Үндэсний аудитын газраас “Улсын өрийн удирдлагын үр нөлөө, дамжуулан зээлдүүлсэн болон эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон төсвийн зээлийн өрийн барагдуулалт”-д шалгалт хийжээ. Аудитын дүнгээр гадаад зээлийн хэмжээ аль хэдийнээ тэрбум, тэрбумаар нэмэгдэж, их наяд руу тэмүүлж явна. Төлөгдөх хугацаа нь хэтэрсэн, тодорхой эзэнгүй дамжуулсан зээлүүд төвсийн санг хоослож мэдэх нь.
Гадаад зээлийн 27 хувийг Азийн хөгжлийн банкнаас өгчээ
Монгол Улсын Засгийн газар 1991-2009 онд хандивлагч орон, олон улсын байгууллагуудаас 3.9 тэрбум ам.долларын хөгжлийн албан ёсны тусламж авчээ. Үүний 2.1 тэрбум ам.долларыг хөнгөлттэй зээл эзэлдэг. Хөнгөлттэй зээлийн эзлэх хувийн жин нь 2006 оноос хойш жил бүр 3.3-28.6 хувиар буурсан бол 2009 онд огцом өсчээ. Энэ нь эдийн засгийн хямралтай холбоотой бололтой. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон, Энэтхэг улсын Засгийн газраас 200.1 тэрбум төгрөгийн хөтөлбөрийн зээл авсан нь дээрх өсөлтөд нөлөөлсөн аж. Гадаад зээлийн 27 хувийг Азийн хөгжлийн банк, 26 хувийг Дэлхийн банк, олон улсын байгуулага, 19 хувийг Япон улс, 12 хувийг Энэтхэг, найман хувийг Солонгос, үлдсэн найман хувийг бусад улсаас зээлсэн зээл эзэлжээ. Дээрх байдал нь зээлийн төвлөрлийн эрсдэл бага байгааг илтгэж байна.
2010 онд 180.0 тэрбум төгрөгийн бонд зарсан
2004-2008 онд 151.1 тэрбум төгрөгийн бондыг хөрөнгийн зах зээлд арилжаалсан бол, 2009 онд даруй 890,7 тэрбум төгрөгөөр аривжиж, 5.9 дахин өссөн үзүүлэлттэй гарлаа. Өнгөрөгч онд УИХ-аас 638.8 тэрбум төгрөгийн 365.5 сая ам.долларын үнэ бүхий Засгийн газрын бондыг зарах зөвшөөрөл олгосон юм. Түүнээс 2009 онд 470.9 тэрбум төгрөг буюу 100.0 сая долларын бондыг арилжаалжээ. Харин энэ онд 180.0 тэрбум төгрөгийн бондыг худалдсан байна.
Төрийн өмчит үйлдвэрүүд хаалгаа барих вий
2010 оны эхэнд гадаад зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулсан зээлийн авлага1.3 их наяд төгрөгт хүрч, түүний 71.2 хувь буюу 950.8 тэрбум төгрөгийн зээлийн авлага хугацаандаа амжиж төлөгджээ. Харин нь 9.3 хувь буюу 124.3 тэрбум төгрөг хугацаа хэтэрчээ. Дамжуулан зээлдүүлсэн зээлийн авлагын 1.1 их наяд төгрөг буюу 82.8 хувийг төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж байгууллага, 229.2 тэрбум төгрөг буюу 17.2 хувийг хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн зээл эзэлжээ.
Багануур, Шивээ-Овоо ХК-ийн өр төлбөр нийт хөрөнгийн дүнгээс давж, өөрийн хөрөнгийн хасах үлдэгдэлтэй гарчээ. Дулааны гуравдугаар цахилгаан станц, Дорнодын бүсийн эрчим хүчний систем, Даланзадгадын ДЦС, УБ хотын УСАГ зэрэг аж ахуйн нэгжийн өр төлбөрийн хувь хэмжээ давамгайлж, өөрийн хөрөнгө буурчээ.
8.7 тэрбум төгрөгийн холбогдох эзэд хэн бэ
1993-2008 он хүртэлх төрийн өмчийн 15 байгууллагад 2.5 тэрбум төгрөг, хувийн хэвшлийн 22 аж ахуйн нэгжид 1.0 төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон ч төлөгдөөгүй явна. Мөн 1992-2002 онд эргэн нөхцөлтэй олгосон 8.7 тэрбум төгрөгийн зээлийн холбогдох эзэд тодорхойгүй, эргэн төлөгдөх нөхцөл буурсан нь шалгалтаар илэрчээ. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 253.2 сая төгрөг, эрчим хүч, уул уурхайн 502.0 сая төгрөг, бусад нэрээр олгогдсон 53.6 сая төгрөгийн зээлийн гэрээний үндсэн материал байхгүй, хэзээ хэнд олгосон нь тодорхойгүй зөрчил илэрчээ. Эдийн засгийн хямралаас шалтгаалан 2009 онд авсан гадаад зээлийн дүн өссөн нь ирэх оны эдийн засгийг залуурдах завьчингүй болгож ч мэдэх ажээ. Гэтэл зээлээс хүү төрж, төлөх мөнгө маань хоногоор өсч, дарамт нь даналзаж, олгогчид нь хонх дарах аюул бидэнд ойрхон.
Аудитын дараа....
Гадаадын зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх зээлийг цаашид арилжааны банкаар дамжуулан олгох, Засгийн газрын хөтөлбөр, эдийн засгийн хүндрэлийг давахтай холбогдуулж, авсан зээлийг судлах, эрх зүйн орчинг өнөөгийн нөхцөлд нийцүүлэх зөвлөмжийг аудитын газраас гаргана гэлээ. Мөн зээл аваад хувьчлагдсан, дампуурсан, алга болсон, хугацаа хэтрүүлсэн, аж ахуй нэгжүүдийн эздийг хуулийн байгууллагаар шалгуулахаар боллоо.
Монголын Хөрөнгийн бирж СЗХ-ны шалгуурыг хангаагүй байжээ
Монгол Улсад хөрөнгө оруулалтыг дэмжих, шинэ техник технологи нэвтрүүлэх, чанартай үйлдвэрлэл үйлчилгээг үүсгэн хөгжүүлэх бирж алга. Хямд эх үүсвэрийг санхүүгийн дарамтгүйгээр тодорхой хугацаанд бий болгоход чиглэгдсэн үнэт цаасны сонгодог зах зээл ч бий болж чадаагүй байна гэв. Үндэсний аудитын газраас тус байгууллагад хийсэн аудитын шалгалтаар дээрх хариултыг өгсөн юм. Хөрөнгийн зах зээл сэргэх нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа ч бас л болоогүй бололтой.
Учир нь, Монголын Хөрөнгийн Биржээр арилжаалагдаж буй хувьцаат компаниудын зах зээлийн үнэлгээ 2007 онд ДНБ-ий 15.6 хувьтай тэнцэж байгаа боловч санхүү эдийн засгийн хямрал, дотоодын худалдан авагчдын төлбөрийн чадвар буурсан зэргээс шалтгаалан дээрх үзүүлэлт буурч, 2009 оны байдлаар 8.2 хувьтай гарчээ. Хөрөнгийн бирж нь эрсдэлийн сангийн журмыг боловсруулж мөрдөөгүй, компанийн 2009, 2010 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаар эргэлтийн хөрөнгө нь нийт хөрөнгийн 17.3 хувьтай тэнцүү гарч, СЗХ-ноос баталсан шалгуурыг хангаагүй байна. 2009 онд Хөрөнгийн биржийн үнэт цаасны 255 удаагийн арилжаагаар бүртгэлтэй 358 хувьцаат компаниас 131 компанийн 89.9 сая ширхэг хувьцаа, нийт 23.2 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан бол 227 компанийн үнэт цаас зарагдаагүй үлджээ.