Ус амьдралын эхлэл гэдэг. Иймд астрономичид судалж буй гариг эрхсээсээ юуны түрүүнд ус хайдаг. Гэхдээ энэ удаад сансар судлалын талаар бус говийн усны хүрэлцээ, түүний үнэ цэнийн тухай өгүүлэх гэсэн юм.
Монгол орон эрс тэс уур амьсгалтай, усны нөөц бага, хуурайшилт ихтэй бүс нутагт оршдог. Тухайлбал усны нийт нөөц 609.5 шоо км гэдэг. Нийт нөөцийн 98 хувь нь гадаргын, үлдсэн нь гүний ус. Олон жилийн дунджаас үзвэл жилд 230 мм хур тунадас буудаг. Гэтэл усны жилийн дундаж ууршилт 800-900 мм. Өөрөөр хэлбэл нийт хур тунадасны дөнгөж 10 хувь нь усны нөөцийг нөхөн сэлбэдэг судалгаа бий. Гүний усны нийт нөөцийн 60 хувь говь нутагт байдаг. Иймд говийн усыг хэн дуртай нь замбараагүй, хяналтгүй ашиглаж болохгүй нь.
Өнөөдөр өмнийн говьд олон уурхай нээгдэж ус ихээр ашиглах болов. Тэр дундаа зэс алтны арвин нөөцтэй Оюу толгой гэдэг усны мангас гарч ирсэн. Оюу толгойн баяжуулах үйлдвэр өдөрт 100 мянган тонн хүдэр баяжуулна. Цаашид гүний уурхайгаа ашиглаад ирэхээр баяжуулах үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлж, өдөрт 150 мянган тонн хүдэр боловсруулна гэж байгаа. Зэс, алт агуулсан хүдрээ баяжуулахын тулд ус их хэмжээгээр хэрэглэнэ.
Оюу толгой Гүний хоолой хэмээх газарт усны хайгуул хийж нөөц тогтоосон. Одоо эндээс усаа хоолойгоор татан авч ашиглаж буй юм. Гүний хоолойд хийсэн хайгуулаар усны нөөц нь секундэд 1122 литр, хоногт 96 941 шоо метр, жилд 35.4 сая шоо метр ундрагатай байна хэмээн тогтоосон байдаг. Ингээд гурав дөрвөн жилийн өмнө Усны газраас баталсан тооцоогоор Оюу толгойн баяжуулах үйлдвэр, хүн ам, бусад хэрэглээнд секундэд 870 литр, хоногт 75168 шоо метр, жилд 27.4 сая шоо метр ус хэрэглэнэ хэмээн баталжээ. Усны ассоциацын тэргүүн доктор /Ph.d/ Д.Батмөнхийн хийсэн судалгаанд дээрх хэмжээний усыг хэрэглэвэл Гүний хоолойн тогтоогдсон нөөц болох жилд 35.4 сая шоо метр ундрагатай усны 77 хувийг нь ашиглана хэмээн дурьдсан байна. Уг судалгаанд өгүүлснээр Оюу толгой Эрдэнэтээс хоёр дахин бага хэмжээний ус хэрэглэх бөгөөд нэг тонн хүдэр баяжуулахад 1.5 шоо метр ус ашиглана. Иймд өдөрт 150 мянган шоо метр, жилд 54.7 сая шоо метр ус хэрэглэнэ. Тэгэхээр Оюу толгой одоо тогтоосон нөөцөө ашиглаад цаана нь жилд 27.3 сая шоо метр ус хэрэгтэй болно гэсэн тооцоо гарчээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар ордыг 30 жилийн хугацаанд ашиглана. Гэтэл дээрх тооцооноос үзвэл Оюу толгойн үйлдвэр өөрөө цангахаас гадна говь нутгийг усны гачаалд хүргэж цөлжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх юм.
Хэдийгээр ус бага хэрэглэх технологи ашиглаад ч хэрэглээ нь өндөр байх тул усны хомсдолоос бултаж чадахгүй. Өөрөөр хэлбэл “Говийн усны мангас” яах аргагүй мөн гэсэн үг. Алт зэсээс олох орлого улсад хэрэгтэй ч говийн нөхөн төлжихдөө удаан гүний усны нөөцийг аягатай ус адил ховх сорох үйлдвэр өмнийн говьд ажиллаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.
Гүний хоолойн газар доорх нуур малчдын гар худаг нэг хүйстэй
Олон улсын санхүүгийн корпорац, Дэлхийн банкнаас Оюу толгой төслийнхөн санхүүжилт хүссэн. Иймд Оюу толгойн Үйл ажиллагааны менежментийн төлөвлөгөө, Аудитын тайлан өнгөрсөн оны эхээр гарчээ. Үүнд иргэний нийгмийн байгууллагууд нэлээд шүүмжлэлтэй хандсан юм.
Тухайлбал, дээрх тайланд Оюу толгойн ойр орчимд нутагладаг малчин өрхийн худгийн усны төвшин буурсаар атал ямар нэг арга хэмжээ аваагүйг дурьджээ. Малчдын хэрэглэдэг худаг болон Оюу толгойн үйлдвэрлэлд ашиглаж буй Гүний хоолойн усны нөөцийн хооронд гидравлик холбоо байгааг илэрхийлэх хэд хэдэн цооног буйг аудитаар нотолсон байна. Гидравлик холбоо гэдгийг дор жишээгээр тайлбарлая. Хоёр аяганд дүүрэн ус байлаа гэж бодьё. Энэ хоёр хоорондоо гуурсаар холбоотой. Ийм нөхцөлд нэг аягтай уснаас нь соруулж авахад нөгөөх нь дагаад зэрэг дундарна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл нэг хүйстэй гэж ойлгож болно. Гэтэл энэ нөлөөллийг сааруулах төлөвлөгөөндөө тэр хэдэн цооногийг орхихоор тусгажээ. Түүнээс биш малчдын хэрэгцээг хангадаг ширгэсэн, ус нь дундарсан худгуудыг сэргээх талаар огт дурьдаагүй аж. Үүнээс гадна аудитын тайланд усны хэрэглээ, дахин ашиглах талаар мэдээлэл ороогүй байна. Тэгэхээр говь нутагт Оюу толгойн усны хэрэглээ хэрхэн нөлөөлж байгаа, усыг хэмнэлттэй ашиглах үүргээ биелүүлж буй эсэхийг мэдэх нь чухал. Иймд Оюу толгойн усны балансад тогтмол аудит хийж олон нийтэд ил тод мэдээлж байх шаардлага зүй ёсоор урган гарч буй юм. Мөн Усны менежментийн төлөвлөгөөг нь хянаж иргэдэд мэдээлэх хэрэгтэй хэмээн иргэний нийгмийн байгууллагууд үзэж буй.
Ундайн голын гольдролыг судалгаа хийлгүй өөрчилжээ
Оюу толгойн лицензийн талбайд Ундайн гол орсон байдаг. Энэ голыг хархад сайр төдий боловч газар доогуур 10-20 метр шурган урсдаг аж. Хур ихтэй жил голын урсгал ил гарч үерлэдэг хэмээн нутгийнхан ярьдаг юм. Ундайн голын гольдрол ил уурхайн хаяагаар өнгөрнө. Иймд голын ус уурхайн цооногт цутгах магадлал тун өндөр. Ингээд Ундайн голын гольдролыг өөрчлөхөөс өөр аргагүй болсон. Энэ ажил нь төлөвлөгөө ёсоор бол энэ оны гуравдугаар улиралд дуусах ёстой.
Гэтэл өнгөрсөн оны хоёрдугаар улиралд голын гольдролыг газар доогуур хэдэн хоолой татаад өөрчлөв. Тэгэхдээ орон нутгаас зөвшөөрөл авсан эсэх нь эргэлзээтэй юм. Тэр ч бүү хэл тухайн газар орон, байгаль орчин, биологийн төрөл зүйлд учрах нөлөөллийг тооцож судлалгүйгээр голын гольдрол өөрчилжээ хэмээн дээр дурьдсан Үйл ажиллагааны менежментийн төлөвлөгөө, Аудитын тайланд тэмдэглэжээ. Иймд Оюу толгойг аль болох богино хугацаанд ухаж мөнгөө халааслаад талийж өгөх бодол хөрөнгө оруулагчдад байгаа бололтой. Хатуухан хэлэхэд “Та нар баялгаа цөлмүүлж цөлжсөн газар нутагтаа хоцорч үхэх, сэхэхээ өөрсдөө шийд” гэж үг үйлдлээрээ хэлээд байх шиг байна.
Оюу толгойн олсон ус долоон жилийн “настай”
Эрдэмтэн судлаачдын тооцоогоор Оюу толгой усны гачаалд орох нь тодорхой байна. Гэтэл Оюу толгой компанийн удирдлагууд “Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Монголын Усны удирдах газар Гүний Хоолойн усны 20 хувийг 40 жил ашиглах зөвшөөрөл олгосон. “АММИ” компанийн хийсэн дүгнэлтээр секундэд 812 литр ус авбал Гүний хоолойн усыг 25 жил ашиглах нөөцтэй. Гүний усны нөөц ширгээх аюултай тулгарахгүй” гэж мэдээлдэг. Харин мэргэжилтнүүд Гүний хоолойн усны нөөцийг Оюу толгойн хэрэглээтэй жишиж тооцоод долоон жилийн хугацаанд л хүрэлцэнэ гэдэг билээ. Тэгэхээр дахин хэлэхэд байгаа жаахан усыг нь хэрэглээд оруулсан мөнгөө олоод ашгаа хурдхан аваад арилж өгөх сонирхол хөрөнгө оруулагчдад байна гэхэд хилсдэхгүй. Үнэндээ биднийг Оюу толгойн ашиг ч үгүй, орон нутаг маань ус ч үгүй хоцрох гашуун тавилан хүлээж байна уу даа.
Өмнөговьд гадаргын усны нөөц байхгүй. Гүний усаар хэрэглээгээ хангадаг. Тус аймагт байгаа нийт худгийн 70 хувь нь малчдын хэрэгцээг хангадаг 5-15 метр гар худаг юм. Энэ нь байгалийн хураар тэжээгдэж усных нь хэрэгцээг хангадаг аж. Гэтэл сүүлийн 30 гаруй жилд орох хур тундасны хэмжээ буурч цөлжилт нүүрлэж ирэв. Иймд ган, зудын давтамж ойртож салхи, шуургатай өдрийн тоо нэмэгдсээр байгааг цагуурчид анхааруулдаг. Байгалийн энэ давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр худгийн ус дундарч буйг Ханбогдын малчид баталдаг. Дээр нь газрын гүн дэх аягатай устай адил жаахан нуурыг нь Оюу толгой гэдэг том үйлдвэр соруулаад авчихаар байдал улам хүндэрч хуурай худгийн тоо нэмэгдсээр байна. Байгаль эх усгүй бол та нар хатаж хагдарна шүү гэж хэлсээр. Харин бид өнөөдөр хайхрамжгүй явсаар эцэст нь элс самардаж үсээ үгтээгээд ус ус ус... гэсээр хатах вий дээ...