Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жинийн коэффициент өсч баян хоосны ялгаа нэмэгдсэнийг илтгэв

Монголын эдийн засаг гэрлийн хурдаар өсч буй. Тухайлбал 2010 онд арав орчим хувиар өссөн. Харин өнгөрсөн жил 17.3 хувиар өссөн нь манай түүхэнд байгаагүй үзүүлэлт юм. Энэ жил ч бас өсөлтийн хурдаа хадгална гэж тооцож байгаа. Мөн өнгөрсөн жилийн байдлаар нэг хүнд ногдох ДНБ 3000 мянган ам.долларт хүрчээ. Ойрын гурав, дөрвөн жилд 10 мянган ам.доллар давах тооцоог эдийн засагчид хийж байна.



Эдийн засаг ингэж өсч байгаа нь ашигт малтмалын экспорт нэмэгдсэн, уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгө оруулалт жил бүр нэмэгдэж буйтай холбоотой. Уг нь улсын эдийн засаг өсөхийн хэрээр иргэдийн амьдрал сайжирч ядуурал буурах зүй тогтолтой байдаг. Гэвч эдийн засгийн энэ өсөлтийн үр шимийг нь иргэд хүртэж чадахгүй байгаа билээ. 
Иймд ядуурал, баян хоосны ялгаа илт нэмэгдэх болсныг эдийн засагчид анхааруулах болов. Хоёр жилийн өмнө ядуурал хүн амын 36 хувьтай байсан судалгаа бий. Харин Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн онд гаргасан судалгаагаар 39.2 хувьд хүрсэн байна. Дэлхийн банкны тооцоогоор Монгол Улсад ядуурал 15 хувьтай гэжээ. Улсын эдийн засаг нь өсч байгаа ч ядуурал буурахгүй, харин ч нэмэгдэх үзэгдэлийг баялгийн тэгш бус хувиарлалтын шинж тэмдэг гэдэг. Италийн эрдэмтэн Коррадо Жини 20 дугаар зууны эхэнд аливаа улс орны баялгийн хувиарлалт баян ядуугийн ялгааг тооцдог коэффициент  гаргажээ. Үүнийг эдүгээ дэлхий нийтэд Жини коэффициент хэмээн нэрлэдэг болсон.  Уг үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн 134 орны 97 бичигдсэн байна.  Монголын эдийн засгийн форумын энэ жилийн хурал дээр манай улс 2009 онд Жинийн коэффициент 0.31 хувь байв. Гэвч дараа жил 0.33 хувь болж өсчээ. Энэ нь орлогын тэгш бус байдал, баян хоосны ялгаа нэмэгдэх чиглэлтэй байгааг илэрхийлж буй аж. Дээрх жагсаалтыг Намиби улс тэргүүлэв. Өөрөөр хэлбэл тус улсад баян хоосны ялгаа их, баялгийн хувиарлалт “шог” байдаг гэсэн үг юм. Жини коэффициент хамгийн орноор Швед, Норвег, Дани, Словени зэрэг улс тодорлоо. Иймд эдгээр оронд баян хоосны ялгаа төдийлөн их биш ажээ.  Ядуурлын үндсэн шалтгаан нь төр засгийн бодлогын алдаа, эдийн засгийн тогтворгүй байдал, хувь хүнээс хамаардаг гэж судлаачид үздэг. Тэгэхээр иргэдэд бэлэн мөнгө тараах нь баялгийн тийм ч оновчтой хувиарлалт биш.

Улс төрчдийн шоу гэдгийг өнөөдөр иргэд ойлгож, алдааг нь амсч байгаа. Эдийн засагчид ч улс төрийн намууд болон нэр дэвшигчид сонгуулиар бэлэн мөнгө амлахаас татгалзах ёстой хэмээж буй билээ. Бэлэн мөнгө тараасны улмаас улсын төсөв улам данхайж гүйлгээн дэх мөнгөний урсгалыг нэмэгдүүлсэн. Энэ нь эрэлт нэмэгдүүлж инфляц хөөргөж байна гэдгийг төв банкнаас анхааруулсаар ирлээ. 
Дэлхийн эдийн засгийн хямрал 2008 оноос эхэлсэн. Үүнээс өмнө манай эдийн засгийн өсөлт жилийн 5-6 орчим хувьтай байж. Тэр үед ядуурал 14 орчим хувиар буурсан судалгаа байдаг. Үүний шалтгаан нь эдийн засаг тогтвортой, инфляц бага байсныг Дэлхийн банкны судалгаанаас харж болно. Нөгөө талаар тогтвортой ажлын байр, өндөр цалин ядуурлыг бууруулах нэг арга. Манай улсын хувьд ажилгүйдэл хамгийн их байдаг улирал нь өвөл. Учир нь эдийн засгийн идэвхижил урин дулаан цагт хамгийн их байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуй,  дэд бүтэц, барилга бүтээн байгуулалт, уул уурхай гээд эдийн засгийн бүхий л салбарын оргил ажлын үе юм. Иймд тогторвортой байнгийн ажлын байр, орлогын тэгш хувиарлалтыг дэмжих бодлого төр засаг хэрэгжүүлж байж эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртэж хөгжилд хүрдэг жамтай ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан