Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын наймааны нэмүү өртгийг нуруундаа үүрэхийн гачлан

Байрны үнэ буурах төлөв байна уу гэх хүн хаа сайгүй. Хотод амьдарч байгаа  хүн бүр л ёстой  хананаасаа халуун усаа аваад л дулаанхан орон сууцанд амьдрахыг хүсч байна. Гэвч энэ бол өнөөдрийн Монголд яг үнэндээ биелэхэд хэцүүхэн мөрөөдөл гэхэд буруудахгүй л болов уу. Уг нь сүүлийн жилүүдэд барилгын салбар уналтад ороод байгаа учраас гээд төрөөс дэмжиж, барилгынхан ч бас бараагаа зарахын тулд жаахан уян хатан ханддаг болж.

Орон сууцны үнэ хэд байхыг газрын үнэ л шийддэг

Хэдийгээр “зээл хамрагдах боломжтой”, “4000 айлын орон сууц хөтөлбөр”-т хамрагдах боломжтой гэж сурталчилж байгаа ч тэрхүү зээлийг нь авах боломж тэр бүх хүнд олдохгүй. Шинээр баригдсан орон сууцны үнийг сонирхож байхад хамгийн бага нь Замын-Үд хотод барьж байгаа “Мэргэн Арцат Констракшн”-ы байр.  Ам.метр нь 650 мянган төгрөг гэнэ.



Харин хотод баригдаж байгаа барилгууд бол ихэнх нь ам.доллараар ам. метрийг нь үнэлжээ.  Гэхдээ жирийн хэрэглээнээс хэтэрсэн үнэтэй нь олон. Дунджаар ам.метр нь 750-1200 ам.доллар. Үүнийг нь төгрөгт шилжүүлбэл 1 сая 27500-1 сая 644 мянган төгрөг болно гэсэн үг.
Үүнээс үзвэл байрны үнэ буусан гэж хэлэх арга алга.  Орон сууцны үнэ өндөр байгааг барилгын компаниуд тайлбарлахдаа, нэгдүгээрт газрын үнэ маш өндөр байна. Хоёрдугаарт барилгын материалын үнэ үргэлж өсч байгаа гэдэг.
Гэхдээ хамгийн гол нь газрын үнэ л гэдэг. Бид тэрбум төгрөгөөр алгын чинээ газар авчихаад яаж орон сууцныхаа үнийг буулгах юм гэх барилгын компанийн захиралтай ч таарч байсан билээ.
Саяхан газрын үнэ сонирхож үзлээ. Хотын төвд орон сууц барих зориулалттай  төвийн шугамын дэргэд 400 ам.метр талбайтай газрыг 267 сая 150 мянган төгрөгөөр зарна гэжээ. Гэтэл энэ нь нэг орцтой байр барих уу, үгүй юу л гэмээр жижигхэн газар. Мөн “Аэрофлот”-ын ойролцоох  бас л ийм хэмжээний газрыг нэг сая ам.доллараар ч үнэлсэн зар харагдсан.  Уг нь Монгол Улсын иргэн 0.7 га газрыг өмчилж авах эрхтэй гэж байгаа ч дамлан зарахад тодорхой хэмжээний хязгаар тогтоож өгөх хэрэгтэй баймаарсан.  Өмнө нь орон нутгийн Засаг дарга шууд өөрийн мэдлээр газар эзэмших эрх олгодог байсан бол одоо ямар ч газрыг дуудлага худалдаанд оруулдаг болсон нэг талаар шударга болсон мэт харагдавч түүний араар газрын наймаа өрнөсөөр л байна. Энд тэндгүй л барилга барих тусгай зөвшөөрөлтэй газар зарна гэсэн зар харагдаж байгаа юм.
Хятадын засаг захиргаанаас үл хөдлөх хөрөнгө дамлан наймаалахын эсрэг тэмцэх компани хүртэл байгуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.  Харин манайд эсрэгээрээ газрын наймаа бидний нүдэн дээр өрнөөд бүүр хөгжөөд байхад чихээ бөглөөд нүдээ дараад л сууж байгаа.

Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг
    

Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтоодог.
Хуулийн дагуу нийслэлийн газар нутгийг үнэлгээний таван бүсэд хуваадаг гэнэ. Төвийн зургаан дүүрэг нь гурван бүсэд, алслагдсан гурав нь хоёр бүстэй. Нийслэлийн зургаан дүүрэгт нэг ам.метр газарт 44-440 хүртэл төгрөгийн төлбөр жилд ногдуулдаг. Үнэлгээний нэгдүгээр бүсэд худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглагддаг ам.метр талбай тутамд 440 төгрөг бол гуравдугаар бүсэд үйлдвэрлэлийн зориулалтаар газар ашиглаж байгаа бол 44 төгрөгийн төлбөр ногдуулдаг аж. Харин алслагдсан гурван дүүрэгт бол 8-40 төгрөг хүртэл байдаг гэнэ.



