“Хүний хөгжил сан”-гийн нэг сая төгрөгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр олгох шийдвэрийг Засгийн газар гаргаж, үүний дагуу холбогдох байгууллагууд нь тодорхой журам боловсруулан энэ сараас эхлэн олгохоор болсон. Ингэхдээ нэг сая төгрөгийг гурав хуваан 330 мянгаар нь гурван сар олгоно гэж шийдвэрлэсэн юм. Журамд зааснаар дээрх мөнгийг бэлнээр авах хүсэлтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьяа хорооныхоо мэргэжилтэнд өргөдөл, материалаа өгч бүртгүүлэх ёстой аж. Харин 330 мянган төгрөгийн сураг дуулдсаар багагүй хугацаа өнгөрсөн ч мөнгийг нь олгоогүй л байна. Дөрөвдүгээр сарын 20-ны дотор мөнгөө авах нь хэмээн хөөрцөглөх хөгшчүүл дор бүрнээ ихийг төлөвлөж, тооцон хүлээж байгаа нь гарцаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэхэд л өнөө маргаашийнхаа эм тариатай залгах нь хэмээн найдаж суугаа. Иргэд материалаа бүрэн бүрдүүлж өгсөн эсэх болон дээрх мөнгөний сураг ажиг байгаа эсэхийг зарим хорооны халамж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээс тодрууллаа.
Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны хөдөлмөр, нийгмийн ажилтан Ж.Энхцэцэгээс дараахь тодруулгыг авлаа.
-Танай хороонд “Хүний хөгжил сан”-гийн нэг сая төгрөгийг бэлнээр авах боломжтой хэдэн хүн байна вэ?
-720 гаруй ахмад настан, 200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий
.
-Олонхи нь материалаа бүрдүүлээд өгчихсөн үү?
-70 хувь нь материалаа өгсөн.
-Материалаа өгөөгүй хүмүүс мэдээгүй байж болох юм. Зар тараасан уу?
-Бид хорооныхоо орон сууцны орц, гудамжинд зар тавьж, боломжийнхоо хэмжээнд тараасан. Зарим нь хэвлэл мэдээллээр сонсоод ирж байгаа. Мөнгөө бэлнээр авахгүй, хувьцаа хэлбэрээр авахыг хүссэн хүмүүс ч байна. Тэгэхээр материал бүрдүүлж өгөөгүй хүмүүс мөнгө биш хувьцаа авахаар шийдсэн байж болох юм.
-Мөнгөө сурсан хүмүүс өдөр бүр л хороон дээр ирж, иргэдийн хөлд дарагдаж эхэлсэн гэж сонссон?
-Бид материал хүлээж авахдаа журмаа танилцуулаад, хэзээ мөнгө орохыг нь хэлж өгч байгаа болохоор эргэж ирж хүндрэл учруулаад байгаа юм алга.
-Эхний хэсэг болох 330 мянган төгрөгөө хэзээ авч болох вэ?
-Хорооноос материалаа өгсөн иргэдийн нэрийг сар бүрийн 15-ны дотор Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар руу явуулна. Тэнд нэрс нь шивэгдээд сар бүрийн 20 гэхэд банк руу явах ёстой. Харин банк сар бүрийн 25-30-ны хооронд мөнгийг нь олгох юм. Журманд ингэж тусгасан. Энэ дагуу олгоно байх.
-Өнөөдөр/өчигдөр/ дөрөвдүгээр сарын 26 шүү дээ. Өгөөд эхэлсэн гэсэн үг үү?
-Банк нэрсээ аваад шууд мөнгийг нь олгоно гэж байхгүй л дээ. Тухайн сарынхаа сүүлийн 2-3 хоногт багтаан олгох байх. 29,30,31-нд өгөх болов уу.
-Энэ сардаа багтааж олгохгүй гэх яриа гарсан байна лээ?
-Тэр талаар надад мэдсэн юм алга. Журам дээр юу гэж тусгасан, түүнийхээ дагуу л олгоно шүү дээ.
-Мөнгө олгож эхэлбэл материалаа өгсөн бүх хүн авч болно биз дээ?
-Дөрөвдүгээр сарын 15-ны дотор материалаа өгч, нэр нь шивэгдсэн бол энэ сардаа мөнгөө авна. Харин 15-наас хойш материалаа өгсөн бол тавдугаар сарын сүүлээр мөнгөө авна.
-Нас барсан хүнд ч эл мөнгийг өгнө гээд байгаа. Иргэд материалыг нь бүрдүүлж өгч байна уу?
-2012 онд нас барсан хүний материалыг бүрдүүлж өгөөд ар гэр, үр хүүхэд нь мөнгийг нь авч болно. Гэр бүл, үр хүүхэд нь хоорондоо тохиролцоод нэгнийхээ нэр дээр нотариатаар итгэмжлэл хийлгээд авчирч өгөх ёстой л доо.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухайд?
-Эмнэлгийн акт, эмч нарын комиссын групп тогтоосон шийдвэрийг үндэслэж олгоно.
- Оны сүүлээр тэтгэвэрт гарах хүн энэ журамд хамрагдах боломжтой юу?
-2012 оны зургадугаар 31 -нээс өмнө 55 нас хүрч байгаа эмэгтэй, 60 нас хүрч байгаа эрэгтэй хүнд олгоно. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр тогтоолгоогүй байх нь хамаагүй гэсэн үг.
Бүрдүүлэх материал нь иргэдэд чирэгдэл болохгүй.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Хөдөлмөр, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Жүгдэрнамжилаас цөөн асуултад хариу авлаа.
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн танай хороонд хэр олон байна вэ?
-Манай хороонд 690 ахмад настан байдгаас “Хүний хөгжил сан”-гийн мөнгө авахаар одоогоор 650 хүн материалаа өгөөд байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй 250 гаруй хүн байдгийн 230 нь материалаа өгсөн.
-Авсан материалаа цаг тухайд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хүргэж чадаж байгаа юу?
-Өдөр, өдөрт нь дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст авсан материалаа аваачиж, компьютерт оруулаад төв рүүгээ явуулж байгаа. Хороон дээр ямар нэг байдлаар материал саатах асуудал байхгүй.
-Мөнгө нь хэзээ олгогдох талаар танд дуулж мэдсэн юу байна вэ?
-Сарын сүүлээр олгох ёстой. Мөнгө нь бэлэн эсэхийг би яаж мэдэх вэ дээ. Өчигдөр телевизийн мэдээ үзэж байхад энэ сардаа амжихгүй, тавдугаар сард олгох нь гэх мэдээ гарч байсан. Үнэн эсэхийг мэдэхгүй юм.
-Материал бүрдүүлж өгөх нь иргэдэд чирэгдэл учруулж байна гэх гомдол гарах юм уу?
-Үгүй ээ. Тийм гомдол гараагүй. Бичиг цаас, явдал чирэгдэл болох юм байхгүй л дээ. Иргэний үнэмлэхээ хувилсан бол хороон дээр ирээд өргөдлийн маягт бөглөөд л болоо шүү дээ. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бол эмнэлгийн акт, дүгнэлт нь өөрсдөд нь бэлэн байдаг юм.