын болон байлдааны усан онгоц, нисэх онгоцоо илгээгээд байгаа юм.
Эрлийн явцад вьетнамчууд эргийн ойролцоох тэнгисийн усанд их хэмжээний шатахууны толбо илрүүлсэн ч ойр орчмоос нь онцгоцны эд зүйл илрүүлээгүй болохоор тухайн толбыг осолд орсон “Боинг”-ийн түлшний үлдэгдэл гэж хэлэхэд хэцүү болгож байна.
Хайгуулын ажилд АНУ-ын Мөрдөх товчооны байцаагчид оролцож эхэлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Малайзын Тээврийн сайд Хишамуддин Хусейны хэлж байгаагаар америкчууд дөрвөн зорчигчийн талаарх мэдээллийг онцгойлон анхаарч байгаа гэсэн ч тэдгээр нь аль улсын иргэн болох ямар нэр устай байсан талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж.
Ингэж нууцлах шалтгаан нь онгоцон дотор алан хядах ажиллагаа болсон гэх таамаг төрүүлжээ. Учир нь, Итали ба Австрийн иргэн гэж бүртгүүлсэн хүмүүс өдгөө эсэн мэнд төдийгүй онгоцоор огт нисээгүй, паспортоо жил гаруйн өмнө Тайландад хулгайд алдсан тухай мэдээ энэ таамгийг баталж байгаа гэж болно. Тиймээс Америкийн Мөрдөх товчооны байцаагч нар жилийн өмнө алга болсон паспортыг яг ямар хүмүүс ашиглаж онгоцны тасалбар худалдаж авсан, ямар зорилгоор хуурамч пасспорт ашиглах болсон зэргийг тогтоох гэж байгаа бололтой.
Онгоц нь осолдсон хэдий ч Малайзын “Malaysian Airlines” иргэний агаарын нислэгийн компани нь бүс нутагтаа хамгийн найдвартай гэж тооцогдсон хэвээр байна. Учир нь, 70 гаруй жил үйл ажиллагаа явуулах хугацаанд тус компанийн онгоц дөрөвхөн удаа осолд орж байсан юм. Гэхдээ энэ удаад сураггүй алга болоод байгаа онгоц нь хоёр жилийн өмнө Шанхайн нисэх буудалд нисэх зурвас руу гарах үедээ өөр онгоцтой мөргөлдөн далавчны зарим хэсгээ бүрэн шинэчилж байсан гэдгийг Францын нисэхийн мэргэжилтнүүд тогтоов.
Дэлхийн түүхэнд гарсан нисэхийн ослын дийлэнх нь нисэх баг эсвэл газраас чиглүүлэх үүрэг гүйцэтгэдэг диспетчерийн алба буюу хүний гаргасан шийдвэрээс үүддэг гэдгийг олон жилийн статистик харуулдаг. Орчин үеийн иргэний нисэхийн түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн хоёр том осол гарсан байдаг.
Нэг нь 1977 онд Канарын арлууд дээрх Тенериф нисэх буудалд Нидерландын “КЛМ” компанийн “Boeing-747” онгоц хөөрөх гэж байгаад “Пан Ам” компанийн ижил загварын онгоцтой мөргөлдөсний улмаас сүйрчээ. Энэ ослын улмаас хоёр онгоцонд сууж явсан нийт 578 хүн амиа алдсан юм. Ослыг мөрдөн байцаасан мэргэжилтнүүд осол гарах үндсэн шалтгаан нь хоёр онгоцны нисэх багийн хэлний мэдлэгийн хангалтгүй байдал гэж дүгнэсэн байдаг. Голланд нисгэгчид испани аялагатай ярьж байсан диспетчерийн өгсөн тушаалыг дутуу ойлгосон нь осол гарах үндсэн шалтгаан болсон аж.
Нөгөөх нь 1985 онд нэг онгоцны ослын улмаас хамгийн олон хүний аминд хүрсэн эмгэнэлт хэрэг. Японы “Boeing-747” онгоцыг осолд ороход сууж явсан 524 хүнээс ердөө дөрвөн хүн амьд гарч байсан юм. Шинжээчид нарийвчилсан мөрдлөг явуулаад осол гаргахад хүргэсэн гол шалтгаан нь нисэх буудалд чанаргүй засвар хийсэн гэх дүгнэлт гаргасан байдаг.
“Marketwatch” компани 1945 оноос хойш 2012 он хүн хүртэл гарсан ослын тоог гаргасан бөгөөд энэ судалгаанаас үзвэл сүүлийн жар гаруй жилийн хугацаанд онгоцны ослын улмаас 10 мянга гаруй хүн амиа алджээ. 760 ослын тоогоор АНУ тэргүүлж байгаа бол манай хойд хөрш 360 ослоор удаалж 169 ослоор Канад гуравт оржээ.
Америкт онгоцны ослын тоо ийм өндөр байгаад гайхах зүйлгүй гэж болно. Учир нь, онгоцны тоо ба агаарын зорчигчдын тоогоор АНУ дэлхийд тэргүүлдэг. Тухайлбал, 2012 оны байдлаар дэлхийн хэмжээгээр 2,9 тэрбум зорчигч тээврийн нислэгийн 28 хувь буюу 815,3 саяыг амеркчууд үйлдсэн байдаг.
Ингэж их нисч байгаа болохоор түүнийг тойрсон олон төрлийн аваар ослын тоо өндөр байхаас ч өөр яалтай билээ. Гэхдээ 2000 он гарсаар орон орны эрх баригчид нислэгийн аюулгүй байдлыг хангах тал дээр дорвитой арга хэмжээ авахтай зэрэгцэн онгоц улам аюулгүй, улам боловсронгуй болж ирсэн.
Гэхдээ хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Орос гэх мэт улсын хувьд ослын тоо өндөр хэвээр. 2011 онд гэхэд Орос ба ТТУХН-ийн орнуудын хувьд сая нислэг тутам 8,19 осол гарч байсан бол Африкийн орнуудад энэ үзүүлэлт 6,17 байхад Хойд Америкт сая нислэг тутам ердөө 1,33 осол гарч байжээ. Өөрөөр хэлбэл осол гарах магадлалаар хамгийн бага орнууд нь АНУ, Канад хоёр. Харин Хойд хөрш болон хуучин Зөвлөлтийн “Республик”-уудын иргэний тээврийн онгоцоор нисэхийн өмнө сайтар судлаж тандаж үзэхэд илүүдэхгүй бололтой.