 Ёстой хачин тоо сонсогдож байгаа биз. Энэ бол мэдээж жилд төлдөг газрын төлбөр. Нийслэлийн төсөвт жилд газрын төлбөр гэж 10 тэрбум төгрөг л орж ирдэг гэнэ. Харин хар зах дээр нь эргэлддэг мөнгө нь үүнийг хэд дахин нугална.
Гэвч газрын тухай хуулийн 5.2-т Бэлчээр нийтийн эдэлбэрийн ба тусгай хэрэгцээнийхээс бусад газрын зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэж заачихсан болохоор Хот хэчнээн төлөвлөөд байна гэдэг ч хотын төвийн газрыг бие биедээ наймаалах нөхөд байсаар л байгаа билээ. Үүнийгээ эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэж тайлбарлана. Учир нь Монголд ам.метр талбайн үнэ тэд байна гэсэн хууль дүрэм журам байдаггүй.  Хэрвээ иргэн хуулийн дагуу өмчлөөд авсан 0.7 га газар нь л бол хүссэн үнээ хэлээд барилгын компанийг шантаажлах бүрэн боломжтой болчихсон. Тухайн иргэний өмч учраас хотын захиргаанаас үүнд ямар ч арга хэмжээ авч чадахгүй.
Москвад тэгвэл одоогоор ам. метр талбайг 135 мянган рублиэр буюу 5 сая193 мянган төгрөгөөр дунджаар үнэлж байгаа юм.  Хэрвээ Москвагийн захиргаанаас зарласан тендерт ялбал ам.метр нь 60 мянган рубль буюу 2 сая 628 мянган төгрөг байдаг. Гэвч энэ нь орон сууцны үнэд асар ихээр нөлөөлж байна гэж Оросын Засгийн газраас үзэж байгаа юм байна. Тиймээс ч хотынхоо нөөцөөс орон сууц худалдаж авч барилгын компаниудаа дэмжих болж.
Харин манай барилгын компаниуд өнөөдөр газрын үнэ, барилгын материалынхаа үнэд даруулаад өндөр өртгөөр босгосон орон сууцнуудаа зарж чадахгүй зарим нь дампуурлаа зарлаж эхлээд байгаа нь нууц биш. Харин тэр бүх нэмүү өртөг шингэсэн зүйл нь эргээд татвар төлөгч иргэдийнхээ нуруун дээр наалдчихдаг. Хэрвээ хуульд зааснаараа Засгийн газар газраа улсын өмч гэх эрхтэй, хотын захиргаа нь “хот төлөвлөлтөд байна шүү энэ бол улсын газар” хэмээн захиран зарцуулах эрхтэй бол нэмүү өртөг шингээгүй орон сууц авах боломж бидэнд харагдаад л байна.

Нийслэл гэж төлөвлөлтгүй баахан ТҮЦ л боллоо

Энэ талаар Монголын барилгын үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Д.Цэндээс тодруулсан юм.

-Өнгөрсөн жилээс эхлээд танайхаас орон сууцны үнийг буулгах талаар шат дараалсан арга хэмжээ авна гэж байсан ч одоогоор үнэд нь өөрчлөлт орсон зүйл ажиглагдахгүй л байна даа?
-Барилгын салбар сэргэх үйл ажиллагаа үнэндээ ажиглагдахгүй байна л даа. Энэ жилийн хувьд үйлдвэрлэл бараг явагдсангүй. Иргэд нь үнэ нь бууна гэсэн итгэлээр хоёр жил байр худалдан авалгүй харзнасан нь илт ажиглагдсан.  Гэвч 2007 онд барилгын материалын болоод газрын үнэ өндөр байхад барьсан орон сууц маш их байгаа учраас алдагдал хүлээхгүйн тулд олонх компани хөрөнгөө үхмэл байдалд түгжлээ. Энэ жилээс эрэлт жаахан нэмэгдэх төлөвтэй. Анхан шатны үнэд нь хяналт тавьж чадаагүй учраас  үнээ буулга гэж барилгын компаниудад тулгах арга байхгүй.
-Эрэлт нэмэгдэхээр л үнээ нэмчихдэг нь манай бизнесийнхний муу зан нь болчихсон. Одоо ч тиймэрхүү л байдалтай байна?
- Байр худалдаж авах эрэлт нэмэгдэхээр үнээ өсгөх нь тодорхой болчихлоо. Тиймээс л төр засаг бодитой, бодлогын , урт хугацааны арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна даа.
-Орон сууцны үнэ өндөр байгааг барилгынхан газрын наймаатай шууд холбоотой гэх нь их байдаг?
-Уг нь газрыг үнэлж бие биедээ худалдахыг хуулиар хориглодог биз дээ.  Гэтэл газрын эзэн барилга барих гэж байгаа бол нэг давхрыг нь би бүхэлд нь авна гэдэг. Үүнээс нь болж нийслэл хот маань төлөвлөлтгүй баахан ТҮЦ-тэй л болчихоод байна. Газрын үнэ ямар байгааг барилгынхан тэр бүр хэлээд байдаггүй л дээ. Өнөө л газрын наймаатай холбоотой учраас тэр.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан