Хятадад болж байгаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын үеэр Гадаад харилцааны сайд Ван И хэвлэлийн бага хурал хийж 2014 оны Хятадын гадаад бодлогын үндсэн зорилтуудыг сэтгүүлчдэд танилцуулсан байна. Ван И-гийн мэдэгдсэнээр энэ жил Хятадад болж байгаа өөрчлөлтийг дэлхий нийтэд хүргэн танилцуулахад онцгой анхаарах аж.
Тэрээр “Бид дэлхийн бүх улстай, нэн ялангуяа хөрш зэргэлдээ орнуудтайгаа найрсаг харилцааг улам бэхжүүлнэ. Ингэснээр улс орныг өөрчлөх, хөгжүүлэхэд таатай гадаад улс төрийн нөхцөл бүрэлдүүлэх юм” гэв. Мөн олон улсын түвшинд шударга ёс ба эрх тэгш байдлын төлөө ажиллана гэлээ. Юуны өмнө хөгжиж яваа орнуудын эрх ашиг ба сонирхлыг хамгаална гээд олон улсын болон бүс нутгийн хэрэгт асуудлыг шийдэх Хятад маягийн хувилбарыг түлхүү санал болгохоо мэдэгдэв.