Жар гаруй жилийн тэртээ салж хагацсанаас хойш ганц ч удаа нүүр учирч байгаагүй аав охин, ах дүүс, нэгэн гэр бүлийнхнийг уулзуулсан Хойд, Өмнөд Солонгосын уулзалт нулимстайгаар эхэлж, нулимстайгаар өндөрлөлөө. Хагас зууны турш хоорондоо сураг чимээгүй явсан гэр бүлийнхэнд ердөө гурав хоногийн хугацаатай хамтдаа байх боломж олгосон энэ ховорхон уулзалтад хоёр талаас нийлээд 700 гаруй ахмад настан иржээ. Дайны хүнд жилүүдэд төөрч сайн муугаа ялгаж чадахгүй төөрөлдөж явахдаа гэр бүлийнхнээсээ хилийн шугамаар тусгаарлагдаж, насан туршдаа хол байх юм чинээ санаагүй эцэг үр хоёр, хамгийн сүүлд салахад сургуульд ч ороогүй байсан дүү нь өөртэй нь ижилхэн өвгөн болчихсныг хараад гайхаж суух ах дүү хоёр, хамтдаа өтөлсөн бол хэчнээн сайхан хэмээн уйлж суух 80, 90 гарсан эгч дүүс энд цугларчээ.
Хүн нэг бүрийн түүхийг сонсвол сэтгэл шимшрүүлэх энэ уулзалтад оролцож, яс махны тасархай болсон гэр бүлийнхэнтэй ганц ч болов уулзъя гэсэн хэдэн арван мянган хүн байдаг. Өмнөд Солонгосын талаас гэхэд энэ уулзалтад хамруулаад өгөөч гэж хүссэн 130 мянган хүн өргөдөл гаргасан байдаг. Гэвч нас дээр гарсан тэдгээр хөгшид өдөр өдрөөр цөөрсөөр одоо 70 мянга нь л амьд сэрүүн үлдэж. Хоёр улсын харилцаа үе үе ширүүсдэг Хойд, Өмнөдийн хувьд хэзээ үүн шиг уулзалт хийх нь тодорхойгүй байдаг учраас тэр олон мянган хүний элгийг дэвтээж амжих нь юу л бол. Өмнөдийн хувьд гэр бүлтэйгээ уулзах гэсэн ахмадуудын нэрийг лотто маягаар сугалж тодруулдаг бол Хойд Солонгосын талын эрх баригчид нь хэнийг оролцуулахаа шийддэг. Олон шат дамжлагатай энэ ажлын эцэст ердөө азтай хэдэн зуун хүн л уулзалтад оролцож чаддаг юм.
Өмнөд Солонгосын зүгээс энэ явдлыг хүмүүнлэгийн үйл хэрэг гэж үзэж, уулзалтыг аль болох олон зохион байгуулахыг хүсдэг ч Хойд Солонгосын хувьд энэ бол улс төрийн асуудал учраас тийм ч амар шийдэгддэггүй. Тийм ч учраас 2010 онд хоёр улсын харилцаа ширүүссэнээс хойш сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ийм уулзалт хийгээгүй юм.
Ийм сайхан өдөр уйлаад юу хийх вэ хэмээн охиноо тайвшруулах 87 настай эцэг Намгюн Рёл
Тэрээр Хойд Солонгост амьдардаг бол охин нь Өмнөд Солонгост аж төрдөг аж.
90 шахсан эцэг нь 70 хүрч яваа охиндоо "Эрүүл л байгаарай. Эрүүл байвал дахиад уулзана шүү дээ" гэж захижээ.
Ах дүү хоёр
Өмнөд Солонгост амьдардаг 87 настай Ли Ён Ил Хойдод амьдардаг 84 настай дүүтэйгээ
85 настай Ли О Хван Хойд Солонгост үлдсэн гэр бүлийнхэнтэйгээ
91 настай Ким Сун Кум Хойд Солонгост үлдсэн ах дүүстэйгээ уулзахаар иржээ.
88 настай Өмнөд Солонгосын Ли Сон Хён Хойд Солонгост үлдсэн 74 настай дүүтэйгээ уулзаж байгаа нь
Ах дүүс
Уулзалтад оролцогсдын цуваа Хойд Солонгосыг зорьж байгаа нь
Настнуудыг сэтгэл хөдөлгөсөн уулзалтад оролцохоос өмнө биеийг нь үзэж, эрүүл мэндийг нь хянасан байна.