Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун төгөлдөр хуур, Мерседес машинууд зэрэг тансаг бараа бүтээгдэхүүнийг хэдэн арваар нь худалдан авахад сая сая доллар зарцуулсан тухай НҮБ-ын тайлан гарчээ.
Умард Солонгосын хүн амын дийлэнх нь өлсгөлөнд нэрвэгдэж, хүнсний
хомсдолд ороод байхад “улсын нөөц баялгийн тодорхой хэсгийг тансаг бараа
бүтээгдэхүүн худалдан авах, импортлоход зориулж байна” гэсэн 372
хуудастай тайланд дурдсан аж.
Тус улсын тансаг бараа бүтээгдэхүүнд
ззориулсан мөнгөний хэмжээ 2012 онд нэг жилийн өмнөх 300 сая доллароос
хоёр дахин өсч 646 сая доллар болсон байна. Тус улсын удирдагч асан Ким Чен Ирийг нас барсны дараа хүү Ким Чен Ун нь 2012 онд эцгийнхээ халааг
залгамжлан, төр барих болсон билээ.
Ким Чен Ун нь өөрийн хэрэгцээнд
арваад тансаг машин, өндөр чанарын төгөлдөр хууртайгаас гадна дотны анд
нөхөд, удирдах албаны туслахуудаа авчирдаг хувийн театртай гэнэ.
Энэ
нь НҮБ-аас 2007 онд тус улсад авсан “тансаг хэрэглээний бараа
бүтээгдэхүүний худалдан авалтыг хориглох” тухай хориг арга хэмжээг
зөрчсөн хэрэг аж.
Эдгээр бараа бүтээгдэхүүнийг тус улсад хэрхэн импортолсон талаар тайланд дурдаагүй байлаа.
Ким Чен Ун амьдралын тансаг хэв маягаа хадгалахын тулд Африкаас зааны ясыг
Хятад руу зөөн, лалын шашинт орнуудад согтууруулах ундаа нийлүүлдэг гэж
Умард Солонгосоос дүрвэсэн албаны хүн мэдэгдсэн байна.
Гэмт хэрэгт
холбогдож болох үйл ажиллагаагаар бүрдүүлсэн мөнгөний хэмжээ 2008 онд
500 сая доллар хүрсэн нь тус улсын жилийн экспортын гуравны нэгтэй
тэнцэж байсан гэж НҮБ үзжээ.
Тайланг Умард Солонгосоос дүрвэсэн, 80 гаруй хохирогч, гэрчийн жил тойрон өгсөн мэдээлэлд үндэслэн гаргасан байна.