Манай улсын эдийн засаг өсч, өрхийн орлого ч тэр хэрээр нэмэгдэж байгаа хэмээн дээр дооргүй л ярьж байна. Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээгээр хотын нэг өрхийн дундаж орлого 697500 төгрөг хэмээн танилцуулсан. Мөн айл өрхүүд орлогынхоо 2.1 хувийг хадгалдаг болсон хэмээсэн. Гэвч статистик үзүүлэлтээр сайн гарч байгаа ч ядуу өрхийн тоо яагаад буурахгүй байна вэ. Нийслэлд 283.6 мянган өрх ядууд тооцогддог. Арга ч үгүй биз ээ. Ажил хөдөлмөр хийхгүй залхууран бэлэнчлэх сэтгэлгээ суучихсан юм чинь. Эдийн засаг, өрхийн орлого өсч байна гэж зарлах нийслэлд ажилгүйдэл буурахгүй байгаа. Өнөөдөр Нийслэлийн хөдөлмөрийн бирж дээр 19 мянган ажилгүй иргэн бүртгэлтэй. Харин ажилгүйдэл буурахгүй байхад өрхийн орлого нь яагаад огцом нэмэгдсэн нь хачирхалтай. Магадгүй, цалин тэтгэвэр тодорхой хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байж мэднэ. 20-50 мянган төгрөгөөр. Харин хувийн хэвшлийнхэнд энэ цалингийн нэмэгдэл хүртээлгүй.
Эсвэл “Хүний хөгжил сан”-гийн мөнгө нь тухайн өрхийн орлогын тодорхой хэсгийг бүрдүүлэхэд нөлөөлсөн байж болох. Нэг өрх таван гишүүнтэй гэхэд 21 мянгаа нэмэхэд 105 мянган төгрөг болно. Өрхийн орлогод 100 гаруй мянган төгрөг нэмэгдэж байна гэсэн үг. Харин цалин тэтгэврийн нэмэгдэл 20-50 мянган төгрөг тооцож үзье. Тухайн өрхийн хоёр хүн төрийн байгууллагад ажил хийдэг гэвэл цалин дунджаар 50 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж үзвэл өрхийн орлогод нь халамжийн мөнгөтэй адил 100 мянган төгрөг л нэмэгдэж байгаа юм. Ингээд бодоход өрхийн орлого нь хамгийн ихдээ 200 мянган төгрөгөөр нэмэгдсэн байх үндэс бий.
Манайд ядуурал руу хандсан олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа. Одоогоор ядуурлыг бууруулахад чиглэсэн гэх хаяг лоозон зүүсэн төрийн бус 100 гаруй байгууллага байдаг аж. Гэсэн ч төрийн болон төрийн бус байгууллагууд нүдэнд харагдаж гарт баригдахаар олигтой хийсэн ажил даанч алга. Өнөөдөр ядуурлыг бууруулахын тулд хэн юу хийгээд байгаа юм бэ. Төрийн бус байгууллагаас гадна олон улсын зээл тусламжаар ядуурлыг бууруулахад чиглэсэн олон төсөл бий. Хамгийн наад захын жишээ гэвэл яам бүрт ядуурлыг бууруулахад чиглэсэн гэх хөтөлбөр дүүрэн байдаг. Тухайлбал, ХХААХҮЯ-нд гэхэд Хөдөөгийн ядуурлыг бууруулах төсөл, Эмзэг бүлгийн хүн амын хүнсний баталгааг сайжруулах төсөл, Тогтвортой амьжиргаа II төсөл гээд л урсах аж. НХХЯ-нд гэхэд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хүнсний талон олгох төсөл хэрэгжиж байна. Мөн Швейцарын хөгжлийн агентлагтай хамтраад бичил уурхай буюу гар аргаар алт олборлож байгаа хүмүүсийг нийгмийн даатгалд хамруулах төсөл ч бий. Ингээд бодоход ядуурал гэх мангасыг үгүй хийхээр бид дор бүрнээ хичээж байгаа нь илт юм шиг. Харамсалтай нь, хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг ядуурлыг бууруулах гэхээр нэг л юм нь болж өгөхгүй л байна даа.
Алслагдсан болон говийн аймгийн нэмэгдэл олгоно
Дээрх асуудалтай холбогдуулан НХХЯ ядуурлыг бууруулахаар юу хийж байгааг тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ш. Мөнхцэрэнгээс тодруулсан юм.
-Ядуурлыг бууруулахын тулд төр засгийн зүгээс ямар ажил хийж байгаа вэ. Хэр үр өгөөжөө өгч байгаа бол?
-ҮСХ-ноос жил бүр өрхийн орлого зарлагын тоон дээр үндэслэн ядуурлын төвшинг тодорхойлдог. Энэ жил ядуурлын төвшин 29.8 хувь болж буурсан гэж танилцуулсан нь албан ёсны статистик мэдээ. НХХЯ-наас ядуурлын төвшинг бууруулах, хүн амын амьжиргааны төвшинг дээшлүүлэх талаар нэлээд арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2011 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140 мянга 400 болгон нэмэгдүүлсэн. Аж ахуйн нэгж байгууллага хамгийн доод тал нь дээрх хэмжээний мөнгө өгч байгаа ч, уул уурхай, эрчим хүч, авто тээврийн салбарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дээрхээс өндөр хэмжээгээр тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл, 224 мянга гэж тогтоосон. Энэ нь ч хүн амын орлогод нөлөөлж байгаа. Түүнчлэн дундаж цалин ч өссөн. Нийгмийн даатгалын сангаас үзүүлдэг тэтгэврийн хэмжээг ч нэмэгдүүлсэн. Хэрэв УИХ баталж өгвөл алслагдсан болон говийн аймгийн нэмэгдэл олгоно.
-Өрхийн орлогыг цалин, халамжаар нэмэгдүүлж байгаа нь ядуурлыг бууруулахад нөлөөлж байгаа хэрэг үү?
-Ядууралд олон хүчин зүйл нөлөөлдөг. Сүүлийн үед эдийн засаг өсч байна. Гэсэн ч хүн амд тэгш бус хүртэж байгаа талаар маргах болсон. Ер бол статистикаар биш Дэлхийн банкны судалгаагаар ч манай улс дунд орлоготой доод ангилалд шилжсэн. Бага орлоготой орноос. Тэгэхээр манай эдийн засаг өсч байна гэдэг нь нэг хүнд ногдох ДНБ өсч байна гэсэн үг. Цаашлаад хүн амд зохих хэмжээгээр нөлөөлж байгаа хэрэг.
-Манайд ядуурлыг бууруулах гадаад дотоодын маш олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Ер нь нийт хэд байдаг юм бэ?
-Үүнийг Сангийн яамны зээл тусламжийн газар мэднэ. Манайх бол өөрийн салбартай холбоотой л асуудлыг мэдэж байна. Азийн хөгжлийн банк, Швейцарын хөгжлийн агентлаг, “Цэвэр агаар сан”-тай хамтран ажиллаж байна. Мөн Оюу толгой төсөлтэй хамтран мэргэжил үйлдвэрлэлийн сургалтын төвд 3300 залуусыг сургаж байгаа.
-Ядуурлыг бууруулахаар төсөл авч ажиллаж буй төрийн бус байгууллагуудыг хэрхэн хянадаг вэ?
-Төрийн бус байгууллагуудаар захиалж хийлгүүлэх ажлын жагсаалт гэж гаргадаг. Нээлтийг нь зарлаад, оролцъя гэсэн төрийн бус байгууллагыг шалгаруулж авдаг. Бүх төрийн бус байгууллагын мэдээлэл манайд байхгүй.